Ломбын НЯМАА: АВЬЯАСТНЫГ ҮХСЭН ХОЙНО НЬ ОЙЛГОДОГ
2022/02/08
Он цаг улиран одохын хэрээр эрдэнэ мэт хэдэн өвгөдөө хайрлан, халаглахын учир буй. Өдрөөс өдөрт олны өмнө гарах нь хомстож, бие тэнхээ нь сайн л байдаг байгаа даа хэмээн бодохын хэрд яаран утсаа шүүрэх минь олширжээ.
Эд минь унаад өгвөл бид хэнээсээ юу сонсох вэ. Амьддаа бие биеэн хайрлахын утга гүн. Гэсэн ч чадахаараа л хайрлаж байна хэмээн сэтгэх. Улаанбаатар хотоос баруун хойшоо нэлээн зайд тийм нэгэн эрхэм хүмүүн амьдарч буй. Олон хүнийг ном эрдмийн замд хийгээд Монголын их утга зохиолд хөтлөн оруулсан Ломбын Нямаа гэх “өвгөн дэнлүү”-г энэ цагт мэдэхгүй хүн ховор. Сэтгүүлч Э.Энхцолмон ийн нэрийдсэн нь хожмоо бидэнд үүрд дурсагдан үлдэх биз ээ. Хэдийгээр өнгөрдөг өвлийн адаг сард очиж өвгөн багштай хөөрөлдсөн ч хойрголон байж одоо л дэлгэн тавьж буй минь энэ юм.
Японы нэг зохиолч “Биесээ яасан их муулдаг юм бэ, хэрвээ ийм байх юм бол Та нар 21-р зуунд дэлхийн хөгжлийн ард хоцорно шүү” гэж манай Сонинбаяртай хийсэн ярилцлагадаа хэлсэн байна билээ гэсээр бидний яриа эхлэв.
-Биднийг чинь хэл ам ихтэй улс гэх болсон байна шүү дээ. Хажуудахаа ч хайхрахгүй, хавиргаа ч танихгүй элдвээр хэлэх болжээ. Үүнд та нэлээн эмзэглэж явдаг бололтой?
- Монголчууд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол бид. Бид байж дэлхийд гарна. 13-р зууны үед Чингис хаан “бид” байж чадсан учир дэлхийн хагасыг эзэлсэн. Би Бодончар богдын түүхийг судалж байгаа. 1050 жилийн ой нь энэ онд тохиож байгаа юм. “ХҮН АХТАЙ, ДЭЭЛ ЗАХТАЙ” гэх агуу үгийг хэлсэн Нирун улсын анхны хаан Бодончар богд. Түүнээс эхэлж Алтан ургийг хөөхөд Монголын хаад дэлхийн түүхийг 1600 жил ноёрхсон байгаа юм. Тэр ухаан хаанаас гарсан бэ гэхээр “бид” гэж хамтардаг, эвлэдэг сэтгэлээс гарсан. Эвлэж, нэг зорилгын төлөө нэг зүгт харж чаддаг. Ухаандаа ИХ МОНГОЛ УЛС байгуулна гээд ЧИНГИС ХААНЫ харсан зүг рүү бүх удмын хаад нь харж чадсан байхгүй юу. Энэ л бидний сурвал зохих зүйл. Энэ түүхийг Монголчууд бид нарийн мэдэх ёстой. Д.Өлзийбаатар доктор “Монголын их ертөнцийг нээх хэрэгтэй. Монголын их ертөнц нээгдэх яагаа ч үгүй байна” гэж хэлсэн. Энэ бол маш ортой үг. Монголын их ертөнцийг бид зүгээр л тэдэн хаан байсан, тийм хаан байсан гэдгээс илүү тэр хаадын оюун санааны дотоод ертөнц юу байсан юм, тэр хүчийг хаанаас олж авч байсан юм, яаж эвлэдэг байсан юм, эзнээ алдаг байсан ертөнцөд Монголчууд яаж бид гэдэг, эв нэгдэл гэдэг ертөнцөө эвлэж, зангидсан бэ гэдэг нууцыг ганц Монгол биш хүн төрөлхтөн судлах ёстой байхгүй юу.
- Таныг “Монголын нууц товчоо”-г бараг угжиж өссөн гэдэг. “Монголын нууц товчоо”-той анх хэрхэн учран золгож байв?
