Өнгөрсөн хоногт ЕБС-ийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан коронавирусийн халдвар авсан нь батлагджээ
2021/10/14
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж сургууль, цэцэрлэгт халдварын нөхцөл байдал ямар байгаа тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид сургууль бүр дээр томилогдсон тандалтын багийнхантай хамтран ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар нэг цэцэрлэг, нэг Ерөнхий боловсролын сургууль халдварын улмаас бүрэн цахимд шилжээд буй. Мөн хагас цахимд шилсэн нэг цэцэрлэг, нэг Ерөнхий боловсролын сургууль байгаа.
Сүүлийн 24 цагийн байдлаар цэцэрлэгүүдээс 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан халдвар авсан нь батлагджээ. Харин ЕБС-ийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтанд коронавирусийн халдвар аваад байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн “Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээнд бид вирусийн эсрэг эмийн нөөц, хангамжийн талаар судалгаа гарган ажиллаж буй.
Өнөөдрийн байдлаар Ремдисивер, Увипиновер, Павипировер эмийн нөөцийн хангалтыг тооцож, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллаж байгаа.
Мөн нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 эмийн сан уртасгасан цагаар ажиллаж байгаа бол 24 цагийн үйлчилгээтэй есөн эмийн сан үйл ажиллагаа явуулж байна” гэв.