Хакеруудын захад зарагдаж буй Монголчуудын мэдээллийг "Хаан" банк алдсан байж болзошгүй
2021/11/23
Хакеруудын хар зах дээр Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 доллараар зарж буй нь тодорхой болоод буй. Тэгвэл үүнтэй холбоотой нэгэн ноцтой мэдээллийг УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ хийлээ.
Тодруулбал тэрээр: "Хакеруудын олсон мэдээллүүдийг зардаг хар зах хэлбэрийн сайт байдаг. Уг сайтад Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл зарагдаж байсан, 10-р сарын 6-нд анх тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад, үүнийг шалгаж байгаа. Дансны дугаар болон тавигдсан мэдээллээс нь дүгнэхэд үүнийг "Хаан" банкнаас алдсан мэдээлэл байж болзошгүй байна." гэв.
Үнэхээр ч сүүлийн хэдэн өдөр "Хаан" банк нь хэрэглэгчийн мэдээлэл шинэчлэх гэгч үйл ажиллагааг гүйлгээ хийх эрхийг хаан байж, яаран сандран хийсэн нь үнэн юм.
Муу л бол баруун хар овоохой гэдэг шиг төрийн байгууллагууд л мэдээллээ хакердуулдаг, алддаг гэх ойлголт иргэдэд байдаг.
Тэгвэл Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн зарим нь бас л мэдээллийн аюулгүй байдлын тал дээр хангалтгүй ажилладаг байж мэдэх нь.