“Яах вэ” Н.Алтанхуягыг дахиад нэг мистер “Яах вэ”-гээр солих уу?
2013/04/15
АН-ын дарга Н.Алтанхуяг гэж хүн хувь хүнийхээ хувьд биш харин ерөнхий сайдын албан тушаалаа ашиглаж уулан дээр гарсаныг сонсоод бүр гайхлаа.
За тэр ч яах вэ. Гэтэл тэр хүн улс орон ард түмнээ ууланд очиж даатгасан дуулдана. “Би чадахгүй тул одоо уул чадна” гэж хаа газрын уул руу ажлаа шилжүүлсэн хэрэг үү. Өөрөө тэгээд хаачих нь вэ. Ерөнхий сайдыг огцруулна гэсэн шуугиан байсан үүнтэй хамаатай хэрэг үү. Уул гэдэг байгалийн тогтоцыг АН-ын дарга Н.Алтанхуяг юу гэж ойлгоно вэ.
Социализмын үед газар зүйн хичээл дээр юу сурсан нөхөр вэ. Уул ямар ч хэлээр ярихгүй шүү дээ. Ууланд сонсох чих байтугай харах нүд ч байхгүй шүү дээ. Уул гэдэг чинь зүгээр овоолгоотой хар шороо хад чулуу шүү дээ. Үхмэл хад чулуунд амьд ард түмнээ даатгадаг ямар төрийн ёс вэ? Мэдээж Н.Алтанхуяг гэж хувь хүнийхээ хувьд найз нөхөдтэйгээ эсвэл авгай хүүхэдтэйгээ ч юмуу ууланд очоод мухар сүсэгтэж юугаа ч даатгаж болно шүү дээ. Түүнээс биш төрийг дайчлаад төрөө даатгаж буй бол өнгөрсөний үлдэгдэл хэдэн зуун жилийн хоцрогдсон мухар сүсэглэл биш үү. Төрийн ажил хий гэж албан үүрэг өгсөн болохоос биш хаа газрын уул руу очоод албан ажлаа шилжүүлээд бай гэж ард түмэн найдаагүй биз дээ.
Ерөөсөө мухар сүсгийг гааруулж уул руу явагчдийг толгойлж юм л хийвэл уул руу явчихдаг байсан ажлаас зугтаагчидын загалмайлсан эцэг гэж хүн бий. Тэр хүний балаг яасан ч их юм бэ дээ. Тэр хүн уул руу явах болохоороо хөлөөрөө гишгээд харин төр лүүгээ явах болохоороо хөлөө гозолзуулдаг хүн дээ. Хэрвээ энэ хүнийг дууриаж ууланд гарах гэж байгаа бол Н.Алтанхуяг гэж хүн хоцрогдсоны хоцрогдсон яах ч учраа олохгүй яваагийн баталгаа. Одоо тэгж ажлаа хаяад уул руу явдаг цаг үе өнгөрсөн. Өөрийгөө шүтэн бишрүүлж ууланд тахилга нэрийн дор улс орны ажлыг хийдүүлдэг цаг өнгөрсөн. Цагийн юм цагтаа гэдгийг ойлгооч. Хоцрогдсоныг дууриах биш шинийг сэдээч. Уул руу явахаар өрөөндөө суугаад ном уншиж суралцаач. Толгойгоо цэнэглээч. Социализмын үед ном уншиж явсан бол юунд өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуяг ард түмнээ хоосон хар чулуу шороонд даатгах вэ. Н.Алтанхуяг тухайн үедээ ардчилсан хөдөлгөөн нэрийн дор Сүхбаатарын талбай дээр гарч ирэхийн оронд ном сурч тархи толгойгоо цэнэглэсэн бол дээр байж дээ. Юу ч чадахгүй тэр залуусын балаг ямар ч их юм бэдээ. Ардчилсан хөдөлгөөн ийм л улс орноо баллаж уул руу буруугаа чихдэг хүмүүсийг бэлдэж дээ.
Ардчилсан нам 2012 оны сонгуулийн өмнө “Хүний хөгжил” ярьж хөдөө аймгуудаар баахан л шуугиан дэгдээсэн. Одоо тэгээд хэзээ Монгол хүнийг хөгжүүлэх гэж байна. Эсвэл 20 жил молигдсон шигээ цааш 20 жил молигдох гэж байна уу. Тэртэй тэргүй 20 жилийн дараа тэтгэвэртээ сууж Америк орны хаа нэг газар луу зугтаагаад явах юм чинь юун ард түмнээ хөгжүүлэх биз дээ. Хүн хөгжих гэдэг чинь жоохон ч гэсэн соёлтой болохыг хэлнэ. Цаашлаад жоохон ч гэсэн ном уншдаг болохыг хэлнэ.
