Бидний хайрт хань, аав, ах, дүү, өвөө, журмын андМонгол Улсын Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа, Монгол Улсын Манлай уяач Цэрэндоржийн Бааст 2021 оны 10дугаар сарын 29-ний өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа. Ц.Бааст 1949 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг “Дайргат” хэмээх газар малчин ард З.Цэрэндоржийн хоёр дахь хүү болон төржээ. 

Тэрээр 1968-1971 онд, Ардын армийн 144 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж улмаар тус ангидаазасварын механик-жолоочоор ажиллаж байлаа.

Барилгын техникум, Намын дээд сургуульд мэргэжил, боловсрол эзэмшин 1977-1988 онд Төв аймгийн Баянчандмань дахь сангийн аж ахуйн орлогч дарга, Цэргийн сангийн аж ахуйн орлогч дарга, Ардын Армийн 298 дугаар ангийн Ар талын орлогч дарга, 1988-2004 онд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан болно. 

Тэрээр гавьяаныхаа амралтад гарсаны дараа Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,  Дэлгэрхаан сумын Засаг даргаар ажиллаж байсан.

Хурандаа Ц.Бааст Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний анги, байгууллагад ар тал, хөдөө аж ахуйн чиглэлээр 40 шахам жил ажиллаж, жинхэнэ “ар талын хүн” гэдгийг бататгах их ажил бүтээж төрийн торгон сүргийн бүтцийг сайжруулахад онцгой анхаарч амжилтад хүрсэн төдийгүй төрийн 9 хөлт цагаан  тугийг залах 9шарга морьдыг зүслэн сонгосон нь төрийн наадмын хамгийн хүндтэй ёслолыг гүйцэтгэж ирсэн болно.

Зэвсэгт хүчний сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар аймгаас шилмэл үүлдрийн эцэг мал худалдан авчхариуцсан ангийнхаа мал сүргийг 40 гаруй мянган толгойд хүргэж, 2002 онд “Түмэн төлийн баяр” хийсэн зэрэг олон ажлын амжилтаар хамт олон нь бахархдаг юм. Тэрээр Зэвсэгт хүчний Улаанбаатар цэргийн хүрээний анги салбаруудын хэрэгцээт мал мах бэлтгэх ажлыг олон жил зохион байгуулан удирдаж ирсэн юм. 

Ц. Бааст нь Үндэсний их баяр наадамд 1 түрүү, 16 айраг авсан амжилтаар 2000 онд “Монгол Улсын Алдартуяач”, 2002 онд “Монгол Улсын Манлай уяач” цол хүртжээ. 

Түүний хөдөлмөр, бүтээлийг үнэлж Цэргийнгавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний ойн медалиуд, Тусгаар тогтнолын одон, Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг, Зэвсэгт хүчний жанжин штабын хүндэт тэмдгээр тус тус шагнасан юм.

Тэрээр эгэл жирийн нэгэн байж, аливаад ул суурьтай, алсыг харсан холч ухаанаар ханддаг, хүнлэг, тусч зан чанар, үлгэр дуурайллаар анд нөхөд, хамт олон,  хань ижил, үр хүүхэд, дүү, зээ нарынхаа манлай, өмөг түшиг нь байсан билээ. 

Таны минь гэгээн дүр, сургаал үгс биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд гэрэлтэн орших болно.

 

Дээд тэнгэрийнхээ оронд амгалан морилоорой.

Ум сайн амгалан болтугай!

Хань, үр хүүхэд, ах дүүс, анд нөхөд нь.