-Ц.МӨНХБАЯРТАЙ ШОРОНД, ТОРНЫ ХОЁР TAЛAAC ЯРИЛЦЛАА-

Усгүй болох гэж байж, алтаар яах юм!
Улсгүй болох гэж байж, амиар яах юм!
(Ц.Мөнхбаярын хаалттай шүүх хурал дээр хэлсэн үг)


-Сайн байна уу, дүү минь! (Торны, дөнгөж хацар багтах нүхээр үнсэхчээн боллоо)

-Монгол хүний амны бэлгээр сайн гэх үү дээ. Шоронд хүн сайн байна гэхэд хэцүү шүү дээ.

-Бие нь яаж байна?

-Бие гайгүй дээ. Жаахан турсан байгаа биз дээ. Орь дуу тавьсан өвчин байхгүй. Гэхдээ шорон чинь хүнийг цаагуураа л сульдуулчихдаг юм байна.

-Хоол нойрондоо хэр зэрэг байна?

-Хоол яах вэ, дотор махныхаа хоолны нормыг идчихээд л байгаа. Нойронд тааруу, хилс хэрэгт тарчилж байгаадаа үргэлж бухимдалтай байх болохоор, тийм сайхан унтаж амарч чадахгүй л дээ.

-Хилс хэрэгт гэснээс, та нарыг чинь хаалттай шүүх хурлаар тасалж, 22 жилийн ял оноосныг хэвлэл мэдээлэл, ам дамжсан ярианаас мэдэж байгаа. Ер нь юу болсон юм бэ?

-Эрх баригчдын даалгавраар цагдаа, тагнуулынхны найруулсан том жүжиг л дээ. Бид бол эх орноо хайрлах, газар шороогоо хамгаалах, түүний гол баримт бичиг болох "Урт нэртэй хууль"-ийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн. Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна гээд Улсын дээд шүүх шийдвэрээ гаргачихсан нөхцөлд бид олон cap жилээр тэмцсэн.

Гэтэл, Засгийн газар нь шүүхийн шийдвэрийг ч, бидний тэмцлийг ч тоож үзээгүй газар шороогоо харийнханд худалдсан, гол усаа бузарлуулсан хэвээр байлаа. Манай хөдөлгөөнүүд арга тасрахдаа "Дохио өгье", "Сүрдүүлж үзье", "Та нар эх орноо худалдвал ийм тэмцэлд хүрч болзошгүй шүү" гэдгийг үзүүлэх зорилгоор буу зэвсэг аваачиж тавьсан нь үнэн.

-Та нарыг чинь, ордны цэцэрлэгт буудаж түйвээсэн бололтой сурталчилгаа явж "зандалчлах" билүү, миний л хувьд амьдралдаа дуулж сонсоогүй зүйл ангиудаар шийтгэчих шиг болсон. Тэгээд би хаалттай шүүх хурлын дараа "Сүрдүүлэг" гэсэн материал хэвлүүлсэн. Түүндээ "Д.Сүхбаатарын талбайг хүний цусаар угаасан нь зүгээр л явж байдаг, тэнгэр рүү буудсан нь шоронд хатаж байдаг!!! гээд бичсэн. Тэр сониноо чамд явуулсан, авсан биз дээ?

-Тэр сонин чинь надад ирээгүй. Үнэн юмыг бол зам зуураас нь хураагаад авчихна шүү дээ. Одоо болтол үзээгүй л байна. Буудахын хувьд бол би буун дуу дуугаргаагүй юм. Биднийг "буудсан", "бөмбөг, тэсэрч дэлбэрэх зүйл нууцаар тавьсан", "Террорист үйл ажиллагаа явуулсан"... гэхчлэн бүгд цагдаа, тусгайгийнхны найруулсан инээдтэй жүжгээр ялласан.

Худлаа юмыг бид хүлээгээгүй л дээ. Тулгаад тасалчихаж байгаа юм. Тийм худал, гүтгэлгийн шүүх хурал хийхийн тулд, урьдчилан хорих төвд, хаалттай хийж байгаа юм. Би бодож байсан л даа. "Цагдаа, тагнуулынхан бол эрх баригч улс төрийн хүчний даалгаврыг л биелүүлж байгаа. Харин шүүх, прокурор чин үнэн зөвөөр шийдэх байх" гэж найдаж байсан. Гэтэл тэгдэггүй юм байна.

Өөрсдийнхөө, их мөнгө цалин амлачихсан шүүгч, прокуроруудаар шийдүүлчихдэг юм байна. Бид, Улсын дээд шүүх буюу Хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргах гэж байна. Засгийн газрыг буруутай хэмээн шийдвэр гаргаж байсан Дээд шүүх, шийдвэрийг нь биелүүлэхийн төлөө тэмцэж байсан биднийг суллачих байх гэж найдаж байгаа.

