Энэ удаагийн дугаарын зочноор “OI” интертайментийн жүжигчин Б.Болорчулууныг урилаа. Тэрбээр “No Rules” кинонд Билэгийн дүр дээр ажилласан юм.

-“No Rules” киноны төгсгөлийн анги үзэгчдэд таалагджээ. Цахимаар таны дүрийн тухай магтсан, шүүмжилсэн сэтгэгдэл олон байна. Та уншсан байх?

 

-Манай “OI” интертайментийн дэлгэцийн 11 дэх бүтээл “No Rules” олон ангит киноныхоо төгсгөлийн ангийг амжилттай нээлээ. Кино маань үзэгчдэд таалагдаж байгаад залуу уран бүтээлчдийн хувьд баяртай байна. Миний хувьд энэ бүтээлд Билэг гээд эсрэг талын дүр дээр ажиллалаа. Найруулагч маань киногоороо нийгмийн бүхий л болж бүтэхгүй зүйл хүний нүднээс далд болоод байна гэдэг санааг хүчтэй дуугарсан. 

 

-Таны дүр нэлээн хурц араншинтай, дүр төрхийн хувьд ч сонирхолтой санагдсан?

 

-Амьдралд дөнгөж төлөвшиж, хөл тавьж байгаа залууст хоёр сонголт л байдаг. Хар ба цагаан гэдэг шиг. Билэгийн хувьд буруу замыг сонгоод, тэр ертөнцдөө л амьдардаг хүн. Энэ дүрээр залууст сургамж өгөхийг  хүссэн. Ийм хүн байдаг шүү. Энэ замаар удаан явбал эцсийн мөчид амьдрал чинь хэрхэн өөрчлөгдөх бол. Буруу зүйл, буруу зам руу л дагуулна гэдэг санааг Билэг гэдэг хүнээр харуулахыг хичээлээ.

 

-Таны хувьд өмнөх уран бүтээлүүдэд ихэвчлэн зөөлөн, эерэг дүр дээр ажилладаг байсан. Энэ удаад эсрэг дүрээр харах содон байна шүү?

 

-Манай “OI”-ийн залуус мэргэжлийн өндөр түвшинд ажиллахыг хүсдэг. “No Rules” төсөл нийтдээ 447 хоног үргэлжилсэн. Бид 447 хоногийн дараа төгсгөлийн ангиа нээж, Финалаа хийлээ. Манай уран бүтээлчид энэ төсөл дээр анх удаа Б.Болорчулуун гэдэг хүнд эсрэг дүр өгсөн. Жүжигчин хүн өөртөө итгэж байж л тухайн дүрээ гаргадаг. Гэтэл миний хувьд анх зохиолоо уншиж эхлэхэд л өөртөө итгэлгүй байсан. Ширээний уншлагын үед нэг л болж өгөхгүй, хамгийн муу нь би. Энэ нь надад сэтгэлзүйн хувьд ч дарамт болж байсан л даа. Найруулагч аль эрт Билэг гэдэг дүрийг харчихаад байдаг. Тиймээс энэ дүр яагаад уурлаад байдаг юм бэ, яг юу таалагддаггүй юм, зан чанарын хувьд ямар онцлогтой хүн юм гэсэн дотоод мөн чанараас нь намайг дүрээ босго гэсэн даалгавар өгсөн.

 

-Найруулагчийнхаа өгсөн даалгаврыг нь санасандаа хүртэл биелүүлж чадсан гэж бодож байна уу?

 

-Дүрийн судалгаа хийж Монголдоо эсрэг дүрээр гаршаад байгаа ихэнх жүжигчинтэй уулзлаа. Тэдгээр хүнтэй уулзах бүрт бага багаар дүр маань бууж, санаанд багтаж эхэлсэн. Энэ л мэргэжлийн ажиллагаа, дүрийн судалгаа. Судалгааны явцад олж авсан мэдрэмжээ найруулагчдаа хэлэхэд надад их урам өгдөг байлаа. Би Билэг гэдэг дүр дээр тултал нь сайн ажилласан гэж хэзээ ч хэлэхгүй. Жүжигчний хувьд эсрэг дүр байсан учир олзуурхсан. Дүрээ мэдрэх бүрт үнэхээр амттай, тоглох зүйл ихтэй санагдаж байсанд баярлаж байгаа. Зарим хэсэг дээр өөрийн эрхгүй дүрийнхээ өмнөөс шаналж, сэтгэл өвдөх үе байсан шүү. Найруулагч маань нэг нэвтрүүлэгт орохдоо “Би энэ кинонд эсрэг дүр дээрээ арай л илүү ажиллачихав уу даа гэж бодсон” гэж хэлэхэд нь залуу уран бүтээлч миний хувьд үнэхээр баярлаж, сайхан санагдсан.

