Чавхадсан инфляци
2022/01/07
Н.БАТ
“Ковид-19” хэмээх цар тахал дэлхийн олон орны эдийн засгийг “эвдэж, гэмтээсэн” хэвээр байна. Магадгүй энэ жилийг улс орнууд эдийн засгийн хувьд “бүтээн байгуулалт”-ынх болно хэмээн итгэж байсан ч дүрс, мөн чанараа өөрчилсөн “ковид-19” ахиад л олон олон асуултын тэмдэг, тодорхойгүй байдлыг дагуулсаар...
Манай улсын хувьд 2022 онд инфляцид дарлуулах нь тодорхой болоод байгаа. Инфляцийг энэ оны эхний саруудад 12 хувьд хүрээд тоормос гишгэнэ хэмээн эдийн засагчид хэлж байв. Гэвч он дамнахад 10 хувийн босго хэдийнэ давчихсан инфляци Сар шинийн баяртай “золгож”, оны дундуур 12 хувьд хүрч зогсоно гэдэг ёстой горьдсоны гарз болох нь.
Хүн амын 30 хувь нь ядуу, хөдөлмөрийн бүтээмж уруудсан- 2020
2020 оны ядуурлыг дүнг өнгөрсөн оны сүүлийн өдрүүдэд Статистикийн хорооноос танилцуулсан. Монголд 903,4 мянган хүн ядуу амьдарч байна. Нийт хүн амын 27,8 хувь. 2018 онд энэ дүн 28,4 хувь байсан гэхээр 0,6 хувиар буурсан мэт харагдаж байгаа ч 3,4 сая хүнийнх нь 903,4 мянга нь ядуу байгаа улс ядуурлын түвшин буурч гэж “баясах” зүйл огт биш.
Магадгүй коронавирусийн цар тахлын өрхийн амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээнүүд хэрвээ байгаагүй бол энэ тоо бүүр дээш чавхдах байсан биз. Гэхдээ халамжилж, хоол халбагадаж өгөх нь ядуурлыг бууруулах, ядаж түвшинг нь өсгөхгүй барих оновчтой арга ерөөс биш гэдгийг бид өөрсөд дээрээ туршиж мэдэрсээр байна. Энэ бол 2020 оны тоо. Өөрөөр хэлбэл коронавирусийн цар тахлын сургаар хөл хорио тогтоож, сандарч гүйж байх үеийнх. 2021 онд бид жинхэнэ утгаараа ковидод дарлуулсан он өнгөрлөө. Харин ирж буй энэ онд тоон үзүүлэлт дээш харвах уу, доош уруудах уу.Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн танилцуулснаар 2020 онд 65 мянган ажлын байр алдагдсан. Цаашид 130 мянган ажлын байрыг алдах эрсдэл үүссэн байсан ч 2021 онд хэрэгжүүлсэн 10 их наядын цогц төлөвлөгөөний ачаар 120 мянган ажлын байрыг хадгалж чадсан гэсэн. Мэдээж энэ ажлын байрны дийлэнх нь нийслэлд ногдоно. Гэвч өнөөдөр 1,6 сая хүн амтай нийслэлийн 400-гаад мянга нь ядуу гэсэн ангилалд тууж яваа. Метрополитон хотын нийт хүн амын 30 хувь нь ядуу гэсэн үг. Үнэндээ 10 их наядыг зах зээл рүү нийлүүлээд 30 хувийн ядуурдлыг бууруулж чадахгүй хэвээр байна. Энэ бол ердөө хоёр жилийн өмнөх тоо биш шүү. 15 жилийн өмнө ч энэ тоотой хөөцөлдөж байсныг санаж байна.
Өрхийн орлого улсын дунджаар сая 636 мянган төгрөг байгаа бол зарлага сая 500 мянга орчим төгрөг байна гэсэн статистик мэдээ өнгөрсөн жилийн гуравдугаар улирлын байдлаар гарчээ. Хэдийгээр улсын дундаж бас өрхийн мөнгө орлого дээр өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнг нэмж өрхийн орлогын тооцоолдог статистик үзүүлэлт ч гэлээ ийм тогтмол орлоготой өрх тун цөөн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Сүүлийн хоёр жилийн хөл хорио, хилийн хориг, тээврийн зардал гэх мэт асуудлаас үүдэж, бизнесийн секторын хөдөлмөрийн бүтээмж 2020 онд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ан агнуур, боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан хангамж, санхүү болон даатгалын салбарт өсөлттэй гарсан ч усан хангамж, бохир ус хог хаягдал, барилга, бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар, тээвэр агуулахын үйл ажиллагаа, байр сууц болон хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа, мэдээлэл холбооны салбарын хувьд хасах үзүүлэлтэд орчихсон яваа. Тэгвэл монголчууд аль салбартаа түлхүү ажиллаж, аль салбараас амьжиргаагаа залгуулдаг билээ. Өнөөх бүтээмж нь бүхэлдээ уруудчихсан барилга, бөөний болон жижиглэн худалдаа, хүнсээр үйлчлэх салбар нь дийлэнх олонхийн амьжиргааг бүрдүүлдэг нь үнэн.