-Та нарыг барьж хорьчихоод, олон түмнийг хоёр кг махны үнээр хуурч, улс орноо өрний яндан цагаан морь шиг болгочихоод дээгүүрээ ч ханаж цадвал цадахаар л болж байх шиг байна. Зарим нь түрүү талаасаа оргож гарцгааж байна гэх юм. Та нар ер нь мэдээллээс хэр зэрэг хол байдаг юм. Шоронд чинь телевиз байна уу, сонин хэвлэл очдог уу?.

-Мэдээллээс хамгийн хол хүмүүс бид л байдаг. Телевиз бол байхгүй. Хааяа үзэх тохиолдол гарвал шүүмжлэлтэй зүйл, үнэнд ойр дөт зүйлийг бол үзүүлэхгүй л дээ. Төр засаг нь ард түмнээ жаргааж байна гэсэн зүйлийг бол үзүүлэх л байх. Шоронд сонин хэвлэл бараг очихгүй дээ. Урьдчилан хорих төвд хоригдож байхдаа би хэдэн сонин захиалж уншдаг байсан.

Манайхан намайг шоронд анх удаа хэвлэл захиалсан хүн гэж цаашлуулдаг байлаа. Дамжингаас хаа нэгтээ газар ачигдаж очих болно. Тэндээ бол, үнэнийг бичдэг хэвлэл сонинуудаа захиална аа. Сүүлийн үед мэдээллээс нэлээн холдоод байна. Та зарим зүйлийг сонирхуулахгүй юу?

-Хамгийн сүүлийн сониноос гэвэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Л.Гансүх, хууль хяналтын байгууллагад шалгагдах болохоороо оргоод гарчихлаа гэнэ. Хүмүүсийн цуу яриагаар бол, дээрээс зориуд зохион байгуулалттай оргуулсан л гэх юм. Их хэмжээний мөнгө ч авч гарсан бололтой. Энэ чинь нөгөөх, хамтарсан Засгийн газрын үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа цулайтал баяжчихсан залуу шүү дээ. Оюутолгойн гэрээг улс орон ард түмэндээ ашиггүй, зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг бодож алдаатай хийсэн гэгддэг гурван сайдын нэг нь. Түрүү Д.Зоригт сайд нь гадаадад гараад сураг тасарсан. Одоо Л.Гансүх нь оргоод явчихлаа. Ганцхан С.Баярцогт нь үлдээд байгаа. Жаахан эвгүй "үнэр" авбал гадагшаа гарахад бэлэн байцгааж байгаа юм биш үү? "Мартсанаас мал мэнд үү?" гэгчээр, чамайг таслагдах үед хэд хэдэн хүн сүрдүүлж дарамталж их мөнгө авсан гэж хуулийнханд мэдүүлээд байсан. Тэр юу болсон бэ?

-Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна. Шалгуулж, зөрчилтэй гараад арга хэмжээ авагдах гэж, бидний өмнө гуйж царай алдаж байсан хүмүүс гүтгэж эхэлсэн шүү дээ. Түүнийг нь цагдаа, хуулийнхан өлгөж аваад сүр бадруулж байгаа нь тэр.

Бидэнд, дарамтлаад авчихсан зүйл байхгүй. Тэр гүтгэгчид "хушуугаа худалдагчид", надтай улаан нүүрээрээ уулзах цаг бий байх. Цагдаа хуулийнхан дунд шударга сайн хуудьчид олон байна аа. Тэр хүмүүсийн гүтгэлгийг үнэнээр нь тогтоосон.

-Эргэлт хэр зэрэг ирэх юм дээ?

-Ирнээ ирнэ. Урьдчилан хорих төвд бол хэцүү л дээ. Хүмүүсийг бараг оруулахгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга мэтийн цөөн хэдэн хүн уулзсан. Үнэн сэтгэлээсээ ярилцсанд баярлаж байгаа. "Дамжинд" ирсээр л хүмүүстэй нэлээн уулзаж байна.

Гэр бүлийнхнээс гадна ойр дотно нөхөд, иргэний хөдөлгөөнийхөн ирж байна. Овоо мэдээлэл авч байна. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах гэж байгаа тухай хальтхан сонслоо. Энэ талаар та л нэлээн мэдээлэлтэй байгаа даа?

-Миний хувьд хэвлэлийн мэдээнээс хэтрэхгүй байна. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэсэн санал тавьж, Монгол Ардын Намынхныг уриалж байна билээ. Хүмүүсийн зарим нь энэ саналыг дэмжиж байх шиг. Масс бол үүнийг "хамтарч идэх хувилбар" гэж үзэж байна. "Олонхи, Монголыг мөлжөөд дуусч байна. Үлдсэн жаахныг нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нэрээр Дуусгачихъя гэсэн бодлого" гэсэн санаа бодолтой хүн ч таарч байна. Бас "Тэд нарын залийг мэдэхгүй биш, Монголын эдийн засаг сульдаж доройтоод ирэхээр Монгол Ардын Намынхныг урьж нэг хөнжилд ороод 2016 оны сонгууль ойртохоор хаяад явдаг зангаа гаргаж, хамаг бурууг Монгол Ардын Нам руу чихэх гэж байгаа юм" гэсэн хардлага ч сонсогдож л байна. Юутай ч Монголын төр хямрах нь хямарчихлаа. Улс орон, ард түмний төлөө санаа зовж байгаа хүн бий гэж үү?! Бараг бүгдээрээ л ашиг сонирхлын хувийн тоглолт хийгээд бужигнаж байх шив дээ.

-Яана даа ах минь, Улс орон маань хэдэн үеэрээ төлж барахгүй өртэй, нутаг орон маань гадныхны барьцаанд сэг нүх болоод үлдэж байгаа, хүн ард нь гуйлгачин болчихоод байхад, эрх баригчид нь нэмж өр тавих л юм бодоод сууж байдаг, болж байгаа юмуу? Миний бодлоор бол дэндүү харамсалтай байна.

Сөрөг хүчин, намууд, Үйлдвэрчний байгууллага, Иргэний хөдөлгөөнийхөн гэж байгаа юмуу? ! Харсаар байгаад Чингэсийн Монголыг ийм байдалд хүргэчихмээргүй байна. Шоронд, миний бухимддаг л юм энэ.

-Өргөст торны дотор хичнээн бухимдаад яах билээ дээ. Шоронгийн хуяг, ажилтнууд та нарт ер нь ямраар хандах юм?

-Тэд, бидэнд хүндэтгэлтэй ханддаг юм шүү. Зорьж яваа үйлсийг маань сайн ухаарсных байх. Би чинь заримдаа бухимдаад тэднийгээ хатуухан хэлчихнэ. Уужрахаараа уучлалт гуйна. Тэд бол, төрийн албанд зүтгэх гэж л тангараг өргөсөн хүмүүс.

Тэдэнд ямар ч буруу байхгүй. Эрх баригчдын үүргийг л биелүүлж байгаа хүмүүс гэж, би цайруулж боддог л доо. Өнөөдөр тэдэнд төрийн хууль биш, эрх баригч намын шахалт л үйлчилж байгаа гэдэг нь нууц биш.

-Эрх баригчдад бол та нарыг ямар ч аргаар хамаагүй хорьж л байх шаардлага бий юу?

-Тэгэлгүй яахав. Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөнийг өнөөгийн эрх баригчид багалзуурдан дарж байгаагийн тод жишээ энэ юм даа. Биднийг 22 жилийн хорих ялаар шийтгэснээр иргэний нийгэм, хөдөлгөөнүүдийг нухчин дарж, ард түмний хөлийг "чөдөрлөлөө" гэж бодож байгаа байх. Тэд, хүчийг буруу үнэлж байна.

Харин ч хурцалсан шүү. Олон арван шинэ хөдөлгөөнүүд нэмэгдэж, зуу давлаа. Магадгүй, нэгэн цагт бидний сууж байгаа энэ торонд өнөөгийн удирдлагууд сууж байхыг байг гэх газаргүй л болов уу. Эх орон ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй, шинэ залуу, шударга дайчин үе өсч торниж байгааг эд нар тооцоолох чадваргүй байна

-Иргэний хөдөлгөөнийхнөөс хамт ял эдэлж байгаа хүмүүс хаа хаана байна?

-Урьдчилан хорих төвд байцгаасныг одоо салгаад ачиж байна. С.Дашцэрэнг Дарханд, Д.Төмөрбаатарыг Өвөрхангайд, Ж.Ганболдыг Дарь-Эхийн салбарт, Г.Болдбаатарыг Амгаланд, намайг одоо шийдэх байх.

-Өөрөө хаана очих бодолтой байна. Санал асуудаг юмуу, үгүй юу?

-Хоригдол хүнээс санал асуух юм байхгүй шүү дээ. Хархорин руу сураг дуулдаж байсан. Би бол тийшээ дуртай л явна. Хотоос гармаар байна. Энэ утаа тоосондоо дарагдаж, гишгэж байгаа газар нь хүртэл "хороор" дүүрсэн ийм газар амьдармааргүй байна. Хөдөө, эрүүл агаартай газар намайг ажиллуулаасай! Би хаашаа ч оргоод явчихгүй.