 

сонин mn

 

-Жишээлбэл та хэнтэй уулзав?

 

-“Фантастик” продакшны жүжигчин С.Барслхагва ахтай уулзсан. Бид их удаан ярилцсан. Ах маань “Эсрэг дүр гэдэг ч хүн байдаг. Чи яаж дүрээ хайрлах вэ. Дүрээ өмөөрч тогло” гэж зөвлөсөн. Дараа нь гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг багштай уулзахад тэс өөр зөвлөгөө өгөх жишээтэй.

 

-Билэгийн дотоод мөн чанар, хувь хүн талаас нь тантай ойролцоо зан чанар ажиглагдсан уу?

 

-Би дотны хүмүүстээ хааяа жаахан түргэн уурлачих гээд байдаг талтай. Энэ талаараа төстэй байж магадгүй. Билэг бол түрэмгий зангийн дээд цэг. Хэдийгээр эсрэг дүр боловч их өрөвдөлтэй. Учир нь тойрон хүрээлж байгаа хүрээлэл дунд нь чин сэтгэлээсээ хандаж байгаа нэг ч хүн байхгүй. Зүгээр л бизнесийн хамтрагч гэж хардаг. Тиймээс л Билэг бухимдаад байдаг байх.

 

-“No Rules” бол ковидын үеийн кино. Энэ хэцүү үед зураг авалтаа хэрхэн дуусгав?

 

-Аль болох хүмүүсийн очдоггүй, мэддэггүй байршлуудад зураг авалтаа хийхийг хичээсэн. Тэр жижигхэн обьектод эхлээд зураач, зураглаачдын баг очиж ажилладаг. Нэмэлт хана босгох, нэг айлд зураг авлаа гэхэд хананых нь цаасыг бүтэн солих жишээтэй. Энэ хугацаанд кино багаараа гурван удаа PCR шинжилгээг өгсөн байна лээ. Бид энэ бүтээлээрээ олон ангит кинонд жишиг тогтоох гэж хичээлээ. Учир нь орчин цагийн үзэгчдийн мэдрэмж их өндөр болсон байна. Тиймээс аль болох чанартай бүтээлийг үзэгчдэд хүргэе гэж зорьдог.  

 

сонин mn

 

-Нэг ангит кинонд тоглох, олон ангит бүтээлд тоглох хоёрын хооронд ялгаа их бий  дээ?

 

-Их  том ялгаатай шүү. Жишээлбэл, нэг анги дээр Билэгийн гэртээ байгаа зургийг авлаа гэж бодоход дараа, дараагийн ангид яг л тэр обьектоо өөрчлөхгүйгээр авах шаардлагатай болдог. Энэ үед л нөгөө дүрийн судалгаа, ширээний уншлагын ач гарна. Зураг авалт үсрэх бүрт өмнөх ангид яалаа гэсэн тээшийг жүжигчин өөрөө санаж яг тэр үеийнхээ сэтгэлзүйгээр тоглох ёстой. Тэгэхгүй бол зөрчих гээд байдаг. Ер нь олон ангит кино жүжигчдийг илүү нээх боломж олгодог юм болов уу гэж боддог. Мөн уран чадвараа дээшлүүлэх асар том сургалт болдог юм билээ.

 

-Өнөөдөр манай уран бүтээлч залуус ур чадвар, авьяасаараа хаана ч гологдохгүй болжээ. Тэдэнд сайн бүтээл хийх хүсэл эрмэлзэл байна. Даанч санхүү босгоно гэдэг том асуудал байх юм. Та нарын хувьд энэ асуудлыг хэрхэн шийдэж байна?

 

-Манай “OI” интертайменттай хамтаръя гэсэн байгууллагууд байдаг. Нэг үеийг бодвол кино салбарыг ойлгодог, чанартай бүтээл хийе гэсэн хувь хүн, албан байгууллагууд байдаг болжээ. Бид санхүүжилтээр орж ирсэн мөнгөө аль болох л хүргэхийг хичээдэг. Биднийг дэмжсэн албан байгууллагуудын итгэлийг алдахгүй чанартай бүтээл хийх нь л бидний зорилго.      

