Ж.Оргил: Захиалгатай байж болзошгүй ташаа мэдээлэл цацагдаж байгаад харамсаж байна
2014/05/18
Нийслэлийн 92-р сургуулийн барилга ашиглалтад ороод удаагүй ч нурах гэж байна гэх мэдээллийн дагуу бид сурвалжилсан юм.
Биднийг тус сургууль дээр очиход хэзээ мөдгүй нурах гэж байгаа зүйл ажиглагдсангүй. Улмаар уг сургуулийг барьсан “Хөвсгөл геологи” ХК-ийн талаар судлахад тус сургуулийн барилгаас гадна хоёр ч барилгыг чанаргүй барьсан гэх мэдээлэл ирсэн. Тиймээс “Хөвсгөл геологи” ХК-ийн ерөнхий инженер Ж.Оргилтой ярилцлаа.
- 92-р сургуулийн барилга, Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын байр, “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бохир усны шугамын шинэчлэлт, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажил” зэргийг танайх тендерийн дагуу авсан ч чанаргүй барьсан, хугацаанд нь өгөөгүй байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
- Манай компани барилга, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг бөгөөд Улаанбаатар, Хөвсгөл, Хэнтий бусад аймгуудад обект барьж байсан зөвхөн барилгын 20 орчим инженертэй 50 жилийн түүхтэй байгууллага. Манайх Хөвсгөл аймагт 928 хүүхдийн хичээлийн байрыг хугацаанаас нь өмнө буюу нэг жилийн өмнө өөрийн хөрөнгөөр 2010 онд хүлээлгэж өгч байсан. Манайх шиг өөрийн хөрөнгөөр сургууль барьж, жилийн өмнө ашиглалтад өгсөн байгууллага байхгүй гэдгийг яам, тамгын газраас хэлж байсан. Энэ бол зөвхөн ганц жишээ.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатай байж болзошгүй ташаа мэдээлэл цацагдаж байгаад харамсаж байна. Цаашид энэ мэдээлэл гарсаар байвал бид шүүхийн байгууллагад хандана гэж бодож байгаа.
- 92-р сургуулийн барилгыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй талаар?
- 2012 оны 8 сард тендер зарлагдахад ганцхан манай компани материалаа өгсөн, өөр компани өгөөгүй. Манай компани шалгарч 2012онд барилгын ажлыг эхлүүлсэн.
Биднийг барилгын суурийг хийх явцад барилгын өндөржилт зөрсөн. Ингээд тэр жил ажил зогссон. Уг нь 2012 онд барилгын каракас, өрлөгийн ажилаа дуусгах ёстой байсан. 2013 онд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх явцад тус сургуулийн хажууд байдаг иргэн Төмөрхуягийн бохир усны шугамын асуудал гарч ирсэн ба улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас манай ажлыг зогсоосон. Дээрх асуудлыг шийдэхэд 45 хоногийн хугацаа шаардагдсан ба шийдсэний үндсэн дээр ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр 2013 оны 12 сард улсын комисст хүлээлгэн өгсөн.Зургийн компанийн буруугаас болж бид 2012 онд суурийг нь хийгээд л орхисон. Өөрөөр хэлбэл 2012 онд бид барилгын суурийг бариад, 2013 оны 12-р сард ашиглалтад оруулсан.
Боловсролын яамнаас энэ барилгын тендерийг зарлахдаа нэг хичээлийн байрыг нураана гэж тендерийн материалд заасан байдаг. Мөн гадна талд нь явган хүний зам талбайг тохижуулна гэж нэг үг үсэг байгаагүй. Биднийг ажлаа хийх гэхэд хоёр хичээлийн байр нураах шаардлагатай болж холбогдох байгууллагад маш олон удаа хандахад “Өөрийн хөрөнгөөр буулгачих, төсвийн тодотголоор шийдэж өгнө” гэсэн. Тэгэхэд нь бид олон хүүхэд суралцах байр, нийгмийн хариуцлагаа хүлээн өөрийн хөрөнгөөр хоёр хичээлийн байрыг нураасан. Гадна талыг нь зассан. Үндсэндээ бид 600 орчим сая төгрөгийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийгээд улсын комисст хүлээлгэж өгсөн. Уг нь баярлалаа гэх ёстой шүү дээ.
Манайхаас хамааралгүй олон асуудал үүссэн хэдий ч 92-р сургуулийн барилга хамгийн түргэн хугацаанд баригдсан барилга.
