Өчигдөр буюу 2021.08.07-ны өдрийн 18:02 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх” дуудлага ирсний дагуу БЗД дэх цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны 2 хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан тул Яаралтай түргэн тусламж /103/ болон БЗД-ын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна.

Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд гадны нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ нас барсан, нэг хүүхэд нь /олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул уг хүүхдийг ГССҮТ хүргүүлэн хохирогчдын хэн болохыг тогтоох, гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэх чиглэлээр ЭЦА, НЦУГ, БЗД цагдаагийн газрын хамтарсан 50 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсгийг байгууллан хэргийн газарт  ажиллаж 3 цагийн дотор хохирогчдын хэн болох, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олж тогтоожээ.

 

Дээрх гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байгаа бөгөөд уг гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.

 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, зан араншин болон сэтгэл зүйн байдлыг тогтмол ажиглаж, хүүхдэдээ анхаарал хандуулж цаг гарган ярилцаж байхыг зөвлөж байна.

  

Хэрэв таны хүүхдийн зан ааш өөрчлөлтөд орсон эсвэл этгээд сонин үйлдэл хийх, сэтгэл зүйн байдал нь тогтворгүй хэвийн бус санагдсан тохиолдолд аливаа гарч болох сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон цагдаагийн байгууллагад хандан зөвлөгөө мэдээлэл аваарай.