Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Лхагвасүрэнгийн Тулгабаатар нь 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр зуурдаар хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Л.Тулгабаатар нь 1986 онд Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн. Тэрээр 1993-2003 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль, 2003-2007 онд Монгол Улсын Их Сургуулийг “Нийгэм судлал, улс төр судлаач”, Радио телевизийн дээд сургуулийг “Сэтгүүлч”, 2013-2016 онд Их Засаг Олон Улсын Их Сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр суралцаж төгсөж, 2004-2008 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Үдшийн хэмнэл” студид “Хөтлөгч редактор”, 2005-2008 онд залуусын радио Пормула ФМ 98.1 хөтлөгч, 2012-2016 онд Рояал Эйч Ди телевизэд “Маркетингийн менежер”, “Нэвтрүүлгийн албаны дарга”, “Маркетинг эрхэлсэн захирал”, “Рояал Медиа Групийн захирал, 2016-2018 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах, бие төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан. 2018-2020 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, 2021 оноос Нийслэлийн Шинжлэх, ухаан, үйлдвэрлэл, инновацын газар даргаар томилогдон ажиллаж байсан юм.
Түүний Нийслэл хотын инновацын хөгжил, хэвлэл мэдээллийн салбарт өндөр амжилт гарган, телевиз, радиод ажиллаж байхдаа залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдэнд эерэг хандлагыг төлөвшүүлэх олон контент тухайлбал замын хөдөлгөөний аюулгүй байдал дүрэм, журмыг мөрдөж хөдөлгөөнд оролцох талаарх нэвтрүүлгүүд, хүүхэд залуучууд, нийгмийн тулгамдсан асуудлыг хөндсөн “Маргаашийн нар”, “Хүний мөр”, “Согтуу Монголоос Саруул Монгол” гэх мэт уран бүтээлүүд, залуучуудад зориулсан телевизийн анхны олон ангит “Хөтөч” уран сайхны киног 100 орчим сая төгрөгийн санхүүжилт босгож удирдан хийсэн. Мөн Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагуудад сурталчлан таниулах, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан.
Нийслэл хотын эдийн засгийн бүтцийг сайжруулах, үйлдвэрлэл, инновацыгхөгжүүлэх, шинжлэх ухаан, технологи инновацын шийдлийг ашиглан нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаарх олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тухайлбал:
- Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгааны ажил
- Улаанбаатар инновацын төв болон дэд төвийн инкубаторт бойжиж буй компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернетэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг нэвтрүүлэх аян
- Нийслэлийн үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ
- Нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бараа, ажил, үйлчилгээний төлөвлөлт, явц, гүйцэтгэлтэй холбоотой мэдээ тайлан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах систем
- Эдийн засгийн үр ашигтай, ажлын байр бий болгох, богино хугацаанд өсөн дэвших чадвартай, дэвшилтэт технологи, инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд нийлүүлэхэд менежментийн иж бүрэн дэмжлэг үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, зах зээлд өрсөлдөх чадвартай иргэн, хуулийн этгээдийг бойжуулах “Хурдасгуур” хөтөлбөр зэрэг Төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гарган, хөдөлмөрийн зохион байгуулалтыг боловсронгуй болгож, ажлын шинэ арга барил туршлагыг нэвтрүүлсэн.
Талийгаачийн мэдлэг чадвар, оюун ухаанаа ажилдаа чин сэтгэлээсээ зориулдаг, шударга, зарчимч, хүнлэг, энэрэнгүй, хичээнгүй, нөхөрсөг зан чанар, даруухан дүр төрх нь Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын албан хаагчдын сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.