Гэтэл АН соёлтой юу? АН жоохон ч гэсэн ном уншдаг уу? Ерөөсөө АН-ын дарга Н.Алтанхуяг улстөрийн хувьд бэлтгэгдсэн хүн үү? Гадаадын ямар хэлээр ярьдаг вэ? Хэзээ хаана диплом авсан бэ гээд л олон асуултууд тухайн хүний хир боловсролтойг илэрхийлнэ дээ. Гэтэл энэ хүн өөрийнхөө намын зүүний нам уу эсвэл барууны нам уу гэдгээ олигтойхон тайлбарлаж чаддаггүй гэсэн шүү дээ.
Ерөөсөө Монгол хүнийг хөгжүүлнэ гэж ам гарч хөөрцөглөхийн оронд АН өөрөө эхлээд ном уншвал дээр биш үү. АН хөгжилийг өөрөөсөө л эхлэх хэрэгтэй болж дээ. Хүн төрөлхтөний мэдлэг боловсрол ид орж ирж социализм босгогдож байх үед хөдөөнөөс орж ирсэн хүү бичиг үсэгтэй болж буцаад ард түмнээ бас бичиг үсэгтэй болгох гэж нутаг орон луугаа явж байсан үе ердөө л саяхан. Энэ бол ёстой л хүний хөгжил байжээ.
Үүнийг АН үгүйсгэж социализмыг муухай юм эсвэл Оросууд бидний тархийг угаасан гэж ичих ч үгүй сайн сайхан үеэ доромжилж үгүйсгэнэ биз дээ. АН нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Улстөрийн философиор бол Монгол оронд явагдсан 90-ээд оны ардчилал түүхийн том алдаа байсан шүү. Сүүлийн 20 жил Монгол оронд түүхийн дэвшил хийсэнгүй. Цөөн хэдэн хүн л баяжиж хувьдаа болон гэр орондоо дэвшил хийж дээ. АН-ын дарга Н.Алтанхуяг болон түүний нөхөд 90 онд Сүхбаатарын талбай дээр гарч ирж юу ч мэдэхгүй юу ч чадахгүй байж улс орноо буруу замаар будаа тээлгүүлснийхээ төлөө буруугаа хүлээх л хэрэгтэй. Чадахгүй юм бол яах гэж хоосон ам гарсан юм бэ. Түүхэн хариуцлага гэдгийг мартах аргагүй дээ. 100 жилийн дараа ч Монголын толгойтой аавын хүүхдүүд өнгөрсөн түүхийг шүтэн бишрэх биш харин шүүмжилж ямар том алдаа гаргаа вэ гэж онолын дүгнэлтүүд гаргаж ясыг чинь өндөлзүүлэх л болно. Тэр үед үр удам чинь нүүрээ хийх газаргүй болж ёстой л босгосон хөшөөнүүдийг чинь Лениний хөшөөтэй адилхан нураах л байлгүй.
АН түүхийн өмнө хариуцлагаа ухамсарлахаас гадна одоо насанд хүрэх цаг болсон шүү дээ. Яагаад АН насанд хүрч мэдлэг боловсролоор гахаж цацаж улс орноо сэмбийтэл хөгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй байна вэ. Аж үйлдвэржүүлнэ гэсэн хаана байна. Социализмын үеийн хэмжээний аж үйлдвэрийн комбинатыг яагаад байгуулахгүй байна. Ерөөсөө иргэн хүн хөдөлмөр хийж л хүн гэдгээ мэдэрдэг.
Хэрвээ АН Монгол хүнийг хөгжүүлэх гэж байгаа бол бүх хүнийг яг л социализмын үе шиг мэргэжлийн ажилтай болгоод орхи. Тэгвэл хүн өөрөө аяндаа намтай намгүй хөгжинө гэдгийг социализмын Монгол бэлхэн харуулсан шүү дээ. Маркс яагаад “шашин бол ард түмний хар тамхи” гэж хэлсэн бэ гэвэл нийгмийн асуудлууд шийдэгдэхгүй болохоор хүн гомдлоо тайлах гэж шашин луу явдаг гэдгийг л хэлжээ. Шашин луу очиж буйн шалтгаан бол төр нь нийгмээ босгож чадахгүй болохоор төрийн иргэн төрдөө гомдож төрөөсөө дайжиж шашин луу очиж аврал гуйж тэнд л хорогдох газар хайдаг гэж Маркс тодорхойлжээ.
Тиймээс Марксын хэлсэнээр шашин хөөрхий яг л мансууруулах бодистой адил ядарсан хүнийг тэр хэмжээндээ л хэсэгхэн ч гэсэн мансууруулж тайтгаруулдаг ажээ. Маркс олигтойхон нийгэм байгуулж чадвал хүн өөртөө итгэлтэй болж хэзээ ч шашныг шүтэх биш харин үл тоомсорлоно гэжээ. Ард түмнээ аль болох мухар сүсгээс салгаж нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулахын оронд АН-ынхан уул руу л уриалж дууддаг боллоо доо. АН-аас юм гуйж очвол ууланд даатгачихсан уул руу яв л гэх нь ээ. АН ерөөсөө анхнаасаа л нийгмийн эсрэг байсан шүү дээ. Төр улсдаа тэрсэлдэж энэ Монголын ард түмний төлөө хуруугаа ч хөдөлгөх дургүй энд тэнд төрж өссөн нөхдүүд л байсан шүү дээ. Яагаад гэвэл тэд социализмаас яах гэж татгалзсан бэ гэдгийгээ өнөөдөр хүртэл тайлбарлаж чадсангүй. Хэрвээ эрх чөлөө ярих гэж байгаа бол тэгш эрх хаана байна. Хэрвээ эд бараа сайжирсан гэвэл эв нэгдэл хаана байна. Энэ бүгд чинь нийгмийн түшиг тулгуур биш үү.
Социализмын үед үнэтэй цайтай бараа таваар худалдаж авах боломжгүй байсан ч гэсэн гадаадаас муу муухай орж ирэх боломжгүй байсан шүү дээ. Социализм Монгол хүнд гадагшаа гарах хязгаартай байсан ч бас гаднаас муу муухай орж ирэхээс хамгаалж чадсан. Өнөөдөр зүгээр л хэн ч хамаагүй Монгол оронд ороод ирдэг болжээ. Тэд туслахаасаа илүү гай тарьдагийг хэн ч мэднэ. Оросын Путин яагаад гадаадын байгууллагуудыг шалгаж хатуу хяналт хийхийг анхааруулав. Тэд чинь бүр тухайн орондоо яаж хожоо хийх сүлжээ байгуулчихсан байдаг гэж байна шүү дээ. Монгол оронд Ази тивийн өвгөчүүд ирж зунжингаа охид хөвгүүдийг боолчилж байгаад л буцдаг тийм л ардчилалтай боллоо шүү дээ.
Үүнийг эрх чөлөө гэх үү. АН-ын хуучин дарга Ц.Элбэгдорж гэж ерөнхийлөгчийн албан ажлынхаа хүрээнд шинэ жилийн шөнө зурагтаар сүү ууж харагдсан. Битгий архи уугаарай би ерөөсөө архи уудаггүй гэж үнэмшүүлэх гээд байгаа юмуу. Тэгж л архи битгий уу түүний оронд сүү уугаа ч гээд байгаа юм бол Улаанбаатарыг тойрсон бүх архины үйлдвэрүүдийг засаж янзлаад сүүний үйлдвэрүүд болгочих л доо. Өөрөө сүү ууж суухын оронд Монголын үр хүүхдүүдэд ядаж өдөрт ганц аяга сүү уух боломжтой болгоо ч дээ. Энэ чинь хүний хөгжлийн эхлэл биш үү. Ерөөсөө 40,50 хүрсэн эр хүн сүү уух ямар шаардлага байна. Гэдэс хий л дүүрнэ шүү дээ. Хүүхдүүдийнхээ сүүг урдуур нь ороод аваад уучихдаг их л хачин хүн дээ. Социализмын үед өглөө босоход аав нь аль эрт ажилдаа явчихсан байдаг байсан. Өнөөдөр бол аав нь өглөө ч гэртээ, өдөр ч гэртээ байсаар л байна. Их л бодож сайхан жийп машин унаад зах руу явах эсвэл сургуульд хүүхдээ л хүргэж өгнө. Хүүхдүүд нь автобусаар яваад сургуульдаа очиж чаддаггүй ийм нийгмийг ямар нийгэм гэх вэ. Философид матери гэж нэг ойлголт бий. Яагаад үүний тухай ярьдаг вэ гэхээр хорвоо дээр материт ертөнцийн хажуугаар бас оюуны ертөнц зэрэгцэн оршдог шүү гэсэн онол бий. Яагаад оюуны ертөнцийг чухалчилж буй вэ гэхээр Хегелийн “Оюуны фэномэнолог” гарчигтай номонд хүний ухааныг хөгжүүлж байж л түүх, нийгэм, амьдрал ярихаас биш ухаан нь хөгжөөгүй газар түүх ярих ч хэрэггүй нийгэм ч ярих хэрэггүй гэжээ.
