Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар ажилтнаа хавирган тус газар нь гурван ч удаа цохиж, танхайрчээ. Тэрбээр ТӨХ-нд олон жил ажилласан ажилтнуудаа шалтгаангүйгээр ажлаас нь халж, тушаалыг нь үл зөвшөөрсөн нэгэн ажилтныг Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны төлөө ийнхүү алганы амт үзүүлсэн гэнэ.

АН Засгийн эрхэнд гарч, олон хүн халагдсан бол ардчиллынхныг тойрон хүрээллэгчид дээшилсний нэг нь Д.Цогбаатар. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Сангийн сайдаар ажиллаж байхад нь Сангийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн Н.Алтанхуягийн томилгоогоор Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалд тухлаад буй. Түүнчлэн “Алтан гадас” фракцынх.

Мань хүний гарын чилээг гаргасан хүн бол төрийн албанд 23 жил ажилласан Төрийн өмчийн хорооны төрийн удирдлагын газрын дарга В.Дарханбаатар юм. Товчхондоо, жирийн л нэг төрийн албан хаагч.Хэрэг явдлыг сийрүүлбэл, Засгийн газрын тэргүүн өөрийн хүнээ эхлээд ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр энэ оны хоёрдугаар сарын 5-нд томилсон билээ.Томилогдоод удаагүй байсан шинэхэн дарга Д.Цогтбаатар төрийн өмчийн хорооны төрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан В.Дарханбаатарыг албан тушаал бууруулах шийдвэр гаргасан байдаг. Ингэснээр В.Дарханбаатар тушаал буурч, уул уурхайн төсвийн үйлдвэр хариуцсан мэргэжилтэн болов. Харин мань хүний оронд мөн л Болормаа гэгчийг үүрэг гүйцэтгэгчээр томилох нь тэр. Болормаа нь Д.Цогтбаатарыг хаа явна хамтдаа харайлгаж явдаг нэгэн. Товчхондоо, өөрийн хүндээ нүх гаргахын тулд мөрөөрөө ажлаа хийж явсан нөхрөөр “туг тахив”. Гол нь дээрээс эхлүүлсэн бантан шат шатандаа зуурагдаж, зунгааралдаж яваа нь энэ, Н.Алтанхуяг сайд аа.

Ийнхүү үндэслэлгүйгээр тушаал бууруулсан хэмээн В.Дарханбаатар Төрийн албаны зөвлөлд ханджээ. Учир нь түүнийг “Мэдээлэл тарааж, нууц задруулсан” гэх үндэслэлээр тушаал бууруулах шийдвэр гаргасан аж. В.Дарханбаатарын хэлж байгаагаар ямар мэдээлэл, ямар нууц задруулснаа өөрөө ч мэдэхгүй. Түүнчлэн тушаал гаргахын өмнөх өдөр Д.Цогтбаатар 18.30 цагт В.Дарханбаатарыг дуудаж уулзжээ. Тэгээд “Би чамтай хамтарч ажиллах боломжгүй. Чамайг ажлаас чинь чөлөөлнө” гэсэн аж. Мөн мань хүнээс өө хайж, элдвийн зүйл ярьжээ. Энэ талаар В.Дарханбаатар “Тэр үед надад Эрдэнэт, МонголРосЦветмэнтийн зөвлөлийн даргаар намайг тавих ажлыг чи удаалаа гэсэн. Гэтэл хорооны зөвлөлийн хурлын шийдвэрээр дээрх газруудын зөвлөлийн даргаар ТӨХ-ны орлогч дарга Төмөрбаатар томилогдсон байсан. Миний хувьд энэ бол зөвлөлийн хурлаар шийддэг асуудал. Би мэдэж шийддэг асуудал биш гэдгээ хэлсэн ч хүлээж аваагүй. Мөн компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг надад мэдэгдсэнгүй гэсэн. Энэ бол өмнөх даргын үед ярьж байсан, Д.Цогтбаатар даргыг ирсэн хойно ч манай зөвлөлийнхөн бүгд байж байгаад нэг биш удаа танилцуулж, өөрт нь материалаа өгсөн. Тэгээд энэ нь боловсруулалтын шатанд байхдаа Хар төмөрлөгийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөхтэй холбоотой бага зэрэг асуудал үүссэн байгаа юм. Гэтэл энэ мэдээллийг намайг бусдад дамжуулсан гэсэн. Үнэндээ энэ нь бүх газрын дарга нар гарын үсэг зурчихсан, хурлаар орох гээд бүх материалаа бэлдчихсэн байсан юм. Сайдаас эхлээд Зөвлөлийнхөн маань бүгд гарын үсэг зурсан материал байсан. Би ганцаараа мэдэж байсан юм биш” хэмээн тайлбарлав.

Шалтаг хайсан хүнд юу эсэв. Ингээд В.Дарханбаатар ямар нууц задруулсан болохоо мэдэж авахаар Төрийн албаны зөвлөлд ханджээ. Салбар зөвлөлдөө асуудлаа танилцуулах учиртай ч тухайн үед салбар зөвлөлийн дарга Нанзаддорж, нарийн бичгийн даргаар Дэлгэрмаа нар ажлаас чөлөөлөгдсөн байсан аж. Мөн оронд нь Д.Цогтбаатар даргыг томилсон төрийн албаны зөвлөлийн ямар ч шийдвэр ирээгүй байсан тул эрхзүйн чадамжгүй гэж үзэн Төрийн албан зөвлөлд шууд хандсан байна.

Төрийн албан зөвлөлөөс гомдлын мөрөөр комисс томилж хууль тогтоомжийн хүрээнд шударга ёс тэгш байдлыг зарчмыг баримтлан энэ сарын 10-ны дотор шуурхай шийдвэрлэхийг мэдэгдье гэсэн бичиг ирүүлжээ. Гэтэл нэг өдөр В.Дарханбаатарыг орлогч дарга нь дуудаж, хороон даргын зүгээс өргөдлөө татаж авахыг санал болгосон гэжээ. Ингээд энэ сарын 11-ний өглөө 08.58 цагт Д.Цогтбаатарт тушаалын төсөл танилцуулахаар ортол “Чи яахаараа өргөдөл энэ тэр болдгийн чи яасан дарга болох дуртай юм бэ. Чамайг харна аа” энэ тэр гээд огшоод эхэлсэн аж. Тэгэхээр нь “Би ямар нууц задруулсан юм бэ. Та тэрийгээ тодорхой болгоод өгчих” хэмээн В.Дарханбаатар ч дуугүй байсангүй. Ийнхүү дуу нь өндөрсөж байсан Д.Цогтбаатар В.Дарханбаатарын хавирган тус газар гурван удаа цохиод авах нь тэр. “Та төрийн албан хаагчийн биед хүрлээ шүү” гэхэд “Чи ч ийм хогийн юмаар л оролдоно л доо. Зодсон гэж хэлнэ л дээ” хэмээн дахин цохижээ. Аз болж дэргэдүүр нь өнгөрч явсан мэргэжилтнүүд даргыгаа салгаж авсан байна.

Харин энэ явдлын талаар Д.Цогбаатар “Би ажилтнаа зодоогүй” хэмээн ярьжээ. Мөн зодно гэдэг чинь нүүр ам руу нь цохих, гар хөлийг нь гэмтээхийг хэлэх байх хэмээн Д.Цогтбаатар хээвнэг хэлсэн байх юм. Гэвч даргын балмад үйлдэл камерийн бичлэгт бий бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхэд нотлох баримт болгон өгсөн гэнэ.

“NT” © Д.ДОРЖ