- 92-р сургуулийн хананд цууралт үүссэн, дээврээс нь шавар шохой унасан талаар?
- Өөрийн чинь асуусан шиг хэзээ мөдгүй нурах гээд байгаа зүйл үгүй. Захиалгатай л мэдээлэл яваад байх шиг байна. Дээврээс шавар, шохой унаагүй. Нэг ангийн дээрээс л ус гоожсон. Хананд цууралт өгсөн гээд байгаа. Үнэндээ бол хялгасан цууралт. Барилга ашиглалтад өгөөд гурван жилийн дотор засвар, үйлчилгээг барьсан байгууллага нь хийдэг. Үүний дагуу бид завсар, үйлчилгээг 2014 оны 6-р сарын 10-наас хийхээр аль 2013 оны 12 сард Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон 92-р сургуулийн захиргаатай тохиролцсон. 1000 орчим сурагчдын хичээлийн байрыг ашиглалтанд оруулж 3 ээлжээр хүнд нөхцөлд хичээллэж байсан сурагчдыг хэвийн 1 ээлжтэй хичээл хийлгэх зайлшгүй шаардлага байсан. Өвлийн улиралд гүйцэтгэх боломжгүй , гүйцэтгэсэн ч чанарын хувьд муу болохоор байсан болохоор дээрх хугацааг товлосон.
Үнэхээр муу барилга байсан бол улсын комисс хүлээж авахгүй. Улсын комисст мэргэжлийн 14-15 инженер байдаг. Тэд бүгдээрээ хянаад шалгаад хүлээж авсан. Ажилдаа хариуцлагатай ханддаг хүмүүсийн хүлээж авсан барилгыг ингэж хэлж байгаа нь тэднийг үгүйсгэж, доромжилж байгаагаас ялгаагүй хэрэг юм.
- Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын барилга дээр танай компанийн нэр бас муугаар яваад байгаа?
- “Хан Хэнтий” чуулгын барилгын каракас, ханын дүүргэлт, дээврийг хийх тендер зарлагдахад манайх 3.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэл хийнэ гэсэн саналаар ялсан. Каракас, ханын дүүргэлтээ хийчихсэн. Одоо дээврийн ажлыг хийгээд гэрээгээр хүлээсэн манай үүрэг дуусах юм.
2013 онд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвт суух ёстой байсан ч БСШУЯ одоогийн БШУЯ, ССАЖЯ болж хоёр салснаас болоод тус барилга эзэнгүйдэж төсөвт суух ёстой санхүүжилт бүрэн тусгагдаагүй. Ингээд бид нэг жил алдчихсан. Нэг жил алдчихсан байх энэ үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хэнтий аймагт ажиллахдаа барилгын ажилтай танилцаад “Сайн байна, та нарын буруу байхгүй юм байна” гэж хэлсэн хэрнээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хөвсгөлийн компани яахаараа Хэнтий аймагт барилга барьдаг юм. Хөвсгөлд нэг зураг зурчихаад түүгээрээ Хэнтийд барилга бариад, 3.5 тэрбум төгрөгийн төсвөө 8.5 тэрбум төгрөг болгож өсгөөд каракас, дээвэр хийгээд хаяаад явах гэж байна” гэж хариуцлагагүй худал мэдэгдэл хийсэн. Үүнээс болж гадуур ташаа мэдээлэл яваад байгаа. Энэ бол биднээс хамааралгүй. Та энэ баримтыг үз.
Манайхаас шалтгаалсан зүйл огт байхгүй байгааг та харлаа. Одоо 550 сая төгрөгийг өгчих юм бол манай ажил дуусна. Мөнгө шийдэгдчихвэл 3-4 долоо хоног ажиллаад л гэрээгээр хүлээсэн манай ажил дуусах юм. Барлгын төсвийг 8.5 тэрбум төгрөг болгосон нь манайхтай хамааралгүй яамны асуудал. Бодвол барилга бүрэн дуусах, доторхи тоног төхөөрөмжийн өртөг ороод тийм төсөв гарсан байх. Бид мэдэхгүй яагаад өссөнийг.
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бохир усны шугамын шинэчлэлт, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажил”-ыг будлиантуулсан талаар?
