Монгол хэлний тухай хуулийн төслийг өргөн барилаа
2014/05/15
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.05.16/ Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Г.Батхүү, А.Бакей, Н.Энхболд, Л.Гантөмөр нар Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн барилаа.
Манай улсад сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт алдагдсаны улмаас иргэдийн, түүний дотор төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол хэлний мэдлэгийн төвшин ихээхэн доройтсон, монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар муудсан, гадаад нэр томьёог монголчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд орсон, гудамж, зам, талбай, албан байгууллагын нэр, хаягийг гадаад хэлээр бичих болсон, боловсролын зарим байгууллагад монгол хүүхдэд монгол хэлний хичээлийг заахгүй байгаа зэрэг монгол хэлний хэрэглээ, хөгжил, хамгаалалтай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагджээ.
Улсын Их Хурлаас 2003 онд баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр болох талаас нь төдийлөн зохицуулаагүй, монгол хэлний хэрэглээг зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан, Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт зөвхөн нэр томьёотой холбоотой асуудлыг эрхлэхээр заасан, Монгол Улсын хэмжээнд монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүрэг, хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын үүрэг оролцоог тусгаагүй зэрэг олон дутагдал байгаа нь дээр дурдсан бэрхшээлтэй асуудлууд үүсч хуримтлагдах нэгэн шалтгаан болж байна. Энэ байдлыг харгалзан үзэж, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн шинэчилсэн найруулга болох “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулснаа төсөл санаачлагчид дурдлаа.
Энэхүү хуулийн төсөл нь 9 бүлэг, 24 зүйлтэй агаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд албан хэргээ кирил монгол бичгээр хөтлөн явуулахаар тусгажээ.