Энэ удаад бид саяхан Монгол Улсын гавьяат жүжигчин болсон дуучин С.Нарантай холбогдлоо.

Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлсэнд тань баяр хүргэе. Анх энэ мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

 

Шагнуулах тухайгаа нэг хоногийн өмнө л мэдсэн. Би өмнө нь энэ мөчийг хэзээ ч төсөөлж байгаагүй. Үнэхээр гэнэтийн байлаа. Намайг дэмждэг, уран бүтээлийг минь сонсдог сонсогчиддоо  баярласнаа илэрхийлье. Мөн намайг ойлгодог, хайрладаг бүх хүнд талархаж байна.

 

Шагналаа авсны дараа ямар мэдрэмж төрсөн бэ? 

 

Тухайн үед хариуцлага ирлээ гэж өөртөө хэлсэн. Намайг дахиад сайн хөдөлмөрлө гэж энэ эрхэм шагналд тодорхойлсон гэж бодогдож байна. Тиймээс цаашдаа улам хичээх болно.

 

Та урлагийн ертөнцөд олон жил хөдөлмөрлөж байна. Шинэ, залуу уран бүтээлчдийг  ямар байгаасай гэж хүсдэг вэ?

 

Чин сэтгэлээсээ хөдөлмөрлөөсэй л гэж хүсдэг. Жинхэнэ дуучин болж чадах эсэх нь тухайн уран бүтээлчийн хөдөлмөрийн үр шимээс л хамаардаг. Аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүнд амжилт ирдэг гэж би боддог. Миний хувьд ч илүү бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой юм байна. Маш том хариуцлагыг мэдэрлээ. Залуустаа, уран бүтээлчиддээ улам зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой юм байна.

 

Дуучин болох таны хүүхэд насны мөрөөдөл үү?

 

Миний хувь тавилан намайг эргэлт буцалтгүй урлагийн замд хөтөлсөн гэж боддог. Анх найзтайгаа кино драмын ангид шалгалт өгч, тэнцэж явлаа. Энэ үеэс урлаг гэдэг ертөнцтэй амьдралаа холбосон. Уг нь би дуучин болно гэж бодож байгаагүй. Гэхдээ л багаасаа дуулдаг байсан. Миний амьдралын замнал энэ л байж. Ямар замаар явах ёстойг багаас минь надад зааж өгсөн хэрэг. Урлагаас өөр замаар явсангүй. Энэ амьдрал минь ч зөв гэдгийг би мэдэрдэг.

 

Хөвсгөл нутгийн дуучид хоолойны цар хүрээ сайтай гэх юм билээ. Та ч бас энэ нутгийн охин доо?

 

Нутгаараа үргэлж бахархаж явдаг. Тэр сайхан нутгаас олон мундаг дуучин төрсөн нь газар нутгийн онцлогтой нь холбоотой байж болох юм. Үгээр хэлэмгүй гайхалтай онгон байгальтай. Тийм байгальд өссөн хүмүүс чинь урлаг, уран зохиолд онгодтой байхаас яах билээ.

 

Та микрофоноо бариад тайзан дээр гарахдаа ямар мэдрэмж авдаг вэ?

 

Тайзан дээр дуулах нь мэдээж үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Би дуундаа сэтгэл зүрх, мөрөөдлөө шингээдэг. Хүмүүс миний дууг сонсоод аз жаргал, сэтгэлийн сайхныг мэдрээсэй л гэж хүсч байна.

 

 

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин