Ил хаадын судлалын олон улсын хурал болно
2014/05/19
Дэлхийн Монгол судлал сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Монгол судлалд хамгийн том байр суурь эзэлдэг судалгааны салбар бол Их Монгол улсын үе болон дэлхийн олон улсад оршин тогтнож байсан Монгол угсааны хаант улсуудын судалгаа билээ. Олон улс, шашин – соёл иргэншлийн хөгжилд нөлөө үзүүлж дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үзүүлсэн Илхаадын улс, Алтан Ордоны улс, Цагаадайн улс, Юань улсын түүх судлал дэлхийн олон улсуудад хөгжиж байна.
Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа “Илхаадын судлал, шинэ хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хуралд дэлхийн олон том их сургуулиудын эрдэмтэн профессорууд оролцож Илхаадын түүх, соёл шашин, сурвалж судлал, дэлхийн түүхэнд үлдээсэн ул мөрөө зэрэг олон сонирхолтой асуудлуудаар илтгэл тавьж хэлэлцүүлэх гэж байна. Эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 21-23-ны өдрүүдэд МУИС-ийн 1-р байр Дугуй танхимд болох ажээ.
Ил хаадын судлал, шинэ хандлага нэрийн дор Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдах олон улсын хурал нь Монголын эзэнт гүрэн хийгээд Дундад болон Ойрх Дорнодын цаашдын хөгжилд Монгол Илхаадын шууд ба шууд бусаар оруулсан хувь нэмрийг тодруулахаас гадна олон талт судалгааны огтолцоон дээр дундад зууны Монголчуудын судалгааг илүү нарийвчлах үндэс суурийг тавих нь энэхүү эрдэм шинжилгээний зорилго юм.
Ил хаадын түүх, Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой 20 гаруй илтгэл хэлэлцэх ба Ил хаадын судлалаар дэлхийд нэрд гарсан Англи, Америк, ОХУ, Израил, Австрали, Итали, Хятад, Японы эрдэмтэд оролцох болсон нь манай орны эрдэмтэн судлаачид, оюутан, хэн бүхэнд ховор олдох завшаант үйл явдал болох юм.