 

-Танай продакшн анх “Хүсэл” киногоор уран бүтээлээ эхэлсэн. Тэр үеэс өнөөдрийг хүртэл олон уран бүтээлийн ард амжилттай гарлаа. Бүрэлдэхүүний хувьд нэг төгсөлтийнхөн гэсэн үү?

 

-Бид 2012 оны СУИС-ийн нэг төгсөлтийнхөн. Бидэнтэй хамт хоёр дүү маань байна. Үүнээс гадна Н.Эрдэнэсайхан гээд урлагтай ямар ч хамааралгүй нэг дүү бүрэлдэхүүнд маань багтдаг. Уг нь программист мэргэжилтэй. Манай кинонуудын эвлүүлгийн ажлыг хариуцдаг. Ер нь Монголд гарч байгаа сүүлийн үеийн бүх сайн киноны эвлүүлгийг хийсэн дээ. Бид анх 2015 онд дөрвөн найзын тухай өгүүлэх “Хүсэл” киногоо амжилттай нээсэн. Тухайн жилдээ ашиг орлогоороо тэргүүлсэн киноны нэгээр шалгарч байлаа. Манай уран бүтээлчид анх нэгдэхдээ ашгийн төлөө бус жинхэнэ  уран бүтээл хийхийн төлөө хөдөлмөрлөе гэдэг зорилго тавьсан.Тиймээс дараа, дараагийн уран бүтээлээ өмнөхөөсөө дордуулахгүй юмсан, давсан кино хийе гэж зүтгэдэг. Энэ л биднийг багаар нь хөгжүүлж байгаа гэж боддог.

 

-Кино гэхээр зөвхөн жүжигчин, найруулагчийг л онцлоод байдаг. Гэтэл ард нь бүхэл бүтэн баг ямар ч нэргүй өнгөрдөг юм шиг санагддаг. Ялангуяа дууны найруулагч мэргэжлийг кинонд хамгийн чухал гэж боддог?

 

-Киног дуу шуум, хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Кинонд жүжигчний тоглолт, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг тодотгож өгдөг нь дуу, чимээ шүү дээ. Мэдээж сайн бүтээл төрөхөд уран бүтээлч бүхний үүрэг их. “No Rules” киноны дуун дээр “Rec records”-ийн Хишгээ ах маань ажилласан. 2015 онд л анх “Хүсэл” кинонд маань хамтарч ажиллаж эхэлсэн. Мөн “Авиа” студийн О.Цэгмэдтэй байнга хамтарч байна. О.Цэгмэдийн хувьд Монголдоо 5\1 дуугаралтаар толгой цохиж байна. Эдгээр уран бүтээлчиддээ баярлаж явдагаа хэлье.

 

-“Ааваа зарна” гэсэн маркетингийг танайх хийсэн байхаа. Энэ зар нийгэмд нэлээд шуугиан тарьсан?

 

-“Гайхамшигт ертөнц” кинондоо “Ааваа зарна” гэсэн зараар маркетинг хийсэн.Үүгээрээ бид нийгмээ эмзэглүүлэхийг л хүссэн юм. “Аавыгаа хайрла” гэсэн зар тавьбал үнэндээ хэн ч тоохгүй. Бидний зорилго биелсэн.

 

-Зарын дагуу хэр их хүн залгасан бэ?

 

-Миний дүү юу гэсэн үг юм бэ. Эгч нь, ах нь авчихъя хэд юм бэ гэж хүн ярьсан. Бид багаараа уйлсан. Хоолой зангираад ярьж чадахгүй юм билээ. Анх биднийг олон хүн “Та нар мөнгө олох гэж ааваа  зарна гэсэн муухай маркетинг хийлээ дээ” гэж зүхсэн. Гэхдээ тэдгээр хүн киногоо үзээд буцаад уучлалт гуйсан. Бид ээжийгээ л магтан дуулаад аавыгаа мартаад байдаг. Тэд чинь нэг л өдөр унадаг уул шүү дээ. Тиймээс аавыгаа хайрлаж яваарай гэж залуустаа захья.

 

 

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин