МУСТА Хөгжмийн зохиолч, дуучин  Н.Баасандоржийн  “Зөн билэгтэй ээж минь” тоглолт энэ сарын 26-ны өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглох юм. Тоглолтонд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч АУЗ П.Бадарч, ТШ Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир, Хөгжимчин У.Одонтунгалаг нар оролцох аж.

Тэрбээр тоглолт хийлгүй дөрвөн жилийг ардаа орхисон бөгөөд энэ хугацаанд туурвисан уран бүтээлээ ард түмэндээ тайлагнах бөгөөд 18 дуугаар үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялаах нь ээ.

Н.Баасандорж “Зөн билэгтэй ээж минь” дууны хөгжмийг ээждээ зориулан бичиж, өөрөө дуулсан байдаг юм.  Ингээд түүний ээждээ зориулсан хоёр дууных нь шүлгийг уншигчдад хүргэж байна.

 

 

Шүлэг Л.Элдэв-Очир                                               Хөгжим Н.Баасандорж

 

      

            Зөн билэгтэй ээж минь

 

Зөн билэгтэй ээж минь

Зүүдээ манаж хоноо юу та

Хаа ч явсан хүүгээ

Хажуудаа л юм шиг мэдрэх юм

            Ээжээсээ илүү бурхныг

            Эрээд сураад чиг олохгүй нь ээ

Дарь эхийн зөнтэй ээж минь

Далдыг нэвтлээд харна уу даа та

Даль нь гүйцсэн хүүгээ

Даахьтай л юм шиг санах юм

            Ээжээсээ илүү бурхныг

            Эрээд сураад чиг олохгүй нь ээ

Совин билэгтэй ээж минь

Сонсож чагнаад сууна уу даа та

Хэрсүү суусан хүүгээ

Хэнзхэн л юм шиг бодох юм

            Ээжээсээ илүү бурхныг

            Эрээд сураад чиг олохгүй нь ээ


Шүлэг Ц.Баасандорж                                              Хөгжим Н.Баасандорж

                         

   Эгэлхэн ижий минь

 

Бүдрэхийн тоогоор минь хайраа дэвсээд

Бүлээрэхийн тоогоор минь нойроо хагасласан мөртлөө

Ээж нь зүгээр дээ үр минь л гэнэ

Хүү минь санаа зоволтгүй л гэнэ

            Эрдэнэ шүү дээ хүү дээ ээж минь та

            Эгэлгүй саруулхан даа ухаан тань ээжээ

Онохын тоогоор минь зүсээ сэрээсэн

Алдахын тоогоор минь насаа элсээн мөртлөө

Ээж нь дажгүй дээ үр минь л гэнэ

Хүү минь санаа зоволтгүй л гэнэ

            Эрдэнэ шүү дээ хүү дээ ээж минь та

            Эгэлгүй саруулхан даа ухаан тань ээжээ

Ирэхийн тоогоор минь илүү насалсан ч

Одохын тоогоор минь дутуу жаргасан мөтрлөө

Ээж нь ажрахгүй дээ үр минь л гэнэ

Хүү минь санаа зоволтгүй л гэнэ

            Эрдэнэ шүү дээ хүү дээ ээж минь та

            Эгэлгүй саруулхан даа ухаан тань ээжээ