Зөвхөн Монголд биш ч -2021
Дэлхийн улс орнууд чадлынхаа хэрээр ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх талаар боломжит бүхий л арга хэмжээг авч, хэрэгжүүлж байгаа ч ажил эрхлэлт өнөөдрийг хүртэл 2019 оных шиг түвшинд хүрч чадахгүй байгааг олон улсын шинжээчид онцолж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй.
Гэтэл 2021 оноос эрчээ авсан инфляци энэ жил хар хурдаараа “гүйх нь”. Хэдий хүртэл хэр хол “гүйх”-ийг үнэндээ та бид байтугай толгой эдийн засагчид нь таамаглаж чадахгүй суугаа. Хоёр жилийн өмнө л хөгжлийн хурдаа авлаа гэж байсан Турк Улс эрчээ авсан инфляцийн жишээ болох шинжтэй. Өнөөдөр тус улсын инфляц 21 хувиар өсч, лирийн ам.доллартай харьцах ханш 45 хувиар унасан гэсэн мэдээ байна. Ингэснээр инфляцийн түвшнээр “тэргүүлсэн” эхний найман улсын нэг болчихлоо. Зөвхөн Турк гэлтгүй Европын олон оронд инфляцийг хэрхэн торгоох талаар Төвбанкууд нь толгой гашилгаж эхлэв. Учир нь энэ удаад инфляцийг бодлогын хүүгээр тогтоох нь дөнгөж толгой өндийлгөх гэж байгаа эдийн засгаа татаж унагах эрсдэлийг шууд дагуулж байгааг дэлхий нийтээр мэдэж мэдэрч буй. Монголд Улсын хувьд 10 их наядын цогц хөтөлбөр зарлаж, банкууд 3 хувийн хүүтэй зээл олгох замаар хувийн хэвшлийг дэмжиж, төр үүнийх нь төлөө хүүгийн зөрүү төлөх замаар ажлын байраа хадгалах гэж хичээж байгаа. Тиймээс өнөөдрийн түвшинд бодлогын хүүгээр аргамжих гэдэг гаргалгаа биш гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Уг нь аль ч оронд зах зээлд эргэлдэж байгаа мөнгийг хумьж, худалдан авалтыг сааруулах байдлаар инфляцийг тогтоодог жишиг бий. Учир нь инфляци бол эрэлтээс үүдэж үсэрдэг байв. Харин энэ удаад нөхцөлд байдал тэс өөр.Дэлхийн олон орны Төвбанк ийм шокноос гарч чадаагүй байна. Хүнс, нефтийн үнийн өсөлттэй бөмбөрцгөөрөө туллаа. Гэтэл энэ хоёр бүтээгдэхүүн гайхал инфляцийн өсөлтийн 50 хувийг бүрдүүлчихэж байгаа юм. 2021 онд нефтийн үнэ 40 хувиар өсөв. Үүнийг дагаад шатахууны хангамжинд ч нөлөө үзүүлснийг бид биеэр амссан. Дээрээс нь тээвэрлэлт, импортын үнийн шок. 2021 оны эхний саруудад 40 тонн чингэлгийг 1500-2000 ам.доллараар татаж байсан бол 9 дүгээр сард 10300 ам.долларт хүрсэн нь даруй тав дахин өссөн үнэ болов. 12 дугаар сарын сүүлээр 9300 ам.доллар болсон ч харамсалтай нь энэ мөнгөөр авья гээд ч чингэлэг олдохгүй байгааг манай бизнесийнхэн хэлдэг. АНУ-аас нэг кг ачаа авахад тээвэрт та 15 ам.доллар төлнө гээд бодоод үз. Нэг кг чихрийн төлөө 42 мянган төгрөг төлөх үү. Магадгүй энд тэндгүй байдаг “Америк бараа” гэсэн дэлгүүрээс та үүнийг мэдэрнэ. Яг үнэндээ эдийн засгийн хэт халалт буюу эрэлтээс үүдэж өсдөг инфляци өнөөдөр хомсдлоос үүдэж өсөх нь тодорхой болсоор байгаа юм. Ийм үед мөнгөний бодлого, бодлогын хүүгээр тогтоон барина гэх нь үнэхээр өрөөсгөл болсныг эдийн засагчид төдийгүй энгийн уншигч та ч ойлгоно. Монголбанкнаас өнгөрсөн оны сүүлийн гурван сард репо санхүүжилтийн хэмжээг бага зэрэг танаж эхэлсэн ч бараа бүтээгдэхүүний хангамжийг аль болох сайжруулахын тулд худалдааны салбарынхыг танахгүй байхад анхаарч, энэ жил арай тавиу мөнгө тавьсан гэж байсан. Тэгэхээр өнөөдөр үнээс илүүтэй хангамж гэдэг чухал зүйлд бүх нийтээрээ анхаарал хандуулж эхэлснийг бас онцлох хэрэгтэй болох нь.
