У.ОРГИЛМАА

ЕРӨНХИЙ САЙД АА!

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ОО! 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА АА! 

Хэрэв иргэн миний бие Монгол Улсын Хөгжлийн банкнаас 43 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхдээ зээлийн гэрээний хоёр заалтыг зөрчөөд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулан санхүүжилтээ өөрийнхөө дансанд шилжүүлчихсэн бол шоронд сууж байх байсан. Мөн биз? Иргэн миний бие, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарт ижил хууль үйлчлэх үү? Үүнд хариулт өгнө үү! 

Олон арван эмэгтэйн эрх чөлөөнд балмад бүдүүлгээр халдаж сэтгэл санааны хохирол учруулж байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ өдрүүдэд амгалан налайж мөргөлөө үйлдэж буй бололтой. Нийгэмд цочрол үүсгэсэн залуу бүсгүйн эр зоригоор түүнд доромжлуулан гутаалгасан охид, эмэгтэйчүүд “Энэ удаад Монголын төр, хууль хяналтын байгууллага Ц.Анандбазартай хариуцлага тооцно” гэж найдсандаа сэтгэл буртаглан тээж явсан эвгүй дурсамжаа дэлгэсэн билээ. 

Гэвч Монголын төр “сонсохыг хүссэнгүй”. Өөрөөр хэлбэл Монголын хууль, хяналтын байгууллага түүнээс охид эмэгтэйчүүдийн нэр хүнд, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж чадахгүйгээ харууллаа. 

Түүнд холбогдох дэндүү олон баримт бүхий хавтаст хэргүүд байсан ч хэрэгсэхгүй болгосоор байдгийн цаад нууцыг Ерөнхий сайд Та ч, би ч мэднэ. Ерөнхий сайд, МАН-ын дарга асан У.Хүрэлсүх түүнийг МАН-аас хөөгөөд Ерөнхийлөгч болов. Гэсэн ч энүүхэнд Ц.Анандбазар “хохирно” гэж үү? Ийм шийтгэлээр юуг шийднэ гэж? Одоо хэр нь хуулийн зарим байгууллага түүнд үйлчилсээр, түүний алдааг баримттайгаар шүүмжилсэн иргэн ч, сэтгүүлч ч Ц.Анандбазараас хүнд нөхцлөөр хавчигдан дарамтлагдаж байна. Харин Ц.Анандбазарыг шалгаж байгаа эсэх нь нууцлагдмал. 

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлыг сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ “Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч ирсэн бүх асуудлын төлөө парламентын гишүүн огцорно гэдэг амаргүй асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ миний хувьд Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотлогдчихоод ороод ирвэл ёс зүйн хувьд хамгийн зөв гэж бодож байна. Хариуцлага тооцох субъектэд нь Ерөнхий сайдын хувьд саналаа хэлсэн” гэсэн байр суурийг   илэрхийллээ. Дараа нь саяхан “Шүгэл үлээгчдийг хамгаална” гэв. Гэсэн ч “шүгэл үлээгчид” хуулийн байгууллагын үүд сахиж, Ц.Анандбазар гишүүний хууль бус үйлдлүүд үргэлжилсээр байна. 

Хуулийн талаасаа төрийн өмчит компаниудад дур зоргоороо авирлан шахаа хийдэг, тендерт ялсны дараа санал болгосон үнээ нэмчихдэг, Дархан цаазат газарт “Аялал жуулчлалын зориулалтаар” газар эзэмших гэрээгээ зөрчөөд хувьдаа ашиг олох зорилгоор хаус барьж зараад байна, газрын төлбөрөө ч төлөхгүй байна, гэрээ байгуулсан хугацаагаа ч сунгаагүй гэхчлэн олон баримтыг дэлгэж байсан боловч Монголын төрд Ц.Анандбазарыг дийлэх хууль, хуульч үгүй бололтой. Одоо би болон Монголын эмэгтэйчүүд УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас айж байна. Тэр хэний ч нэрээр гомдол гаргаж өөрөө нуугдаж хуулийн байгууллагаар дарамтлуулж чаддагийг харлаа. “Шүгэл үлээгчдийг хамгаална” гэсэн Ерөнхий сайд Танд маш ихээр талархсан ч “шүгэл үлээсэн” бүхэн үл үзэгдэх дарамтад тарчилсан хэвээрээ байна. 

Харин одоо ээлжит баримтаа дэлгэе. Эх сурвалж нь Хөгжлийн банкны Зээлийн хяналт шалгалтын тайлан. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Сод монгол групп” ХХК “Тос тосолгооны материалын үйлдвэр” төсөл гэсэн нэртэйгээр, жилийн 6.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар 669.6 сая иенийн дүнтэй хоёр удаагийн хэсэгчилсэн зээлийг авсан. Төслийн нийт өртөг нь 43 сая ам.доллар! Хөгжлийн банкны зээлийн хяналт шалгалтаар зээлийн гэрээний 3.1.4 болон 8.1.1 гэх нийт хоёр заалтын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгджээ. Дээрх заалтад “Зээлийн гэрээний зориулалт: Тос тосолгооны материалын үйлдвэрийн төсөл.

Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж заасан боловч зээлийг зориулалтын дагуу ашигласан гэх хангалттай баримт байхгүй хэмээн тайланд дүгнэсэн байгаа юм. Мөн үүнд “2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн З-СМ-ЗҮ 2017057 тоот гэрээний 5.3-т зээлдэгчийн дансруу шилжүүлэх тухай заалт оруулсан хэрнээ 9.1.2-т бэлтгэн нийлүүлэгч компанид шилжүүлэх тухай  заалт оруулсан байгаа нь зөрчилдөж байна. Зээлийн санхүүжилтийг бэлтгэн нийлүүлэгчийн дансанд шилжүүлээгүй, зээлдэгчийн “Голомт” банкны дансанд шилжүүлсэн” гэж Хөгжлийн банкны зээлийн хяналт шалгалтын тайланд бичсэн байна. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээлдэгчийн төлөөлөлтэй тухай төслийн байршилд очиж уулзах үеэр өгсөн тайлбар нь “2021 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрлэлийг эхлүүлнэ” гэсэн мэдээлэл өгчээ. Өнөөдрийн байдлаар ямар үйлдвэрлэл эхэлчихээд байгаа юм бэ? 

 Ерөнхий сайдаа! Монгол Улсын Ерөнхий Прокуророо! Цагдаагийн Ерөнхий газрын даргааа!

Хэрэв иргэн миний бие Монгол Улсын Хөгжлийн банкнаас 43 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхдээ зээлийн гэрээний хоёр заалтыг зөрчөөд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулан санхүүжилтээ өөрийнхөө дансанд шилжүүлчихсэн бол шоронд сууж байх байсан. Мөн биз? Иргэн миний бие, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарт ижил хууль үйлчлэх үү? Үүнд хариулт өгнө үү!