-Тэр их сонин шүү. Хэнтий аймгийн Батширээт сумын дунд сургуулийн хоёрдугаар ангид байхад манай агуу Цэрэндоржийн Цэдэнжав гуай Батширээтийн дарга байлаа. Нэг удаа хот яваад ирэхдээ Дамдинсүрэн багшийн жижигхэн, цэнхэр хавтастай “Нууц товчоо”-ноос арван ширхгийг авч иржээ. Тэгээд сургуулийнхаа багш нарт үүнийг хүүхдүүддээ уншуул гээд өгч л дээ. Манай багш Бадамын Долгор гэж байсан. Ангийнхандаа тараагаад, чи унш гээд надад нэг нь таарахгүй юу. Хоёрдугаар ангийн хүүхэд юу байхав дээ, ОНОН МӨРӨН гардаг юм байна л гэж ойлгоод дуусгасан. Их сургуульд ирсний дараагаар эртний уран зохиол заадаг Жамбаажамц багш биднийг “НУУЦ ТОВЧОО”-г зуу дахин уншуулдаг, нүдээ аньж байгаад л үг дардаг. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр мэдэхгүй бол дахиад унш гээд явуулдаг тийм хатуу багш байсан. Ер нь манай үеийг сургаж байсан багш нар тийм хатуу байсан л даа. Тэгж л "НУУЦ ТОВЧОО" бол хүн төрөлхтний замыг заасан агуу судар гэж ойлгосон шүү. Хүн төрөлхтөн эв нэгдэлтэй байвал улс орон мандах юм байна, дэлхийгээ ч, өөрийгөө ч аврах юм байна гэх тэр кодыг Монголчууд хийгээд хүн төрөлхтөн олох ёстой. Эрдэнээгийн “Монголика 21” гэж тэр байхгүй юу. /”Супер нэгдлийн онол”, “Их гурвалжин”, “Бид ялав”, “Чинад нууцын Монгол орон” зэрэг номын зохиолч, судлаач Ч.Эрдэнэ/ Хүн төрөлхтөн нэг зүг рүү харна гэдэг хэцүү л дээ. Долоон тэрбум тэнэг, цэцэн нийлсэн улс, тэнэг, цэцэн удирдагчдаар удирдуулсан хоёр зуу гаруй улс нэг зүгт харна гэдэг хэцүү. Гэхдээ Чингис Хаан “сэтгэлийг нь эзэмд” гэж хэлсэн байдаг. Арван хүний сэтгэлийг эзэмдээд аравт болго, зуун хүний сэтгэлийг эзэмдээд зуут болго, мянган хүний сэтгэлийг эзэмдээд мянгат болго, түмэн хүний сэтгэлийг эзэмдээд түмт болго. Тэр цагт бүх дэлхий амар амгалан болно. Бид тэр үзэл санааны төлөө явах ёстой.
- Мянган хүний сэтгэл байтугай арван хүний сэтгэлийг эзэмдэнэ гэдэг санаанд багтахгүй зүйлсийн нэг болж дээ. Нэг зүг рүү нийтээрээ харна гэдэг бүр ч хожмын зүйл шиг санагдаж байна шүү?
- Тийм. Гэхдээ энэ бол ХҮННҮ гүрний Модун хааны үеэс эхтэй зүйл шүү дээ. Хүн төрөлхтнийг 1000 гаруй жил эрхшээсэн төр гэхээр том төр байгаа биз дээ. Одоогийн төр ямар байна. Гурван сая хүнээ эрхшээж чадахгүй төрийг ямар төр гэхэв. Чингис, Хубилай, Хүлэгү, Алтан ордны Батхаан гээд бүгд харийн гүрний огт мэдэхгүй соёл иргэншил, зан заншил нь өөр ард түмнийг голдуу зуугаас дээш жил удирдаж, хаанчилсан байгаа юм. Тийн хаанчлахдаа язгуур соёл хийгээд үнэт зүйлд нь халдалгүйгээр хөгжүүлсэн. Алтан ордны хамаг зүйлсийг устгасан Оросууд л одоо амаа барьж байна. Бусад нь аваад үлдчихсэн. Хүлэгү их хаадын улс байна. Байшин барилгаас эхлээд бүгд бий. Доголон Төмөр хааны бунхан хүртэл байна. Тэрхүү бунхан дээр Арабаар “ШУДАРГА БАЙХАД ЭВ НЭГДЭЛ БИЙ БОЛНО, ЭВ НЭГДЭЛ БАЙХАД ХҮЧ БИЙ БОЛНО. ДОГОЛОН ТӨМӨР ХААН” гэж үг сийлээстэй байдаг. Үүнийг Мэндсайханы Энхсайхан /Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд асан/ бунханд орж үзээд, уншиж ард түмэндээ хүргэсэн.
- Манай нийгэмд, бидэнд шударга ёс байхгүй болохоор эв нэгдэлгүй байна гэж ойлгож болох уу?
- Эв нэгдэл огт байхгүй. Бид түүх соёл, хэл иргэншил, хил хязгаар гээд бүх зүйлсээрээ нэгдмэл улс хэрнээ сэтгэл зүйн эв нэгдэл нь хэдэн хэсэг болчихсон. Хамгийн чухал нь сэтгэл зүйн эв нэгдэл юм шүү дээ.
