С.Болормаа агсны ээж Г.Ундрам: Цагаадсан нөхөд "Тэмдэглэе" гээд инээд алдаж байгааг харах сүхээр цохиулсантай л адил байсан
2021/11/22
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа амиа алдсан хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт болов.
Шүүхээс хэрэгт буруутгагдаад байсан аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж тэргүүтэй хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэжээ. Талийгаачийн ээж Г.Ундрамтай шүүхийн шийдвэриин талаар ярилцлаа.
- Шүүх хурал хэрэг гарснаас хойш нэг жил, есөн сарын дараа шийдвэрээ гаргалаа. Шүүх хурлын явцаас харахад танд хүндхэн байх шиг байна?
- Охины минь амь настай холбоотой шүүх хурал сая болж өнгөрлөө.
Энэ шүүх хурал арай л хууль бус, хүний амийг уландаа гишгэсэн шийдвэр гаргалаа. Бүхэл бүтэн хүний амь үрэгдчихээд байхад шүүх хурал нэг жил, есөн сарын дараа анх удаа бүрэлдэхүүнтэй шүүх хурлыг хийсэн нь энэ. Өмнө нь ийм ч шалтгаан, тийм ч шалтгаан, коронатай холбоотой гэж зургаа, долоон удаа хойшилсон. Энэ хугацаанд ар гэр, ахуй амьдрал, аав ээжийнх нь тухайд хүнд жил байлаа.
Миний охин аймагтаа битгий хэл улсдаа толгой цохих мэдлэгтэй бол мэдлэгтэй, боловсролтой бол боловсролтой, удирдах авьяас чадвартай манлайлагч охин байсан. Гэтэл шүүх хурал дээр "Чиний хүүхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд үхээгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгч Засаг дарга буруугүй. Чиний охин бол улаандаа гарсан архичин байсан" гэсэн утгатай зүйлс өмгөөлөгч нь хэллээ.
Найз Лхагважаргал нь эхэлж утасдаад чат бичээд орж ирж хэргийн суурийг тавьсан. Гэтэл тэр хамаагүй бололтой. Хүний эрх, эрх чөлөө, хүн чанар, ёс зүй гэж байдаггүй юм байна гэдгийг шүүх хурал дээр харлаа. Өмгөөлөгч нар хурал дээр цагаатгана гээд л ороод ирцгээсэн. Би гайхаад үгээ хэлсэн, хурал дээр "Юу болж байна аа, хүмүүс ээ. Би охиныхоо амийг ярьж байхад энэ хүмүүс цагаатгана гэж юу яриад байна вэ" гэдгээ хэлсэн.
Өнөөдөр Монголын шүүх, өмгөөлөгчид ч ёс зүй алга. Надад ингэж хэлэх эрх бий. Яагаад гэхээр улайм цайм хоёр тал бие биенээ гүтгэж байгаад шүүгчид нь юмаа олж аваад шийдвэрээ гаргадаг юм уу гэж л харсан. Шүүх бүрэлдэхүүн тэднийг цагаатгалаа гэхэд дэлхий хөмөрчих шиг л болсон.
Арай гэж л шүүх хурлын өрөөнөөс гарсан. Тэгэхэд байцаагдаж байсан хүмүүс "Тэмдэглэе" гээд л инээд алдаад л байж байгааг харахад намайг сүхээр цохиод унагаачих шиг л болсон. За би эндээс унахгүй л гаръя даа гээд уйлаад л гарлаа. Говь-Алтай аймгийн шүүх, Монгол Улсын шүүх шүүх биш болчхож.
Миний цагдаа намайг хамгаална гэдэг, хууль гэгч нь иргэдээ хамгаалахаа больчихжээ. Над шиг хохирогч олон байгаа. Энэ байдал чинь ерөөсөө хуулийн тогтолцоо биш болжээ, хуулийн цоорхойг хүмүүс их ашигладаг болчхож. Энэ хэрэг дээр ч хуулийн цоорхой гэж харж байгаа.
- Тодруулахгүй юу?
- Яллах дүгнэлт үйлдэж байгаа прокурор Эрүүгийн хуулийн 15.2-оор ийм байдаг юм гээд тайлбарлаад байхад өмгөөлөгчид "Тэр чинь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд зориулсан заалт" гээд халгаагаагүй. Миний охин залуу хүн учраас хууль үйлчлэхгүй юм байна. Үхсэнийх нь хохь болж байгаа юм байна. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр бүхэл бүтэн миний охиныг өрөөндөө аваачих арга хэмжээг Засаг дарга, н.Лхагважаргал хоёр зохион байгуулж хийчхээд эцэст нь ийм шийдвэр гаргасан нь үнэхээр хачирхалтай.
