Японы компани коронавирусний эмэндээ зөвшөөрөл авах хүсэлт гаргахаар төлөвлөж байна
2021/08/07
Японы “Shionogi & Co” эмийн компани коронавирусний дотуур ууж хэрэглэдэг эмэндээ зөвшөөрөл авах хүсэлтээ энэ оны эцсээр гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр халдварыг гэртээ эмчилж, эмнэлгийн ачааллыг хөнгөвчилнө хэмээн найдаж буйгаа компанийн эх сурвалжууд баасан гарагт мэдэгджээ.
Осака хотод төвтэй тус эмийн компани долоодугаар сараас эмнэлзүйн туршилтаа явуулж буй вирусний эсрэг эмээ “COVID-19”-өөр хөнгөн, дунд хэлбэрээр өвчилсөн хүмүүст уулгаснаар биеийн байдлыг нь хүндрэхээс урьдчилан сэргийлнэ хэмээн үзэж байгаа ажээ.
Японы эрүүл мэндийн холбогдох байгууллагууд энэхүү эмэнд зөвшөөрөл олговол энэ нь тус улсад хөнгөн өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны дотуур ууж хэрэглэх эм болно. Тодруулбал, одоогийн байдлаар хөнгөн шинж тэмдэг илэрсэн хүмүүст эмнэлэгт хийлгэх шаардлагатай судсаар тарьдаг эмийг хэрэглэж байгаа юм.
Японд сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болсонтой холбоотойгоор эмнэлгийн орны хүрэлцээ муудаж, гэрээр эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо нэмэгдэх болжээ.
“Shionogi” компани дотуур ууж хэрэглэдэг эмээ хилийн чанадад нийлүүлэх талаар мөн төлөвлөж байгаа бөгөөд АНУ-ын Эмийн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн газартай энэ талаар хэлэлцэж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн тус компани эмээ яаралтай журмаар бүртгүүлэх хүсэлт гаргахаар төлөвлөж байна. Ийм зөвшөөрөл нь аливаа эмийг зах зээлд нийлүүлэхээс өмнө эмнэлзүйн туршилт нь бүрэн дууссан байх шаардлага тавьдаггүй бөгөөд шаардлагатай судалгааг дараа нь явуулахыг зөвшөөрдөг юм.
Цаашид “Shionogi” эмийн туршилтуудаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ энэ оны эцэс гэхэд Япон дахь 1-2 сая өвчтөнд уулгахад хангалттай хүрэлцэх эмийг үйлдвэрлэх зорилт тавиад байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг