Ирэх онд банкуудад IPO хийх хууль хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор жижиг банкууд нэгдэж эхэлсэн. IPO хийх хүлээлт нийгэмд өндөр байна.

Түүнчлэн зургаан хувийн хүүтэй зээл олголтын хүрээнд банк болон төрөөс олгож байгаа санхүүжилтын эх үүсвэр хүрэлцэхгүй байгаагаас зээл зогсчихлоо. Хүсэлт, өргөдлийн хариугаа хэдэн сараар хүлээж байна гэсэн гомдол их байна. Мөн банкуудад 10 зээл тутмын дөрөв нь хугацааны хэтрэлттэй эсвэл чанаргүй ангилал руу орсон. Мөн Хөгжлийн банкныг иргэдийн банк болгоно хэмээн Сангийн сайд мэдэгдээд байгаа. 

Мөн зээл хойшлуулалт бүх банкуудад хийгдсэн. Мөн хугацаа хэтэрсэн зээлийг шийдвэрлэх “Активын тухай хууль” хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулиар чанаргүй зээлийг багцалж аваад худалдаж авах эрх зүйн орчинг бүрдүүлэх тухай яригдаж байсан гээд банк тойрсон олон асуудал шийдэл хүлээж буй нэгэн долоо хоног өнгөрөөд байна.

 

Банк тойрсон эдгээр асуудалд МБХ-ны ерөнхийлөгч Л.Амар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

 

Зөвхөн банкны үзүүлэлтээр 11 байр урагшлах боломжтой

 

-Хуулийн хүрээнд  системийн нөлөө бүхий таван банкинд нээлттэй хувьцаат компани болох шаардлага тавигдсан. Сайн дураар IPO хийх боломжийг бусад банкуудад олгоод байгаа.  Монгол банк, СЗХ-нд олон нийтийн банк болох төлөвлөгөөг эхний хагас жилд боловсруулж ирүүлснээр баталж IPO хийх бэлтгэл ажил хангагдсан. Улс төрийн оролцоо их байгаагаас манай банкны салбарын өрсөлдөх чадвар 39 орноос 26-д буюу дунджаас доогуур гэсэн үнэлгээг авсан. Иймээс банкны хувьцаа худалдаж авахаар сонирхож байгаа иргэд, хөрөнгө оруулагчдад зориулж манай банк гадны орны банкуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа,  өрсөлдөх чадварт гадаад , дотоод ямар хүчин зүйл нөлөөлж байгааг судалсан . Ингэхдээ уул уурхайн хамааралтай 22, дундажаас доогуур орлоготой буюу манайхтай ижил түвшний 15, мөн бүс нутгийн таван улсыг сонгож судалсан. Бизнесийн байгуулага болон макро эдийн засаг болон улс төрийн орчинтой холбоотойгоор ийнхүү хойгуур  бичигдсэн байна. Хэрэв зөвхөн банкны нөлөөлөх хүчин зүйлсээр нь харьцуулах юм бол 15-д бичигдэхээр байлаа.

Макро түвшинд манай гадаад өр ихээхэн дарамт учруулж төсвийн орлогын 30-50 хувьтай тэнцэхүйц жилийн төлөлтийг үүсгэж богино хугацаанд барагдуулах боломжгүй учир дахин санхүүжилт хийх нөхцөл үүсгэдэг. Энэ нь макро эдийн засаг буюу иргэдийн халаасыг тэмтэрч, банкны өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг.

Манайх түүхийн эдийн үнээс хамааралтай жижиг эдийн засагтай орон. Тиймээс үнийн өсөлт, уналтын мөчлөгт байнга өртсөөр байдаг. 2-5 жилд үнэ өсдөг эргээд буудаг хэдий ч хамгаалсан бодлого байдаггүйгээс эдийн засаг нь байнга савладаг. Түүнчлэн сонгуулийн мөчлөг даасан бодлогыг  ихээр явуулдаг. Дөрвөн жилийн эхний хоёр жилд нь  сонгуулиа явуулдаг, үлдсэн хоёр жилд төсвийн үрэлгэн бодлого явуулсаар байдаг зэрэг олон асуудал манай банкуудын рейтингэд нөлөөлж байна.    