Монголын ард түмэн энэ асуудалд ихээхэн анхаарч байна. Хөгшин бид хоёроос төрсөн болохоос биш охин маань түмний хүүхэд байжээ. Байр сууриа эзэлчихсэн, олон нийтийн төлөө үйлчилж байжээ. Үүнийг сая л сэхээ орж уншиж, харж сууна. Монголын ард түмэн үнэнийг хүсэж байна. Би ч 30, 40 жил наслахгүй. Үлдсэн хугацаандаа би үнэний төлөө явна. Үнэний төлөө явахад өлсөх ч эрх байгаа.
Хүн гээч амьтан өөрийнхөө арьсыг л хамгаалж гардаг юм байна. Өөрийнх нь жолооч байхад нэг мэргэжилтнээ аваад яв гэснээс болоод тэр хүүхэд бас хэлмэгдэж байна. Тэр хүүхдэд өгч явуулснаар Лхагважаргал арьсаа хамгаалаад үлдэж байна. Нэг бол согтуу тасарсан байсан гэснээ нэг бол эрүүл байсан гээд ярьж байгаа, өмгөөлөгчдөө хэлж байгаа нь надад ерөөсөө санаанд буугаагүй. Хүн харваас ил тод хэрэг дээр ингэж завааруулж завхруулна гэдэг огт байж болохгүй.
- Хэрэг болсон, хүний амь үрэгдсэн нь үнэн. Хүний амь настай холбоотой хэрэг маш хүнд гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл холбогдсон хүмүүс цагаадлаа. Хэн ч хариуцлага хүлээхгүйгээр шийдэгдэв үү дээ?
- Өмгөөлөгчид бас ёс зүйтэй баймаар юм байна.
Над руу маш аймаар дайрлаа. "Хүүхэд чинь гэртээ үхсэн бол чи хэнээс амь нэхэх байсан бэ" гэж н.Санчирбал гэдэг өмгөөлөгч асуулаа. н.Дашням гэх өмгөөлөгч намайг өөрөө охиноо архичин гэж хэлсэн гэж гүтгэсэн.
Миний хүүхэд хэзээ ч архичин байгаагүй. Охин маань аав, ээж хоёр дээрээ түвшин орж ирээд, цайны сүү өгчхөөд "Бие тань яаж байна. Яамаар байна" гэж санаа тавиад гардаг боловсролтой, соёлтой, удирдагч байсан. Тийм учраас миний хүүхдийг хэтэрхий доромжилж байна. Би үнэндээ шүүхийн шийдвэрт гомдолтой үлдлээ.
Бас "Чиний охин үхсэнээс болоод хэн нэгэн шоронгийн хаалга татах албатай юм уу" гэж өмгөөлөгч нь хэлж байсан. Би гэм бурууг нь тогтоолгох гэж л явсан. Анхнаасаа би хууль, шүүхийн байгууллагад итгэж ирсэн. Хуулийн цоорхойг ашиглаж ингэж цагаадаж үлдэнэ гэж огт төсөөлсөнгүй. Үнэний төлөө явж байгаа учраас эцсээ хүртэл явна. Энэ хэрэг хаана очиж замхрахыг харна.
- Талийгаач амиа алдсан хэргийн талаар олон баримтыг иргэд тухайн үед харсан. Үнэхээр дээд удирдлагаасаа дарамт, шахалтан дунд байдгийг хангалттай үзсэн. Танд тэр дарамт шахалт нь хэр мэдрэгддэг байсан бол?
- Охин бид хоёр ээж, охин хоёроос гадна найзууд байсан. Энэ бол албан тушаалын хэрэг. Доод албан тушаалыг шантаажилж, өөрсдийнхөө хүмүүсээ дарга болгох гэж хийсэн хэрэг. Миний охиныг ажлаас нь халчхаад амийг нь үлдээчихсэн бол миний охин амьдралаа аваад явчихна.