- Бидэнд байсан “ЭВ НЭГДЭЛ, БИД” гэдэг үзэл хэзээнээс алга болчихсон юм бэ?
- Хубилай хааны төгсгөлөөс эхлээд алдагдсан гэж бодож байна. Их Засаг хуулийг хэрэгжүүлэхээ больсон. Их Засаг хуулийн амин сүнс нь “ЭВ НЭГДЭЛ, ШУДАРГА ЁС” юм. Түүнээс хойш нэгийгээ ойлгох, төрийг шударгаар удирдах зэргээр сарниж эхлэхэд Манжууд бидний “бид” гэдэг үзлийг үгүй хийсэн. 2020 он бол Монголын их түүхт он. Монголын уналт 300 жил бол сэргэн мандалт 800 жил давтагддаг. Сэргэн мандалтын жил энэ жил тохиож байна. Бодончар богдын ой гээд маш олон түүхт ой тохиож байна. Сая гэхэд 1189 онд Хамаг Монгол Улс байгуулагдсаны ой тохиоход нэг ч үг дуугаралгүй өнгөрсөн. Угтаан бол "Хар зүрхний хөх нуур"-т Хамаг Монгол Улсыг байгуулж, Тэмүүжинд Чингис хаан цол олгосон. Тэгэхэд манайхан худал яриад л 1206 онд цол олгосон гээд байгаа юм. Тэр чинь тийм биш шүү дээ. Тэмүүжинд Чингис гэдэг цолыг 1189 онд тэрхүү хуралдайгаар олгосон гээд түүхэнд бичээтэй байгаа. Түүхээ зөв харж, түүнээс сургамж авах ёстой. Төрийн ой санамж бүдгэрэхээр ард түмний ой санамж алга болно. Тэд хоёул үгүй болоход ирээдүй бүдгэрдэг. Энэ бол ертөнцийн жам. Монголчууд өнгөрсөн түүхээ ч, өнөөдрөө ч зөв харах ёстой. Өнөөдөр гэж маш чухал цаг үе байна. Энэ хоёрыг зөв харж байж ирээдүйгээ зөв харна. Ганц жишээ хэлье. Дэлхий ертөнц маш төвөгтэй болж байна. Эрдэмтэд энэ цаг үеийг төөрөгдлийн үе хэмээн тодорхойлсон. Хүн төрөлхтөн мэдээллийн, технологийн шуурганд төөрч байна. Зарим эрдэмтэд “мэдээллийн, технологийн шуурга хүн төрөлхтнийг нийгэмшсэн амьтан болгож байна” гэж бичиж байна. Энэ шуурганд төөрөхгүйн тулд оюуны дархлаа, оюуны мэлмийгээ хурц байлгах хэрэгтэй. Төөрөөгүй орны ард түмэн дэлхийгээ зөв харж, зөв таньж байгаа. Хөгжиж байгаа орнуудын удирдагчид энэ хэцүү ертөнцөд улсаа яаж удирдах вэ, бид хэн байх вэ гэдгээ мэдэж байгаа. Дэлхий хөгжсөн байна. Амгалан, тайван байхыг чаддаг болж, юм бүтээхийг чаддаг болж, хүүхдээ өсгөхийг чаддаг болжээ.
- Хүүхэд хэрхэн өсөхөөс улсын хөгжил цаашлаад дэлхийн хөгжил хамаатай гэж ойлгож болох уу?