Тэгвэл гар хумхиад суусаар байх уу-2022
Монголбанкнаас өгсөн мэдээллээр эдийн засгийн сэргэлтийг хойшлуулахааргүй, өсөлтөд саад болохгүй байдлаар бодлогын арга хэмжээ авна. Ирэх гуравдугаар сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаар энэ асуудал яригдах нь тодорхой. Гэхдээ өнөөдрийн 6 хувийн бодлогын хүүг өсгөлөө гэхэд төдийлэн нэмэхгүй байх гэв. Мөн хэдийгээр оны эхний улиралд инфляци оргил цэгтээ хүрнэ гэдгийг толгой дохин хүлээн зөвшөөрч байгаа ч оны төгсгөл хүртэл тасралтгүй буурч, 6 дээр нэмэх хасах 2 хувь руу орж ирнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн өөдрөг мэдээлэл өгч буй. Гол нь нефтийн үнэ баррель нь 80 ам.доллараас давахгүй байх, хүнсний үнийг бас өнөөдрийн түвшнээс нэмэхгүй барих нь чухал гэж үзжээ.
Харамсалтай нь энэ бол үнэхээр өөдрөг төсөөлөл юм. Монголын 17 аймгийн 90 суманд шүлхий өвчин гарчихсан байхад манай улсын инфляцийн гол таван “сум”-ны нэг болсон махны үнэ одоогийн түвшинд зогсоно гэдэг мөрөөдөл биз. Нөгөө талаас шатахууны үнэ. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэ хэмээн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шатахууны үнийг оны өмнөхөн чөлөөлсөн. Ингэснээр импортлогч компаниуд алдагдалгүй ажиллахын тулд литр АИ92 шатахууны үнэ 2350 төгрөгт хүрэх нь тодорхой болсон. Гэхдээ ашигтай ажиллахаар төлөвлөж байвал багадаа 50 төгрөг нэмэгдэнэ биз. Дээрээс нь гадаад орнуудын нөхцөл байдал шатахууны үнэд шууд нөлөөлөх нь тодорхой. Наад зах нь Казахстаны байдал. Мөн Хятад Улс өвлийн олимптой холбогдуулан О ковид хэмээн хилийн хатуу хориг тавьсан нь ч нөлөөлнө. Энэ бүхэн чавхадсан инфляцийг улам өрдөх биз. Эдийн засагчдын зүгээс өндөр инфляци нь ажилгүйдэлтэй зэрэгцээд явчих вий гэдгээс хамгийн ихээр болгоомжилж байгаа гэнэ. Хэдийгээр дэлхий нийтээр үгүй байх хэмээн итгэж эрсдэлээс сэргийлэхийн тулд хөдөлмөрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдсэн. Мөн инфляци өслөө гээд цалинг өсгөх нь бие биенээ давж гарах гэсэн тасралтгүй тойрог руу түлхэх эрсдэлтэйг анхааруулж байна. Гэсэн ч дэлхийн олон орны Төвбанкууд ингэлээ гээд гар хумхиад суухгүй нь тодорхой. Инфляци төсөөлснөөс хурдтай “зүтгэвэл” тохиргоо хийнэ гэдгээ ч хэлж буй. Гэхдээ ажил эрхлэлтийн түвшин харьцангуй сэргэлттэй байгаа, өрхийн хэрэглээ нь хэвийн түвшинд хүрсэн улс орнуудын хувьд бодлогын хүүгээр тохиргоо хийх тухай асуудал яригдана. Харин манай улсын хувьд ямар байгаа билээ? Чавхадсан инфляцийг төсөөлсөн 12 хувьдаа барина гэж “мөрөөдлөө” гээд хүслээр болохгүй. Гол нь иргэдийн нуруунд үүрэх ачааг л зөв тооцоолоосой.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН