Эдийн засгаа 100 хоногт багтаан эрчимжүүлнэ гэж ам гарсан гарч 70 гаруй төлөвлөгөө боловсруулсан эрх баригчид 12 өдрийг ардаа орхилоо.

Энэхүү 100 хоногт элгээр мөлхсөн Монголын эдийн засаг сэхэл авна гэдэгт олон гишүүд эргэлзээтэй байгаа.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "2012 онд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг жилийн дараа 11 хувьтай болгож бууруулсан. Хоёр жилийн дотор эдийн засгийг хүндрэлд оруулсан Ерөнхий сайд, Засгийн газар 100 хоногийн дотор эрчимжүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. "Эдийн засаг хүндрээгүй, бүх юм сайн сайхан байгаа", "Ард иргэдийн амьдрал сайжирч байгаа" гэж ярьж байсан Засгийн газар өнөөдөр уг тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцэж өгөөч гэсэн асуудлыг тавьж байна. 100-хан хоногт бүхнийг сайхан болгоно гэж хэлж байна. Цонхны цаанаас чихэр долоолгодог, худал амлалт өгдөг ээлжит оролдлогоо хийж байна. Энэ хугацаанд эдийн засаг сэргэж, ард иргэдийн амьдрал сайжирч чадах уу. Ийм учраас эрх баригчдад туслах, эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд намын бүлгээс ажлын хэсэг байгуулж ажиллана" гэсэн.

Хар ухаанаар бодоход хоёр жилийн дотор эдийн засгийг сөхрүүлчихээд 100 хоногт эрчимт эмчилгээгээр сэхээнэ гэдэг бол шоу гэдгийг ч зарим гишүүд ч хүлээн зөвшөөрсөн.

Эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэснээ одоо 88 хоног үлдсэн энэ хугацаанд хэр сайжрах бол гэдэгт жирийн иргэдээс авахуулаад гишүүд ч эргэлзэж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "100 хоног гэж яриад байгаа нь шоу гэж ойлгож байгаа. Угаасаа би энэ Засгийн газрыг “шоугаа боль” гэж байнга хэлдэг. Сүүлийн үед ажиглаад байхад шоу, пиар нь хэрээс хэтэрчихлээ.Гэтэл бодит байдал дээр засаглалын хямралд орсон нь ил болж эхэлж байна. Сайд нар өөр байр суурь илэрхийлдэг. Монголбанкны ерөнхийлөгч нь “Ханшийн хямрал болчихлоо” гэж байхад Засгийн газрын гишүүд нь “Хямраагүй, бүх зүйл сайхан байгаа” гэдэг. Хэдхэн хоногийн өмнө бүх зүйл сайхан байгаа гэж байсан Н.Батбаяр сайд “Үнэн, банкууд мөнгөгүй болж байна” гэж байна. Хэлж ярьдаг нь минутын дараа өөр болчихдог. Улс эх орныхоо нөхцөл байдалд бодитой дүгнэлт өгөх чадвар чадамжтай хүн энэ Засгийн газарт ховор байна. Тийм болохоор Засгийн газрынхаа нэр хүндийг яаж дээшлүүлэх, яаж үүссэн нөхцөл байдлыг дээрдүүлэх гэдэгт энэ Засгийн газар онцгойлон анхаарах ёстой. Засгийн газрын нэр хүнд унаад байгаагийн тод жишээг гадны томоохон хэвлэлүүдээс харж болно. Үндсэндээ гадны хөрөнгө оруулалт оруулахад хэцүү шүү гэдэг мессежийг хэвлэлүүд нь өгч байна шүү дээ. Гадуур ийм зүйл явж байхад эрх баригчид таг дуугүй л байна. Товчхондоо, эрх баригчдын дотоод нөхцөл байдал тун хүнд байна л гэж харж байна".

100 хоногийн тоолуур нь аль хэдийнээ 12 хоног гүйчихсэн. Яаж 100 хоногт 70 гаруй ажлыг хэрэгжүүлж сэхээж эмчлэх нь сонин. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "АН-ынхаан, Та нар бvлгийн даргаа соль! Эдийн засаг 10% сэргэнэ. Тэнгэрээс тоогоо асуудаг сайдаа соль! Ахиад 10% сэргэнэ" гэсэн айхтвар ёжтой зөвлөлгөөг өчигдөр байнгын хорооны хурлын үеэр хэлээд авсан. Үнэн үг аягүй гэгчээр түүний эл хэргийг сонссон нөхдүүд тун ёозгүйхэн сууна лээ.

Х.Даваа