- Тэгэлгүй яах вэ. Би монгол хүүхдийн хувь заяаг маш их боддог. Гэхдээ бодоод ч яалтай билээ, надаас асуух хүн ч алга. Еврей нарт их атаархдаг юм. Нэг еврей хүүхдийг сайн хүн болгохын тулд арван еврей анхаардаг. 5000 жилийн өмнө зохиогдсон Еврейн шашны судар “Тора” хэмээх номонд /Энэхүү сударт Бурханаас хүмүүст зориулан дагахыг даалгасан арван хуулийг өгүүлдэг. Тора хэмээх нь өөрөө хууль гэсэн утгатай үг/ еврей хүүхдийг хүн болгох ухааныг заасан байдаг. Дэлхийг хэрхэн засаглахыг заасан байдаг. Одоо еврей нар дээдсийнхээ үгийг биелүүлж, дэлхийг мөнгөөр засаглаж байна. Хаана мөнгө байна, тэнд засаглал тогтоно. Дэлхийн хүчирхэг гүрнүүдийг еврейчүүд засаглаж байна. АНУ-ын эдийн засгийг өөд нь татсан аваргууд чинь бүгд еврей. /Нэгэн цагт “дэлхийн санхүүгийн төв” гэж нэрлэгдэж асан Ротшильдын гэр бүл Еврей гаралтай/ Нобелийн шагналтнууд, бизнесмэнүүд, Холливуудын одууд гээд дэлхийн бүх салбарыг эзэлж байна. Энэ бол төрүүлсэн хүүхдээ хүн болгож чаддаг ухаан шүү дээ. Яаж хүн болгодог гэхээр, хос залуус гэрлэсний дараа эхний гурван жил биеэ бэлддэг. Суурь өвчингүй болж, анагааж, эрүүл болсны дараа сарын дараа эхнэрээ сүүнд оруулж ариулдаг. Хэвлийд олдсон үрээ зургаан сар болоход ээж нь үлгэр уншдаг, хүүхдээ төрсний дараа мэдээ ортол нь уншаад л байна. Хүүхэд төрсөн бол телевиз, радио бүгдийг далд хийдэг. Хүүхэд хордоно гэж үздэг. Дээрээс нь хүүхдийг хүн байлгах, тархи, бие, сэтгэлийг эрүүл байлгахын төлөө арван хүн хөдөлмөрлөдөг. Бид ингэх ёстой. Манайх еврейгээс илүү шүү дээ. Биднийг тавд ороход тэд хорьд ордог. Гэтэл яагаад хоцроод байна гэхээр энэ сургалт хэвлий дотроос л эхэлдэг. Монголчууд хэвлийд байх арван сарыг нэг нас гэж тоолдог. Өөр ингэж хий нас тоолдог ард түмэн байхгүй. Монголчууд энэ арван сарыг хүн болдог нас хэмээн хүндэлж, жирэмсэн эхийн урдуур гарах, улай үзүүлэх зэргийг цээрлэж, маш их хүндэлж ирсэн ухаант ард түмэн. Одоо тэгэхэд жирэмсэн эхнэрээ юун хүндэтгэх, тийм юм байгаа юм уу. Харамсалтай нь 20-р зууны дундаас хойш хүн хүнээсээ холдох “том үзэгдэл” хүн төрөлхтөнд бий болсон. Энэ бол хөгшин германаас гаралтай ном л доо. Хүн хүнээсээ холдох, ах дүү, аав ээжээсээ холдох, бие дааж амьдрах гэх мэт. АНУ-д нэг туршилт хийсэн байдаг. Дутуу төрсөн 300 гаруй хүүхдээс нэг хэсгийг нь ээжтэй нь хамт байлгаад нэг хэсгийг нь эм тариагаар хангахад 3-4 жилийн дараа тариагаар хангасан хүүхдүүд зэрэмдэг, тахир дутуу болсон бол ээжтэйгээ байсан хүүхдүүд эрүүл саруул, сайхан хүмүүс болсон байдаг. Энэ бол ээжийн хайр гэдэг хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүрх, бие бялдрын амин дэм юм гэдгийг нээсэн нээлт болсон. Аав, ээжүүд хүүхдээсээ холдоод ярихаа больчихсон, хүүхдээ сонсохоо байсан. Хүүхдийн тэр балчирхан зүрх хэчнээн зовлон шаналан дунд эмтэрч байна.
Жаран жилийн өмнө манай Нямбуугийн Нямдорж “ЭХИЙН ХАЛУУН ХЭВЛИЙГЭЭС ХҮЙТЭН ҮР ТӨРДӨГГҮЙ, ЭТГЭЭД АМЬДРАЛЫН ДАЛАЙ ДУНД ЭВДЭРЧ МУУХАЙ БОЛДОГ” гэж бичсэн байдаг.
Үнэхээр тийм шүү дээ. Ямар ч эхийн сүү цагаан байдаг, халуун байдаг. Хүн гэдэг ийм агуу амьтан. Манайхан сүүлийн үед хүүхдээ нохойноос дор үзэх болжээ. Эрт цагт хүрдэнд тавих гэж юм байсан, гэхдээ маш ховор. Одоо бол хүүхдээ хаядаг, айлд өгдөг болжээ. Хүүхдийн хамаг сайхан бүхнийг ардчилсан төр булааж авсан. Хүүхдийн театр, Хүүхдийн номын сан гээд. Бүр хүүхдийн эмч хүртэл бэлдэхээ байсан.
- Монгол хүүхдүүдийн төлөө санаа тавьж, өөрийгөө чилээж явдаг хүмүүсийн нэг та мөн байлгүй яах вэ. Өөрийн амьдралын жарнаас илүүг хүүхдүүдийн төлөө зориулсан. Яриаг тань сонсоод өөрийн мэдэлгүй л эмтэрч сууна.
