“Бодь”-ийн Л.Болд зэвсгийн наймаа хийсэн үү
2013/04/15
Мөнгө хүүлж болох хамгийн ашигтай бөгөөд аюултай гэмт хэргээр хүний наймаа, хар тамхи, зэвсгийн наймаа нэрлэгддэг. Эдгээр нь “сериал” дээрээс харагддаг, хол хөндий мэт санагдавч дээрх гэмт хэргүүд Монголын хөрсөнд “ургац сайтай” соёолж эхэлжээ.
Тиймээс эдгээр үгсийг шинэ төрлийн хэмээн гайхширлаа барах нь утгагүй болж. Ялангуяа, төрийн өндөр албан тушаалтан, төр захиргааны жижиг нэгжүүдийн том дарга нараас албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг хөвөрч байгаа энэ үед бүр ч гайхаад хэрэггүй. Тэднээс элдэв янзын “эдээ бээр” шахагдаж тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгөтэй нууц данс илрэх боллоо. Мэдээж дээрх төрлийн гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний мөнгөтэй болсон тохиолдол албан тушаалтнаас илрээгүй ч илрэх магадлал ихсэв. Тодруулбал, 1993 онд “Бодь” гэх группийг өлгийдөн авч өдгөө 20 орчим охин компани төрүүлээд буй УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдыг зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдлаа.
Сийрүүлбэл, Л.Болд нь 2008 оны парламентын сонгуулиар УИХ-ын сонгуулийн XXI тойрог буюу Хан-Уул, Багануур, Багахангай дүүргээс ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ээлжит удаагаа сонгогдсон байдаг. Харин тухайн үеийн улс төрийн томилгоо Л.Болдыг Батлан хамгаалах (БХ)-ын сайд болгож орхисон нь өнөөгийн зэвсгийн наймаа гэх үгийг даллаад буй юм. Энэ талаар олон янзын “таавар” байгаа ч дунджийг баримтлан өгүүлбэл, одоогийн БХ-ын сайд Д.Бат-Эрдэнийг ОХУ-д айлчлал хийх үеэр Зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчний командлагч, Бригадын генерал Т.Дашдэлэг айлчлалын багт багтжээ. Гэсэн ч түүнийг хилээр гаргахгүй байх тодорхой шалтгаан байсан нь зэвсгийн наймаа байж болзошгүй байгаа билээ. Түүний араас онц ноцтой эл гэмт хэргийн хамсаатнаар хэд хэдэн хүнийг шалгасан ч одоогоор албаны мэдэгдэл өгөхгүй байгаа. Гэхдээ Т.Дашдэлэг мөрдөн байцаах явцад “Хэргийн талаар БХ-ын сайдаар ажиллаж байсан Л.Болд маш сайн мэднэ” хэмээсэн хэргийн явцыг нэг шат ахиулж, өөр рүү нь чиглэсэн өнцгийг өөр тийш эргүүлж чадсан юм. Харин өнөөдрийн байдлаар Л.Болд хэрэгт холбогдон шалгагдсан гэх ямар ч мэдээлэл байхгүй ч хэрэгт холбоотой байж болох мэдээллүүд байгаа юм. Түүнийг өөрийн “Бодь” группээр дамжуулан 1.8 сая ам.долларыг урьдчилгаа болон авсан эсвэл 300 мянган ам.доллар авсан гэх мэдээллүүд байгаа. Харин тэрхүү мөнгө нь “МИГ-21” сөнөөгч онгоцны мотортой холбоотой. Учир нь Л.Болд сайд ахуйдаа Оросын холбооны улстай “МИГ-29” загварын байлдааны онгоц худалдаж авах гэрээ хийсэн гэнэ. Тэрхүү шинэ онгоцны сургаар 20 гаруй хуучин онгоцоо задалж, худалдаж эхэлсэн юм байх. Харин эд ангиар нь хуваах ажлыг БХ яамны харьяа “Транс Сэрэлт” компанийн ажилчид гүйцэтгэсэн юм байх.
Гэтэл 1979 онд БНМАУ-ын Зэвсэгт хүчин, ЗХУ-ын зэвсэгт хүчин харилцан гэрээ байгуулсанд нь “Монгол Улс, Оросоос авсан зэвсэг, техникээ гуравдагч оронд худалдахгүй байх, эд ангиар нь задлах тохиолдолд Оросын талаас зөвлөгөө авах, хүн байлгах” зэргийг дурьдсан байдаг аж. Үүнээс болж, Оросын эсэргүүцэлтэй тулгарсан БХ яам Хойд Солонгос руу тус онгоцны моторыг илгээж чадахгүй саатсан гэх. Тиймээс умардынхан мөнгөө төлчхөөд нийлүүлэлт аваагүй учир олон дахин шаардсаар, эл хэргийг олны хүртээл болгосон байх талтай аж. Харин өнөөдрийн байдлаар Л.Болд ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь иргэдийн харийг ихээхэн төрүүлж буй. Юутай ч Л.Болд нь улс төр, бизнес хоёрыг хослуулж яваа буюу хувийн ашиг сонирхол гэх үгний “бай” болсоор ирсэн. Энэ нь Паркийн газрыг хуваалцах ажиллагаа, “Дайны эрсдлийн даатгал”-аас өндийсөн “Монголиан эйрланс” зэрэг групптэй “хэтэвч нэгдсэнтэй” холбоотой. Түүнчлэн өдгөө тэрбээр гадаад харилцаа гэх амин чухал салбарыг манлайлж явна. Бизнес сэтгэлгээ нь асар өндөр хөгжсөн түүний хувьд энэ нь алтан боломж ч юм билүү хэн мэдлээ. Магадгүй банк санхүү, барилга, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл технологи, хэвлэл мэдээлэл зэрэг салбарыг цогцлоосон түүний бизнес Монголоос хальж гадаад зах зээлд тэмүүлэхэд нь түүний албан тушаал ихээхэн нөлөөлөхийг хэн ч үгүйсгэхгүй.
Б.ШИРНЭН