Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр маш ноцтой мэдээлэл хийв. Тэрбээр “Чингис хаан" банк төлбөрийн чадваргүй болсон нь үнэн. Тиймээс бид хэд хэдэн шаардлага хүргүүлсэн. Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 76 тэрбум төгрөгийн өр үлдсэн” гэж мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар он солигдохын өмнөхөн "Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олон Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн эх үүсвэрийн хүү, торгуулийн хамт хуваарийн дагуу бүрэн төлбөр хийж дуусгажээ...” гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй

“Д.Сумъяабазар хэлсэндээ хүрч, банкныхаа өрийг төлжээ" гэж худлаа шоудсан нь ийнхүү ил болов. Д.Сумъяабазарыг хэлсэн үг, хэвлэл, сошиалаар нэг хийсэн ПИАР-таа ороогдож байх зуур түүний дүү Асашёорюү Д.Дагвадоржийн талаар Японы “Шюүкан бүншюн” гэдэг хэвлэлд анхаарал татахуйц материалыг 2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд нийтэлжээ.

Энэхүү нийтлэлд “Нихон их сургууль буюу “Ничидай”-н Ерөнхийлөгч асан Хидетоши Танакаг Токио хотын Прокурорын газрын Тусгай мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа. Танакагийн эхнэр Юког мөн адил шалгаж эхэлсэн ч гэрээс нь олдсон 100 гаруй сая иенийн тухайд Танака “Энэ миний орлого. Эхнэр маань энэ тухай бараг мэдэхгүй” гэсэн учраас эхнэрийг нь мөрдөн шалгах ажиллагааг түр түдгэлзүүлсэн юм байна. Харин Хидетоши Танакагийн ойрын хүн болох Тадао Иногучиг хууль хяналтынхан баривчилж, яллагдагчаар татжээ. Тадао Иногучигийн хувьд, “Ничидай’’-аас төрөн гарсан сүмочид, олимпийн медальтнуудын шагналыг авч, бизнесийнхнээс мөнгө цуглуулж, Танака руу шилжүүлдэг байсан. “Ничидай”-тай холбоотой энэхүү мөнгөний урсгал нь мөсөн уулын дөнгөж орой нь.

 

Хидетоши Танака Нихоних сургууль буюу “Ничидай”-н Ерөнхийлөгчөөр 2008 оноос эхлэн ажиллаж байсан. Түүнийг “Өнгөрсөн 13 жилийн туршид хуримтлуулсан хөрөнгөө гадаад руу гаргасан байж болзошгүй” хэмээн прокурорын байгууллагынхан сэжиглэж байгаа аж. Тиймээс Танакад холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгана" гэсэн утга бүхий мэдээллийг дурьдсан байна. Харин Японы хэвлэлийнхний анхаарлыг Асашёорюү Д. Дагвадорж юуны учир татах болов!?

 

“Шюүкан бүншюн”-д хэвлэгдсэн дээрх нийтлэлд “Токио хотын Прокурорын газрын Тусгай мөрдөн шалгах хэлтсийнхний шалгасан өөр нэг зүйл бол “Mongolian route” юм. Учир нь Танака сан Монголтой их холбоотой. Түүний удирдаж байсан “Ничидай”-н сүмо клуб Монголоос бөхчүүдийг хүлээж авдаг.

 

Танака эхнэртэйгээ хамт Монголд очиж байсан. Хэдэн жилийн өмнө тус улс руу яваад ирэхдээ “Монголд нэгдүгээр ангиллаар зочлоод ирсэн ч хоол нь амтгүй байсан” гэж ойр дотныхондоо ярьж байжээ. Танакагийн нэгэн танилын ярьснаар, тэрбээр Асашёорюүгийн талаар их ярьдаг байсан аж. Асашёорюү Д.Дагвадорж өдгөө Монголд Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг удирдаж байгаа. Ноён Танакагийн Монгол дахь хөтчөөр ажиллаж байсан Асашёорюү Д.Дагвадоржийн сүлжээ Тусгай мөрдөн шалгах хэлтсийнхний сонирхлыг их татаж байна” гэж дурдсанаас харвал

 

Японы хууль хяналтынхан Танака-“Ничидай”-Асашёорюү Д.Дагвадорж нартай холбоотой "Mongolian route" буюу “Монгол маршрут”-тай холбоотой тун ноцтой утасны үзүүрээс атгасан байж мэдэх юм.