- Би 50 жил Монголын хүүхдүүдийн гуниг баярыг хуваалцаж, сэтгэл зүрхэн дундуураа туучиж өнгөрүүлж байна. Намайг сургуулийн захирал байхад хойд ээждээ зодуулаад өвлийн цагт нүцгэн, гадаа явж байсан хүүхдийг захирлынд нь аваачиж өгнө гээд авчирч байлаа. Өвөртөө хийж унтаад маргааш нь эцэг, эхтэй нь уулзаж байсан түүх бий. Хөөрхий Д.Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөлтэй үг хэлсэн дээ. Гэхдээ би бол “Монголын үрс маш цөөхөн болтугай” гэж хэлмээр санагддаг. Зовоох гэж хувь заяагаар нь тоглох гэж хүүхэд төрүүлээд яадаг юм. Хүн гэдэг агуу том ертөнц амьдрах гэж ямар их тэмүүлэлтэй ирэв. Гэтэл арван сар тээж хүн болгочихоод нохой мэт үздэг байж болохгүй. Хүүхэд бүрийг сайн хүн болгох хэрэгтэй. Эрүүл байлгах хэрэгтэй. Манай хүүхдүүдийн 90 хувь нь шүдний өвчтэй. Нэг сонин жишээ хэлье.
Бидний коммунист орон гэж муулдаг Кубын удирдагч Ф.Кастро “Нэг хүүхдийн шүд цоороход ширээн дээрх цаас хөдөлдөг” гэж үздэг байсан.
Хүүхдийн шүдний төлөө тэгж анхаардаг. Яагаад гэхээр Куба улс чихэр маш их үйлдвэрлэдэг. Тиймээс бүх эрүүл мэндийн түрүүнд шүдийг тавьдаг. Одоо шүдний эмнэлгээр дэлхийд нэгд орж байна. Шүд эрүүл байхад бүх эрхтэн эрүүл байна гэдэг байдлаар ханддаг. Нэгдүгээр ангид ороод шүдээ авахуулаагүй, бүтэн шүдтэй хүүхэд хэн байна гэхээр арваад хүүхэд л гараа өргөж байгаа юм. Хүний эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийг Монголын төр нүд цавчилгүй харах ёстой. Ухаандаа өдөрт хэдэн хүүхэд Монгол Улсад мэндэлж байгааг хүртэл Х.Баттулга, У.Хүрэлсүх мэдэж байх ёстой. Их хурлын дарга ч мэдэж байх ёстой. Тэр хүүхдийг яаж сайн хүн болгохыг Монголын төр мэдэж байх ёстой. Энэ хүүхэд маргаашийн бидний соёл иргэншил, Монголын ирээдүйг энэ хүүхдүүд авч явна. Ер нь Монголчууд ирээдүй гэж огт мэддэггүй. 2100 он гэхэд дэлхий ямар байх тухай Японы эрдэмтний “Ирээдүйн физик” нэртэй ном үзлээ. Хүн төрөлхтөн маш хэцүү замыг туулна. Тэр хэцүү замд Монголыг яаж аврах тухай бодлого одоо гарч байх ёстой.
- Хаа байсан 2050, 2100 оны хөгжлийн бодлого ярьлаа гээд элэг доог хийгээд байгаа шүү дээ. Таныг ч бас тэгэхвий гээд гэнэт эмээчихлээ. Монголчууд ирээдүйдээ биш, өнөөдөртөө л санаа зовдог нь эндээс харагдаж байгаа юм л даа?
- Даяар сүйрэл дэлхийд ирж байгаа. Түүнийг яаж туулах вэ? Даяар сүйрлийг туулахын тулд “даяар тэнцвэр” гэх онолыг бий болгож хүн төрөлхтөн мөрдөхгүй бол хэцүү цаг үе туулна гээд дэлхийн эрдэмтэд яриад, бичээд байна. Эргээд хүй нэгдэлдээ очно гэсэн үг шүү дээ. Манай Цэрэнгийн Дэмбэрэл гэж доктор үүний талаар туж ярьж байна. Японы эрдэмтэн бол “2100 онд дэлхий дээр оюун санааны капитализм ноёрхоно” гэж бичсэн. Тэр оюун санаагаа яаж авч үлдэх юм, тэр оюун санаа гэдэгт юу багтааж байгаа юм гэдэг бас их сонин. Ер нь оюун санааны капитализм байх юм уу, социализм байх юм уу гэдэг ч хэцүү. Би бол капитализм гэж боддог юм.
- Яагаад?
- Капитализм бол тэнцвэргүй хөгжлийн нийгэм. Нэг нь шороонд хутгалдаж байхад нэг нь тэнгэрт амьдардаг. Харин социализм бол бүгд эрх тэгш байхыг шаарддаг. Тэгэхээр 2100 онд дэлхий ертөнц дээр оршин тогтнож үлдэе гэвэл бид ирээдүйнхээ төлөө одоо нэгдэх хэрэгтэй. Дэлхийн дулаарал, цэвэр усны гачигдлаас эхлээд үүсэх асуудал олон. 2040 он гэхэд цэвэр усны төлөө дэлхий дайтана. Манай цэвэр ус ямар билээ, бид яагаад 00 усаа, машин угаадаг усаа цэвэр усаар явуулаад байгаа юм бэ? Монголд эрүүл ухаанаар бодох зүйл үй түмээрээ байна. Гэтэл бодохгүй байна. Найр наадам хийгээд, архи дарс уугаад яваагаа ирээдүй гэж ойлгодоггүй байлтай. В.Инжинаш “Төв Азийн өндөрлөгийн хөрс шороо эмзэг шүү, арван жил шуурахад л хөрсгүй, ургамалгүй болно. Анхаараарай" гээд "ХӨХ СУДАР"-ынхаа нэг хуудсанд биччихсэн байгаа. Бид 34 сая ямаатай. Ямаа бол ургамлын үндсийг нь иддэг. Хүн төрөлхтний түүхэнд ямаанд хамаг бэлчээрээ идүүлээд сүүлдээ ямаагаа амьдаар нь далай руу хаяж байсан гашуун зовлон бий. Дэлхийн түвшинд харж, сэтгэж, бодож эх орноо удирдах хэрэгтэй шүү дээ.
- Ямааны тоо толгой сүргийн бүтцийн бараг далаад хувийг эзэлдэг байх шүү?
- Уг нь 100 богтой байхад 30 ямаа, 70 хонь л байсан байхгүй юу. Монгол Улсын 1000 жил мөрдөж ирсэн дүрэм. Яг ингэж тэнцвэржүүлдэг байсан.
- Ямаандаа бараг цалин олгоод байгаа шүү дээ?
- Дэн Сяопиноос /Хятадын удирдагч агсан, “Өөрчлөлт шинэчлэл”-ийн бодлогыг эхлүүлжээ/ Ар Монголыг яаж эзлэх вэ гэж асууж л дээ. Тэгсэн “Өө, маш амархан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нь хайрлалгүй аваад л бай. Аяндаа гүйгээд ороод ирнэ” гэж Америкийн сурвалжлагчтай хийсэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Тэр нь яг одоо хэрэгжиж байна. Ямааны ноолуур тэнгэрт хадаад л, манай бүх үйлдвэр хаалгаа бариад л. Хятадууд ноолуурыг маань авч ялгаад хамгийн нарийн ширхэгтэйг нь Итали руу үнээ бүгдийг нь нөхөөд авчихдаг. Тэдэнд ямар ч алдагдал байхгүй. Манайхан болохоор ямааныхаа ноолуурыг бүгд өөр, өөр үнээр худалдана. Уг нь нэгдсэн бодлогоор нэг үнээр худалдах ёстой. Төрийнхөө ноолуурын үйлдвэрүүдийг хангачихаад илүү гарсныг нь гадагш худалдах хэрэгтэй. Манай урдаа барьдаг “ГОВЬ” гэх мэт компаниуд чинь тэр өндөр үнэтэй ноолуурыг чинь авч чадахгүй хаалгаа барьчих гээд үлгэн, салган л ажиллаж байна. Сайхан, сайхан үйлдвэрүүд байгуулагдсан. Дотоодын үйлдвэрүүддээ эхлээд ноолуураа өгчих, бүгдийг нь хангачих, бусдыг нь та нар гадагш худалд гэж төр зохион байгуулах ёстой. Бүгдийг нь аваад Хятад руу өгчихнө. Малын хөлийн татваргүй 30 жил болчихсон. Малын хөлийн татвар авах ёстой. Түүнийг чинь бэлчээрээ бордох, сайжруулахад хэрэглэдэг, худаг усаа гаргахад ашигладаг байсан юм шүү дээ.
- Таныхаар манай улсын засаглалын хэлбэр ер нь зөв юм уу. Зарим нь нэг мөсөн Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр гэж ярих юм?
- Анх энэ парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал гээд асуудал хэлэлцэхэд санал яг тэнцсэн. 435 депутатаас санал асуухад тэнцчихлээ, одоо яах вэ гэж Очирбатаас асуухад “Парламентын засаглал дээр” гэж хэлсэн байдаг. Парламентын засаглал бол сайн засаглал мөн. Гэхдээ парламентыг бүрдүүлж байгаа намууд нь төлөвшсөн, гайхалтай сайн, төгс намууд байх ёстой. Тэгж байж парламентын засаглал хүн төрөлхтний түүхэнд гавьяа бүтээнэ. Дэлхий дээр парламентын засаглалтай улс олон байдаг. Нам нь шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого явуулдаг, улс төржиж ард түмнээ хуваадаггүй, хөгжил дэвшил боддог, хэрэлддэггүй, хэрэлдсэн ч шинжлэх ухаанчаар хэрэлддэг. Гэтэл манайд 100 жил болсон МАН төлөвшөөгүй явж л байна. Ардчилсан нам 30 жил болсон, бас төлөвшөөгүй. Парламентыг бүрдүүлж байгаа намууд нь ийм байхад засаглал нь ямар ч утгагүй шүү дээ.
-Улс төрийн намуудын төлөвшлийн тухай ярьж байна. Төлөвшихгүй байгаа гол асуудал нь юунд байгаа юм бэ?
- Нам болж нэгдэж байгаа хүмүүс үзэл бодлын бат итгэлээр нэгдэж байна уу, аль эсвэл ашиг сонирхлын үүднээс нэгдэж байна уу гэдгийг хүн төрөлхтөн ч олж хараагүй юм. Тээр жил Ардчиллыг дэмжигч орнуудын зөвлөгөөн Монголд болсон юм.
Киргизийн Гадаад явдлын яамны нэг залуу “21-р зуунд нам төвтэй улс төрийн системийг өөрчлөх хэрэгтэй. Ардчиллаа авч үлдэхийн тулд намуудын системийг шинжлэх ухааны үндэслэлтэй эргэж харвал яасан юм” гэж хэлж байсан.
Тэр үгийг би дандаа боддог, яг үнэн үг юм. Нам ямар байх, юу хийдэг байх, намын гишүүн ямар байх, эх орныхоо төлөө яаж холбогдох юм гэдэг чинь их нарийн асуудал. Парламентын засаглалтай газар нам нь төгс төгөлдөр, улсынхаа ирээдүй, хөгжлийн төлөө шинжлэх ухаанаар, бодлогоор уралддаг, түүнийг нь ард түмэн сонгож чаддаг, ард түмэн нь оюунлаг, нэг үг хэлсэн байхад түүний ач холбогдлыг нь үнэлж чаддаг ард түмэн байж л парламент төлөвшинө.
- Социализмаас Ардчилсан тогтолцоо руу шилжсэн тухайн цаг үеийг та өөрийнхөө зүгээс үнэлж, дүгнэвэл. Бидэнд үнэхээр өөр сонголт байгаагүй гэж үү?
- Би урьд өмнө хэнд ч хэлээгүй нэг зүйл хэлье. 1990 онд Ардчилсан хувьсгал ялахдаа юуг ялалтанд хүргэхээ мэдээгүй. Улс төрийн товчооны есөн хүнийг огцруулаад л болчихсон. 70 жил ноёрхсон хүнд суртлын системийг устгаж чадаагүй. Хувьсгал хийхдээ дутуу хийсэн. МАХН-ыг үзэн яддагтаа биш, хуучин хүнд суртлын тогтолцоог МАХН барьж байсан юм. Үндсэн хуулиндаа түр “МАХН нийгмийг жолоодогч хүчин биш боллоо” гэж тунхагласан хууль гаргасан. Тэгэхдээ МАХН-ыг тарааж, бүх хөрөнгийг нь хураах ёстой байсан. Гэтэл хүнд суртлын систем яг хэвээрээ үлдчихсэн. Ганц ширхэг хуудас ч хөдөлгөөгүй. Бас нэг жишээ хэлэхэд, Хрущев / ЗХУ-ын долоо дахь Сайд нарын Зөвлөлийн дарга/ 1952 оны үед Сталиний дэглэмийг унагасан. Тэгээд Хрущевийн дулаарлын систем тогтсон. Гэвч удалгүй уначихаад байж байхад нь яруу найрагч Евтушенко /Зөвлөлт, Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенко/ очоод “Та одоо Сталиний дэглэмийг нураачихаад өөрөө хүнд суртлын систем босгочихоод яагаад Нобелийн шагналыг эсэргүүцээд, дайраад байгаа юм” гэж асуухад нь “Хүнд суртлын систем гэдэг чинь гурилаар босгосон хана байхгүй юу, би тэр гурилан хананд нь очоод наалдчихсан юм аа” гэж хэлсэн байдаг. Тэгээд тэр хүнд суртлын систем манайд хэвээр үлдээд Ардчилсан намд хэдхэн жилийн дотор наалдаад бас нэг бяцхан хүнд суртлын систем тогтчихсон. Гурилаар босгосон хоёр ханан дунд коридор гарна биз дээ, тэр нь шударга бусын хонгил гээд үүссэн байхгүй юу. П.Очирбат гуай /Монгол Улсын анхны ерөнхийлөгч/ ухаантай байсан бол ерөнхийлөгч болсныхоо дараа тараах байсан юм. Даанч тэр өөрөө МАХН-ын угшилтай хүн болохоор үүнийг хийж чадаагүй л дээ.
- Ардчилсан хувьсгалын бидэнд өгсөн зүйл их гэж бодогддог шүү. Харамсалтай нь “социализм ийм байсан” гэж халаглах, харамсахын завсар ярих хүн олон болжээ. Нэг талаараа буцаад социалист болохыг хүсэмжлээд ч байх шиг?