Хоёр үр нь элэг бүтэн, ээжтэйгээ ямар сайхан байх вэ. Үнэхээр төрийн өндөрлөгүүд, төрийн байгууллага удирдаж байгаа дарга нар маань ёс зүйтэй, хэн хэнээ хүндэтгэдэг баймаар байна. Ажлаа хийж чадахгүй ажлаас нь хална биз дээ. Амийг нь авч яадаг юм бэ. Цаанаа амьдралтай хүн шүү дээ. Хөгшин бид хоёр яах вэ гэхэд хоёрын хоёр хүүхэд өнчирч, нэг сайхан залуу ханиасаа салаад хоцорлоо.
Удирдах, удирдуулахын зарчим Монгол Улсад алдагдсан, завхарсан байна. Мөн үнэн гээч нь байхгүй болжээ, хуулийн байгууллагад. Мэдээж хэрэг "Өдрийн сонин"-ыг Ерөнхийлөгчөөсөө аваад жирийн иргэд хүртэл уншдаг байх. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөл үүнийг анхааралдаа аваасай гэж бодож байна.
Би ч энэ талаар гомдлоо гаргаж бичнэ. Хүмүүс жагсаал хийгээд Сүхбаатарын талбай дээр оволзоод байхаар боддог байсан юм. Яасан илүүдээ гарсан хүмүүс вэ гэж бодож байсан чинь үнэндээ хууль нь гууль болчхож. Иргэд нь халширч байна, өлсөж байна, иргэд нь цангаж байгаа юм байна. Үүнийг би өөрийн биеэр мэдэрлээ.
Өнөөдөр миний амьдралд ийм зүйл тохиолдсон ч маргааш хэн нэгний амьдралд битгий тохиолдоосой гэж хүсэж байна.
- Охиноороо бахархдаг байсан болов уу?
- Би охиноороо бахархах нэг үндэслэл нь манай аймагт Гэр бүл, хүүхэд залуучуудын байр ашиглалтад орж байхад би очиж үзэж байсан. Хөндий хоосон хананууд байсан. Би ч тухайн үед бодож байна. "Энэ хүүхэд хэзээ ажлыг нь явуулах юм бол доо" гэж бодож үнэндээ итгэхгүй байсан.
Зургаан сарын дараа очиход бүх юм нь жин тан болчихсон сайхан байсан. Үүнд ганцхан миний охин бүх юмыг нь олж ирээд тавьчихсан юм гэж хэлэхгүй. УИХ-ын гишүүд нь, орон нутаг нь, төрийн байгууллага нь хөрөнгөө гаргасан. Хийх санаачлах юмыг нь миний охин хийсэн учраас удирдаж чадах болчихжээ гэдэг үнэлгээг тухайн үед охиндоо өгч байсан.
Ажил ихтэй гээд гэртээ ирдэггүй чи яачхав гээд гэрт нь хоёр гурван удаа очиж үзэж байсан удаатай. Намайг очих бүрд инээж наадсан, үр хүүхэдтэйгээ тоглосон, хань ижилтэйгээ ярилцсан сайхан халуун дулаан уур амьсгалтай байсан. Охин минь гэр бүлдээ ч, ажил дээрээ ч байр сууриа эзэлчихсэн удирдагч юм байна гэдгийг дүгнэж үзсэн. Тийм учраас би охиноо удирдаргч, манлайлагч, тэргүүний залуу байсан гэж хэлээд байгаа юм.
В.Рэнцэндорж гэдэг хүн Засаг дарга болоход би иргэний нийгэм хариуцдаг хүн учраас ажил төрлөө танилцуулахаар орохдоо "Охин минь нялх юм шүү, дэмжиж тусалж яваарай" гэж захиж байсан. Гэтэл "Өө энэ Гансэлэмийн үед томилогдсон" гээд хэдэн хүний нэрсийн жагсаалт гаргачхаад "Ажлаас нь хална. Оронд нь хэн очих уу, яах уу, ийх үү" гээд ярьдаг байсан юм билээ.
Миний охин хэзээ ч улстөржиж байгаагүй. Говь-Алтай аймгийн иргэд аль нам нь хамаагүй, нутагтаа өсөж төрсөн хүүхэд авч явна. Тийм учраас та нар минь битгий намчирхаж, залуучуудыг хоёр гурав хувааж талцуулаач гэж охин минь хэд хэдэн удаа хурал дээр ярьсан байдаг. Түүнээс болоод ирсэн удирдлагууд нь аазгай нь хөдөлж, дургүй нь хүрч "Үүнийг л ямар нэгэн байдлаар далд оруулъя. Үүнийг холдуулбал, хувааж талцсан ажлаа явуулж болох юм байна" гэсэн үндсэн дээр энэ ажил нэлээн дээрээс, нэлээд эрт төлөвлөгдөж ирсэн байсан.