 

Иргэдийн зээл муудахаар байна

 

-Чанаргүй зээлийг уул уурхайн салбар, боловсруулах аж үйлдвэрийн салбар бүрдүүлж байна. Сүүлийн үеийн чиг хандлагаар иргэдийн зээл муудах нөхцөл үүссэн. Харин аж ахуйн нэгжийн эргэн төлөлт сайжрах дүр зураг харагдаж байгаа. Цар тахлын үед эдийн засгийн идэвхжил буурсантай холбоотойгоор иргэдийн бодит орлого буурсан. Гэхдээ төрөөс авч хэрэгжүүлсэн мөнгөн дэмжлэгээр 13 хувийн нөлөөлөл үзүүлсэн. Харин эдгээр дэмжлэг зогсвол иргэдийн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсэх байдал үүснэ. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар нийт зээлийн багцын долоон хувь нь хугацаа хэтэрсэн, 11 хувь нь чанаргүй, 20-иод хувь нь цар тахлын нөлөөнд автаж 10 зээл тутмын дөрөв нь ямар нэгэн асуудалтай байна.

 

Хөгжлийн банк экзем банк болох чиглэлтэй

 

-Хөгжлийн банкыг экзем банк болгоно гэсэн шийдвэр одоогоор гараагүй. Гэхдээ иргэдийн банк болгох чиглэлийг Засгийн газраас танилцуулсан. Монгол Улс экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулахад санхүүжилтийн механизм дутагдалтай байгаа. Зөвхөн экспортыг дэмждэг арга олон улсад түгээмэл. Мөн элчин сайдын яамдад түшиглэж олон сувгийг бий болгох, тухайн зах зээлд ямар бүтээгдэхүүн борлогдохоор байна судалгааг нь хийдэг зэрэг аргыг бүрдүүлдэг. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат эдийн засгийг солонгоруулах шаардлагатай.

 

Банкинд итгэх итгэл хэвээр

 

-Монголбанк Мөнгөний бодлогыг хүү болон  хадгаламжийн хүү нь нэг оронтой тоонд оруулсан нь  олон жил мөрөөдөж байсан зүйл. Өнөөдөр бодлогын хүү 6.0 хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 12 буюу сарын нэг хувийн түвшинд хүрсэн. Хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэснээр  хүү 4.5 хувиар буураад байна. Хэдийгээр банкны хадгалмжийн хүү хүү буурсан ч иргэд аж ахуйн нэгжийн банкинд итгэх итгэл хэвээр байгаа нь төгрөгийн хадгаламж 36  хувиар өссөнтэй холбоотой. Тиймээс таван банкны эх үүсвэр өсөлттэй гарсан. Үүнд иргэд  долларын хадгаламжаа төгрөг рүү шилжүүлсэнтэй бас холбоотой. 

 

Активын тухай хууль батлагдсанаар банкны эко систем сайжирна

 

-Чанаргүй зээлийн эрх зүйн орчин нэн шаардлагатай байгаа. Уг хууль батлагдсанаар зээлийн хүү буурч, эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чухал  нөлөөтэй. Хууль эрхзүйн буруу тогтолцооноос шалтгаалж чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлэхэд ялангуяа том дүнтэй зээл 4.2 жил, бага дүнтэй иргэдийн  зээл 90 хоногийн хугацаанд шийдвэрлэгдэж гацалт үүсдэг.  Ингэснээр олон жил тус зээлийн араас хөөцөлдөж байна гэдэг нь эргээд зээлээ хэвийн төлөөд явж байгаа иргэдийн зээлд нэмэгдэж тооцогдож байгаа гаж тогтолцоог халах нь тулгамдсан асуудал юм. Тиймээс бусад нөхцлөөр тухайлбал, байгуулага хоорондын зээлийг Арбитраар, иргэдийн зээлийг шүүхийн бус аргаар шийдвэрлэдэг зэрэг шинэ зохицуулалт оруулах ёстой.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин