Монгол улсын эдийн засаг элгээрээ мөлхсөн тул сэхээхийн тулд 100 хоногийн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээ"-г нэн яаралтай авахаар төлөвлөгөө боловсруулсан.

Энэхүү 100 хоногийн дотор эдийн засгийг аврах тоолуур гүйгээд эхэлсэнээс хойш 8 хоногийг үдэж байгаа билээ. Одоо үлдэж буй 92 хоногтоо "сайтар тунгаан бодож эдийн засгийг амьтай болгож чадахгүй бол энэ шинэчлэлийн Засгийн газар буруу явж буй хэрэг" хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Энэ нь 100 хоногтоо багтаан эдийн засгаа аварч чадахгүй бол шинэчлэлийн засгийн газрыг огцруулна гэдгээ бүлгийн дарга ийн олны нүдэн дээр хатуу хэлж сануулга өгсөн нь энэ.

Сайд дарга нар нь "100" хоногтоо багтааж эдийн засгаа сайжруулж чадна аа бид гэж ам нээх хүн ганц ч алга.  Бүүр энэ Засгийн газарт чинь эдийн засгийг эрчимжүүлэн сэхээх хүн байхгүй бололтой.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан хоёрыгоо эдийн засгийн эргэлтийн шинжтэй реформ хийх чадваргүй гэж хоорондоо ярилцаж, сэхээх хүн олох аянд мордсон байх юм. Эрэл сурал болон хайсны эцэст "Ньюком" группын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг олсон аж.

Ийн салбар хариуцсан хоёр хүнээ тоохгүй 100 хоногийн бодлогоо нэгэн бизнесменээр удирдуулахаар болсон нь тун хачирхалтай.  Гэвч 100 хоногийн дараа ард түмэн хариуцлага ярина гэдгийг нэгэнтээ мэдэж буй 76 яалтай ч билээ. 

"Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл" байгуулаад даргаар нь Б.Бямбасайхныг тавихаар болсон гэв. Ингээд Б.Бямбасайхан гэх залуу шинэчлэлийн Засгийн газрын  хоёр жилийн хугацаанд тарьсан хямралыг 100 хоногт багтаан сэхээж, хөгжүүлэх ажилдаа орсон байна. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар бол "Энэ залууд Эдийн засгийн хөгжлийн сайдын суудлыг амласан" гэх мэдээлэл тархлаа.

Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Н.Батбаяр сайдыг ажилаа хийж чадахгүй байна. Ерөнхий сайдын хамгийн том алдаа бол эдийн засгийн бодлогоо гартаа авч чадахгүй байгаа явдал. Тиймээс би Ерөнхий сайдыг эдийн засгийн бодлогоо гартаа авч удирд" гэсэн утгатай зөвлөлгөөг хүртэл өгөөд авсан.

Ямартай ч ард иргэд элгээрээ газар мөлхөх шахаад буй энэ үед Монгол улсын эдийн засгийг 100 хоногийн эрчимт эмчилгээг Б.Бямбасайхан хэрхэн хийхийг харж л суух үлдлээ. Тэрбээр  АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд суралцаж төгсөөд Америк, Азид 10 гаруй жил ажиллаж амьдраад 2010 онд эх орондоо ирсэн байна.

2004-2010 он хүртэл Азийн хөгжлийн банкинд эрчим хүчний хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллаж, Төв Азийн Казахстан, Пакистан, Узбекистан, Тажикистан зэрэг орны томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд оролцохын зэрэгцээ цэвэр эрчим хүчний талаарх ойлголт, мэдээллийг Азийн орнуудад нэвтрүүлэх хөтөлбөрийг санаачилж байсан аж. Мөн "Next stop” наадмын Оны залуу бизнесмэнээр тодорч байжээ.

Х.Даваа