Надад гадаадад байтугай дотооддоо орон байр байхгүй. Эрх баригч хэдэн хүнд биш, эх орондоо хийж бүтээнэ гэдэг сэтгэлээр, хаа ч би хүний доор орохгүй ажиллана. Агрономич мэргэжилтэй хүний хувьд, хорих ангидаа хүнсний ногоо тарьж өгье. Жимсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгсөн ч болж байна.

Мал аж ахуйд бол юу ч хийсэн чадна. Малыг нь өөриймсөг сэтгэлээр сайн маллаж өгье. Надаас юунаас нь бэргээд байгаа юм! Би шударга үнэний төлөө, нутаг орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө, эх орноо хараад элэг эмтэрч яваа жирийн л нэг эр хүн. Намайг шантруулж, мохоож дарж авна гэвэл санааны гарз.

Би, шударга бус үйлстэнтэй эцсээ хүртэл тэмцээд л үхэх хүн. Хүн, нэг л үхдэг биз дээ. Би өнөөдөр үхэхэд энэ хүмүүс маргааш цааз ял сонсох ч юм билүү. Уучлаарай ах минь. Ам нээснийх, уушги нээ! гэсэн үг байдаг даа.

-Та түрүү "гадаадад байтугай дотооддооч орох орон байхгүй" гэлээ. Ар гэрийн амьдрал ер нь ямар байна аа?

-Эхнэр маань дөрвөн хүүхэдтэйгээ түрээсийн өрөөнд хөөгдөн хөөгдөн хоргодож байна. Хүүхдийн том нь оюутан. Ядарч л явах шиг байна. Над ч болж байна л гэдэг юм. Багацуул нь ирж энэ торны завсраар хацраа үнсүүлдэг юм даа. Заримдаа ч "Хэрэг хийгээгүй байж, энэ бүлэг хүмүүсээр ингэж ч тоглуулах гэж дээ!" хэмээн гомдож л байх юм. Гомдоод би яахав дээ.

-Таны байгаль орчныг хамгаалахад зүтгэсэн зүтгэлийг үнэлж Олон улсын байгууллага өндөр дээд шагналаа хүртээж байсан. Тэр байгууллага хүмүүс, өөрийн чинь энэ байдлыг мэдэж байгаа юу?. Уулзаж учирч, таны төлөө санаа тавьж байна уу?

-Олон улсын байгууллагууд бидний тухай мэдсэн. Уулзаж учирсан. Байнгын санаа тавьж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн чиг хандлага бий. Би болон манай нөхөд жаахан хүлээзнэж байхыг хүссэн. Яагаад гэвэл бид Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байгаа.

Үнэн хэрэгтээ бол бид чинь Улсын дээд шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1249 дүгээр тогтоолыг биелүүлэхгүй байгаа Засгийн газарт эсэргүүцэл үзүүлсэн юм. Тиймээс Улсын дээд шүүх бидний гэм буруугүйг тогтоож суллах байх гэж итгэж байгаа Суллах байтугай цагаатгах байх гэж бодож байна. Улсын дээд шүүх, Засгийн газрын алдаатай бодлогыг хөхиүлэн дэмжихэд хүрвэл бид Олон улсын байгууллагуудад хандана.

-Таслан шийдвэрлэх хаалттай хуралдаан дээр та "Усгүй болох гэж байж алтаар яах юм. Улсгүй болох гэж байж амиар яах юм! гэж хэлсэн байдаг. Өнөөдөр энэ үгээ эргэцүүлэн бодоход ямар байна?

-Харийнхан Монголын баялгийг дур мэдэн ухаад, усаар нь угаагаад гадагшаа зөөж байна. Та хөдөө яваад хараарай. Тэр аяараа онгорхой нүх, хортой булингартай ус л үлдэж байна шүү дээ. Усгүй боллоо. Жилд хэдэн зуу, мянгаараа харийнхан орж ирээд монголчуудаас давуу эрх мэдэл эдлэн, юу ч хийхээс буцахгүй болсон байна.

Тэд, жирийн монгол хүнээс хэд дахин илүү цалин хангамж эдлэн, Монголын эзэн шиг загнах боллоо. Газар нутгийг маань хэсэглэн хувааж, арваас жаран жил, зуун жилээр эзэмших нууц хэлэлцээ хийж байна. Тэр бүхний цаана тэрбум тэрбумаар тооцогдох авлига явж байгааг үгүйсгэх аргагүй.

Аргагүйн эрхэнд л Төрийн ордон дээр алаг далбаа минь намирч, төв талбайд Д.Сүхбаатарын хөшөө сүндэрлэж үлдлээ дээ. Хэзээ энэ бүхнийг арчиж хаях юм, мэдэхгүй. Улсгүй болох гэж байж амиар яах юм!.

Дугаар шилжих мөчид Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих анги руу ачжээ.

Г.Жамъян /МУСГЗ/