Бие даагчдын долоовор хуруу үнэд ороод жигтэйхэн гэнэ, цаана чинь. Уг нь энэ парламентад чангахан дуутай, зоригтойхон гурван эрхэм аль нэг намын харьяалалгүй орж ирсэнд олон хүн баярлаж байлаа.

Бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадаагүй тул зөвлөл байгуулна гэхийг нь сонсоод бүр ч талархсан. Харамсалтай нь, тэд парламентад хөл тавьсан эхний өдрөөсөө эрх баригчдын үнэ хаялцах дүрэмгүй тоглоомд хутгалдаж, дунд хуруугаа үнэлж эхлэв. Эхэндээ Засгийн эрхийг атгаж байгаа АН-д дагаар орох нь гэх яриа тархаж, эрхмүүд энэ бүхнийг няцааж, бас үгүйсгэсэн мэдээлэл, мэдэгдлүүдийг угсруулан хийж байлаа. Гэвч хөшигний цаана асуудал өрнөж, наймаа ид явагдаж байж. Улмаар тэдний дунд хуруу ямар үнэд хүрснийг олны яриа бататгах нь тэр. Хоосон хоцорчих вий гэж айж сандарч байсан гурван бие даагч юу юугүй л МАН-д орчихно гэж хэсэг хугацаанд АН-ынхныг айлгасныхаа хүчинд ах, дүү амраг саднаа томилгоонд шингээж дөнгөсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн төрсөн дүү Татварын ерөнхий газрын дэд даргаар, Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болоржаргал “Монголросцветмет”-ийн захирлаар очсон сурагтай. Энэ бол тэдний кноп дардаг хуруу ямар үнэ цэнэтэйг илтгэж буйн баталгаа. Тэдний дэргэд мань мэтийн долоовор хуруу ямар ч үнэгүй. Илүү ургасан мах шиг харагдах аж. Энэ бүхнээс нь харахад бие даагчид биш биеэ үнэлэгчид болжээ тэд. Хуруу хумсаа хүртэл худалдаж байгаагаас нь үзвэл тэгж хэлэхгүй байхын аргагүй. Уг нь тэднийг АН, МАН-ын гишүүдийн аль алинаас нь өөр байна гэж сонгогчид нь итгэсэн. Тийм болоод л намаасаа урвасан урвагчдыг дэмжсэн бас итгэл хүлээлгэсэн. Намын үүрээсээ өндийж ч амжаагүй байсан Х.Болорчулууныг бие дааж нэр дэвшихэд нь итгэл хүлээлгэсэн шалтгаан ердөө л энэ. Гэтэл мань эр Засгийн газар танхимаараа ганхсан энэ үед бялуугаа голж, долоовор хурууныхаа гайхамшгийг үзүүлж, үнэд хүргэхээр санаархаж байгаа тухай чих дэлсэв. Тодруулбал, тэрбээр “Монголросцветмет”-ийг голж, илүү их бас томыг хүссэн сурагтай. Мань хүний хувьд долоовор хуруу нь “Монголросцветмет”-ээс хэд дахин өндөр өртөгтэй юм байх. Иймээс яаран сандран хямдхан үнэлсэн хуруугаа дахин үнэ хаялцуулахаар аашилж эхэлсэн гэдэг шүү. Ганц долоовор хуруу хүртэл дордох цагт олдохгүй ховорхон эрдэнэ гэдгийг эрхэм түшээ гадарлачихсан нь энэ.

Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёрыг МАН-ын угшилтайг ард түмэн сайтар мэднэ. Тэр дундаа сонгогчид нь. Тиймээс эр хүний жудаг гаргаж, өөр намд биеэ үнэлж, хуруугаа худалдаж байхаар намаасаа сонгогдсон гишүүдтэйгээ нийлж сөрөг хүчний байр сууринаас асуудалд ул суурьтай хандана гэж ажиглагчид таамаглаж байлаа. Харамсалтай нь, тэдний өртөг хэтэрхий өндөр аж. Хөрөнгө мөнгө ихтэй ах намынхан хүртэл үнэ хаялцаад дийлээгүй юм гэдэг шүү. Уг нь эл хоёр эрхмийн удам судрыг нь хөөвөл хуучнаар Сэцэн ван, То вангийн хошууных юм билээ. Энэ хошууны тэр үеийн эрчүүдийг хүчтэй хүмүүстэй арцалдаж, дорой буурай доодчуулыг тэтгэж нигүүлсэнгүй сэтгэлтэйгээрээ алдартай байсан тухай үлгэр домог, ном зохиолд бичиж үлдээсэн байдаг. Гэтэл Х.Болорчулуунаас лав ийм үнэр үнэртэхгүй байна.Хуруу хумсаа худалдаад зогсохгүй ядаж байхад хумсан завсраа хүртэл нян агуулах юм энэ эрхмүүд. Хумсан завсар байгаа бохир нян хүний биед орохоороо савханцар, шар өвчин үүсгэдэг гэдийг бид мэднэ. Гэхдээ тэднийх арай өөр төрлийнх. Яг ямар гэдгийг нь мэдэхгүй ч Засгийн газрыг хордуулах тийм хэмжээнд байгааг нь харж байна.

 Л.НИНЖСЭМЖИД