 

Түүгээр ч зогсохгүй энэхүү нийтлэлд “Токиод Төлөөлөгчийн газартай Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, ШЗ-ийг үүсгэн байгуулагч Хидео Савадагийн “Савада холдингс” компани ХААН банкны хувьцааг Токио дахь хөрөнгө оруулалтын компанид худалдсан. Ийнхүү ноён Савадагийн оролцоо байхгүй болсон ч ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь ихээхэн анхаарал татаж байна” гэж Токио хотын Прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд ярьсан талаар цухас дурдсан нь анхаарахгүй өнгөрөх сэдэв биш.

 

Учир нь Монголын хамгийн олон харилцагчтай ХААН банкны 60 хувийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 01-нд “Савада холдингс” компани “Мета капитал" компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд худалдсан нь одоо ч олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа. УИХ-ын чуулганы танхимд энэ асуудал өндрийг авч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нарын хувийн банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жил мөнгөө авч чадахгүй байгааг ил болгосон юм. Ах, дүү хоёр бөхийн хувийн банкинд “гацсан” энэ мөнгөний тоо 114.1 тэрбум төгрөг! Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкны тухай хуулийг зөрчиж, ХААН банкны 60 хувийг худалдах тендер явуулах зөвшөөрлийг олгосон энэхүү “Криминал ажиллагаа”-нд ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар ил, далд оролцсоныг хэвлэлүүд хэдийнэ мэдээлсэн.

 

Өөрөөр хэлбэл, ах, дүү хоёр бөх ХААН банкны 60 хувийг наймаалцах операцид Монгол, Японы талд зуучийн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Монголбанк, Худалдаа хөгжлийн банк, ХААН банк хооронд гинжин хэлхээ үүсгэсэн энэхүү ажиллагаанд оролцсоныхоо “шагнал”-ыг ч тэд сая авав бололтой.

 

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр өчигдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк 14 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гаднаас татсан. Иймд 14 тэрбум төгрөгийн зээлийг оны өмнө тусламж хэлбэрээр олгосон...” гэж мэдэгдсэн нь нэгийг хэлэв биш үү. Б.Лхагвасүрэн тэргүүтэй Монголбанкны удирдлагууд Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нараас хувийн банкныхаа өрийг барагдуулахыг шаардах ёстой атал өрөө зээлээр төлөхөд нь тусалдгийн учир юу билээ.

 

Японы “Шюүкан бүншюн" гэдэг хэвлэлд бас нэгэн ноцтой зүйлийг дурдсан нь “Цаашид “Mongolian route”-тэй холбоотой шинэ “Тамари” (Хууль бусаар хадгалсан хөрөнгө.орч) олдвол ноён Танакаг дахин шалгах сэжүүр гарч ирнэ гэсэн үг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Сүэмацү Шинсүкэ “Ничидай”-н асуудалд онцгой анхаарал хандуулж, Танакагийн учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх явц ямар байгааг шалгах үүргийг холбогдох албаныханд өгчээ” гэсэн хэсэг юм. Ямартай ч Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нарын хувийн банк төсөв болон төрийн өмчит хуулийн этгээдүүдийн 76 тэрбум төгрөгийг одоо болтол гаргаж өгөөгүй байгааг Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн илчилсэн бол Японы “Шюүкан бүншюн”-д Токио хотын прокурорууд “Ничидай"-н Ерөнхийлөгч асан Танакаг мөрдөн шалгах явцдаа Асашёорюү Д.Дагвадоржийн мөрөөр мөшгих болсон талаар ийн мэдээлжээ.

Б.Гэрэл

sonin.mn