Охиныг минь заналхийлсээр байгаад аминд нь хүрлээ гэж бодож байгаа. Алтайн залуус миний охиныг мэднэ. Үнэлж, дүгнэж, хийсэн ажлыг нь дэмжиж явж байсан, залуучуудыг хөдөлгөж байсан хүүхдийг хаана ч хэлнэ.
- Ар гэрийнхэн нь ямар байх юм?
- Охин маань үр хүүхдээ зөв хүмүүжүүлж байжээ. Зээ нар маань хоёр, дөрөвдүгээр ангид суралцаж байгаа. Сурлага сайтай, ахуйн талаасаа зээ нар маань хаа ч газардахгүй. Гэвч эхийгээ гэсэн сэтгэлийг орлох юм хаа ч алга. Ээжийгээ санаж, дотроо хэчнээн өмөрч байгаа бол харах бүрд сэтгэл шимширдэг. Аав нь хүүхдүүддээ тус нэмэр болохоор Оюу толгойд ажиллаж байгаа. Хөгшин маань охиноосоо хойш хоёр удаа муудлаа.
Сая шүүх хурлын дараа намайг ороод ирэхэд чичирч салгалаад даралт нь 190 хүрээд болохоо байлаа. Арга ядаад "Ядаж дэргэд бүртийгээд сууж байгаач" гэж гуйлаа. Ингэж байж бид охиныхоо амиа алдсан хэргийг үнэн мөнийг олж чадна шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, энэ хэргийг ард түмэнд ил болгосон Zarig.mn, Tsahiur. mn, Цензургүй сурвалжилгын багийнхан болон сэтгүүлчдэд баярлалаа гэж хэлье дээ.
Dr. urologist · 2021/11/24
Zochin · 2021/11/23
Shudarga bus shuugch, umguulugch nar ogtsor, ajlaa hiij chadahgui bol zaigaa tavij ug, shudargaar ajilah zunduu humuus bii, zuv zugeer yavj baisan huniig duudaj arhi uulgasan ter lhagvajargal, rentsendorj metiin yumnuud yalaa edleh yostoi
Зочин · 2021/11/22
Лхагважаргал.ренцэндорж 2 хоорондоо явдалтай дээрээс з/б-тай бсан шүү одоо алтайчуудаа босоцгооёэнэ 2 шүүгч нарт их мөнгө өгсөн тэр өмгөөлөгч нар бол мөнгөнөөснүдээ ухаж өгч бгаа биздэ
хүннү · 2021/11/22
Яасан хүний үнэргүй новшнууд вэ? Шудрага шүүх байгаа, давж заалдах ёстой! Та нөхдийн санал санаачлагаар ажил дээрээ архидан согтуурсны гайгаар Хоёрын хоёр хүүхдийг өнчин хоцорсон, насан туршидаа хохирсон. Үнэн биз дээ? Тэгээд яагаад цагаатдаг билээ? Өөдсөн чинээ хоёр хүүхдийг ялсан учираас ялалтаа “тэмдэглэж” байгаа юм уу?
зочин · 2021/11/22
гомдолтой байлгүй яахав дээ гэхдээ үнэхээр үхэлд шууд хүргээгүй бол хуулиар ял онооох боломжгүй дээ шүүх мэдэж бүх материалыг дүгнэжл шийдвэр гаргасан байлгүй дээ дээд шүүх хүртэл шалгуулаад
Амьсгаа · 2021/11/22
Хараал хийлгэ!!!
Зочин · 2021/11/22
Зочин · 2021/11/22
shuusen shuugch ,tsgaadsan humuusiig burhan mini taallaraa bolgooroi gej husii
Зочин · 2021/11/22
MAN-n buzar tsunkh barigchid, shuuhii shiidveriig eserguutsej, demjlege hussen gariin useg tsugluulaach egch mini, ard tumen l demjine sh tee, buzar ni bol hogiin shaarnuud shuu! Ta huchtei baij sain temtseerei, olon olon eej nar shudraga humuus tanii tald sh tee!
Зочин · 2021/11/22
Хэтэрчээ. шүүх засаглал дампуурчээ. Өмгөөлөгч нар хэлсэн ёс зүйгүй үгнийхээ төлөө эрхээ хасуул