Хүний ухаан 40 нас, 50 нас хүрсэн мөртлөө олигтой хөгжөөгүй бол тэр хүнийг амьдарч байна гэхгүй зүгээр амьд яваа л гэж нэрлэх болох нь ээ. АН-д ухаантан үгүйлэгдэнэ. АН өнөөдөр 20 жилийн тайлангаа тавьж намын гишүүдийнхээ хөгжлийн тухай илэн далангүй тайлбар өгч хэн яг юу хийсэн бэ бас юу бүтээсэн тэр тухай ард түмэндээ тайлагнах цаг болжээ. Ерөөсөө Монголын ард түмэн АН-ыг хичнээн жил уучлах вэ. Юманд бас хэмжээ хязгаар бий. 20 жил нийгэм гэхэд нийгэм биш, ухамсартай гэхэд ухамсаргүй, соёлжсон гэхэд соёлгүй, иргэнлэг гэхэд иргэншээгүй ийм л галзуу нийгэм бүтээн босгосныхоо төлөө хариуцлага хүлээх болно шүү. Улстөр нэрийн дор гэмгүй ардыг яасан ч их улстөржүүлж хооронд нь байлдуулж түнжин тасруулав. Энэ бүхэнд АН буруутай. Ер нь сонгууль болохоор л АН гараад ирдэг.
Бусад цагт улстөрч нэртэй хүмүүс нь хувиа бодоод л алга болдог шүү дээ. АН-ын дарга Алтанхуягаа яах вэ биш юу хийх вэ шүү. Оросын философч Ленин яах вэ гэдэг ном бичээгүй юу хийх вэ гэдэг ном бичсэн. Оросоор “Что делать” гэдэг чинь хийх ажлыг л хэлсэн болохоос яах вэ гээд хадуурч уул руу нисэхийг хэлээгүй. Лениний хөшөөг нурааж явахаар АН-ынхан тэр хүний номыг уншиж ойлгохыг хичээсэн бол ядаж мулгуйтаж хийх юмаа олж ядан босгохын оронд нурааж явахгүй л байсан.
Хойд хөрш Орос болон урд хөрш Хятад хоёр чинь хоёулаа Ленинийг хүндэтгэж түүний онолд суралцацгаасан хүмүүс. Гэтэл АН-ын нэг өөрийгөө магтагч боловсролтой хүний хөшөөг нурааж боловролгүйгээ баталсан. Тэр хүн улс төрийн ямар ч мэдрэмжгүйгээр улс орондоо гай тарьсан улстөрийн алдаа хийж болохгүй л байсан. Эсвэл Лениний хөшөөг нураалгуулсан хүн Монголын ард түмнийг үүрд хоёр хөрштэйгээ тэрсэлдэж сөнөөсэй билээ гэж хоёр хөршөө давсан харийн санаа агуулсан юм болов уу. АН-ын дарга Н.Алтанхуяг номноос татгалзаж болноо. АН-ын дарга хөгжихгүй ч байж болно. Гэхдээ түүхэн хариуцлага гэж бий шүү. Тиймээс яах вэ гэж уул руу битгий яв. Уулыг ерөөсөө харж мэдэрдэг болохоос орой дээр нь гарч хөөрч мэдэрдэггүй шүү дээ. Юм гуйх гэж байгаа бол боловсрол мэдлэгтэй хүнээс гуйгаач. АН-ын лидерээ хийж чадах уу? Эсвэл дахиад мистер “Яах вэ ” рүү ажлаа шилжүүлэх үү?
Зочин · 2013/04/27
Ardchilsan nam garch irseneesee hois man iin hiij chadaaguig hiij byu tul oldoh sedev ni deerhi jijigheen sedev boljee hehe er ni man zan osdoo boloho ene bitgii hel um hiij huchin zuchin yvsnaa yagaad yridaggui um
Зочин · 2013/04/18
Монголчууд эртнээс уул усаа хайрлаж, дээдлэж ирсэн ард түмэн энэ зан заншилаараа бид хөгжилтэй хариуц********тай гэдгээ батлаж харуулж болох юм. Энэ нийтлэл шууд ардчилсан намын эсрэг намын нэр хүндыг унгаах гэсэн чиглэлтэй байна. Монгол эр хүн бүр уул овоон дээр гарж хиймороо сэргээдэг юмаа чам шиг монголоо ****дсан ойд төөрсөн сармагчин болохгүйн тулд
Зочин · 2013/04/16
UUL US GDG YUMIIG AMITAI GDGIIG BID BUGD L MEDEH BAIH HUMUUSIIN TASHAA OILGOLT TORUULEH MEDEE BNADA