- “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бохир усны шугамын шинэчлэлт, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажил”-ыг гүйцэтгэх тендерт оролцож шалгаран 945 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ хийсэн. Өмнө нь 2-3 удаа тендер зарлаад ямарч компаний оролцоогүй юм билээ. Гэрээгээр Мөрөн сумд 1 км бохирын хоолойг өргөтгөх, Элстэйд 2 давхар албан тасалгааны зориулалттай барилга барих, цэвэрлэх байгууламжийн өргөлтгөлийн ажил хийх байсан. Манайх 1 км бохирын хоолойг өргөтгөх ажлыг хийгээд улсын комисст хүлээлгээд өгчихсөн. Элстэйд 2 давхар албан тасалгааны зориулалттай барилга барих ажлыг 90 орчим хувьтай гүйцэтгэсэн. Тэгтэл тус барилгын бохир усны шинэчлэлийн зураг нь огт чанарын шаардлага хангахгүй байна. Энэ зургаар хийсэн тохиолдолд асуудал үүснэ гэсэн агуулгаар яаманд 10 гаруй удаа хандсан. Яам асуудлыг хэлэлцээд зураг болохгүй байна гэсэн хариу өгсөн. Улмаар манай компани гэрээгээ цуцалъя гэсэн саналыг тавьсан. Үүний дагуу гэрээг цуцалсан. Албан бичиг нь энэ байна.
Гэрээгээ цуцалчихсан болохоор гадуур яригдаад байгаа асуудал манайтай огт хамааралгүй. Та огноог нь хараарай. 1 жилийн өмнө болсон асуудал байгаа биз.
- Эдгээрээс гадна тендер будлиантуулсан гэх яриа байгаа?
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн мөнийг нь олж бодит зүйл гаргах хэрэгтэй. Хувийн компанийг ингэж оролдоно гэдэг утгагүй асуудал.
- Төсвийг нь царцаасан 240 барилгад танай барьж байгаа барилга орсон уу?
- Манайтай холбоотой хоёр барилга яригдаад байгаа. Гэхдээ таньд үзүүлсэн баримтаар холбоогүй байгаа биз. Манайхаас ямар ч асуудал гараагүй гэж хэлж болно.
- Тэгээд яагаад гадуур ташаа мэдээлэл яваад байна вэ? Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
- Бид ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор www.mminfo.mn сайт, сэтгүүлч Б.Балжирыг нийтэлсэн худал гүтгэлгийн чанартай мэдээндээ залруулга хийнэ гэж найдаж байна. Хэрэв залруулга хийхгүй бол хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх төлөвлөгөөтэй байна.
- Дээр дурьдсан хэргүүдээс болон өөр бусад асуудлаар “Хөвсгөл Геологи” компанийн захирал Л.Төмөрбаатарыг саатуулагдсан гэх мэдээлэл байгаа?
- Сайтуудад урьдчилан хорих төвд саатуулагдаад одоо бие нь тааруу эмчилгээ хийлгэж байгаа гэж бичсэн байна лээ. Манай захирал ажлаа хийгээд явж байгаа.
- Цаг гарган тайлбар өгсөнд баярлалаа.
Ийнхүү ярилцснаар бидний яриа өндөрлөсөн юм. Ж.Оргил инженер бидэнд өөрсдөөс нь хамааралгүй асуудал байгааг баримтуудаар үзүүлж, тайлбарласан болно.
Т.Энгүүн
Зочин · 2014/05/19
92-r surguuliin barilga uneheer chanargui muu barigdsan ni yag unen shuu
Зочин · 2014/05/19
50 жилийн түүх байлаа гээд яадаг юм бэ .. Цэрэнжав гэж Мөрөн сумын засаг даргын нэр зүүсэн төсвийн мөнгө хүүлэгч .. дарга бх хугацаандаа аятайхан төв засмал зам ч бхгүй, ямар ч хийж бүтээсэн зүйл бхгүй .. Ерөнхий сайд аа хийсэн ажлыг нь ямар үзүүлэлтээр дүгнэдэг юм бэ
Зочин · 2014/05/19
хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй шүү дээ. хэзээний хүн хулхиддаг хүмүүс
Зочин · 2014/05/19
Танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.Шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.
Зочин · 2014/05/19
Huvsgul geologi hezee ch oligtoi iym hiihgyi ***l hulhi kompani shyy dee TUMURBAATAR, TSERENJAV, DANDAR geh metiin hulhiud bgaadaaaaaaa
Зочин · 2014/05/19
Хөвсгөл геологи 50 жилийн түүхэй байж болно. Гэхдээ барилга барьдаг болоод хэдэн жил болж байна. Барилгын ажлын туршлага байна уу гэдэг нь сонирхолтой байна.