Ардчилсан хувьсгал бидэнд агуу зүйл өгсөн. Сэтгэх, эдийн засгийн, шашин шүтэх эрх чөлөө өгсөн. Монгол хүн өөрийн толгойгоо мэдэж амьдрах эрх чөлөөг олгосон. Үүгээрээ агуу юм. Гэтэл тэр агуу үйл хэргээ бид зөв жолоодож чадалгүй алдчихсан. Хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм гээд үндсэн хуулиндаа тунхаглачихаад ямар нийгэм байгуулж байгаагаа мэдэхээ больчихсон. Биднийг одоо хүмүүнлэг гэж хэлэх үү, ардчилсан гэх үү, иргэний нийгэм гэж хэлэх үү. Үгүй шүү дээ.
Хүнд суртлын систем болоод тогтчихсон манай нийгмийг “Арилжааны феодолизм” гэж нэрлэж байна.
Зөвхөн гар дамжсан худалдаа хийж хөгждөг феодализмд үйлдвэр байхгүй. Капитализмын нэгдүгээр шалгуур бол үйлдвэр хөгжүүлэлт. Манайд байхгүй учраас арилжааны гэж нэрлэж байгаа юм. Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай “зэрлэг капитализм” гэж нэрлэнэ лээ. Доктор П.Нэргүй “колончлогдсон капитализм”, Э.Бат-Үүл баатар “ардын капитализм” , судлаач М.Халиунбат “клоннын капитализм” гэж нэрлэж байгаа юм. Ардчиллын ойгоор уг нь бид “юу хийх ёстой байсан, юуг хийж байна, юунд алдсан, оносон” гэдгийг шинжлэх ухааны үндэстэй ярих ёстой байсан. Гэвч дандаа хоосон магтаад өнгөрсөн. Монголд нийгэм гэж хаана байна. Нийгэм гэдэг чинь маш том систем. Энэ систем буруу явах юм бол явсаар байгаад хэзээ ч босож чадахаа байгаад унана. Системийн хувьд нэг нь болж байхад нөгөө нь болдоггүй систем байхгүй юу. Энэ олон системийг төр зохицуулж, доторх балансыг нь олж, ард түмнээ тайван амгалан авч явдаг.
- Та дураараа сэтгэх сэтгэлгээний эрх чөлөөний тухай ярилаа. Бид үнэхээр сэтгэлгээний эрх чөлөөтэй байгаа гэж үү?
- Аливаа эрх чөлөө бүх нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагддаг. Тэгэхээр сэтгэх эрх чөлөө гэдгийг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх гэж ойлгож болохгүй. Хүмүүсийн төлөө, хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэдэг сэтгэлгээ хэрэгтэй. Хүний эсрэг сэтгэлгээг эрх чөлөөтэй гэж хэлэх үндэсгүй. Манайх хүний эрхийг Үндсэн хуульд томьёолохдоо нэг зүйлийг мартчихсан. Хүний эрх, зөв гэж хоёр логик байгаа. Хүний эрх зөв байж “эрх эдлэх” гэж хүний эрхийн түгээмэл тунхаглалд бий. Манайх зөвийг нь хаяад эрхийг нь л авчихсан. Буруу байж эрх эдэлж болохгүй. Жишээлбэл, би эдийн засгийн эрх чөлөөтэй гээд л улсынхаа мөнгийг цохиод, чөлөөтэй гээд бие биенээ доромжлоод, хүний нэр төрд халдаад байж болохгүй. Эрх бол зөв гэдэг үгээр хязгаарлагдана. Улсынхаа мөнгийг ч иднэ, хүн алж, хүрээ талж байсан ч эрх чөлөө гэдэг байдлаар ойлгосон энэ нийгэм одоо маш аюултай болж байна
- Хоёулаа ярианыхаа сэдвийг багахан өөрчилье. Таныг дайны хөл тасраагүй цаг үед төрсөн гэж бичиж, онцолсон байсан. Бид чинь сонсож л өссөнөөс тэр цаг үеийн тухай огт мэдэхгүй юм байна?
- 1945 оны хоёрдугаар сарын 16 гэдэг чинь дайны хөл ид бужигнаж байсан үе. Гачигдал их. Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнд мөн ч их тусласан даа, хөөрхий. Анчин байсан аав минь агнасан бүх л ангаа фронтод илгээж байв. Нэг яваад ирэхдээ л 20-30 гахай агнаж ирдэг. Идэх ганц хоёрхныг авч үлдээд бусдыг нь фронт руу л илгээнэ шүү дээ. Тэгээд дайны хөл сургуульд орохын үед минь гайгүй болсон. 1945 онд төрсөн би арван настайдаа сургуульд орж байлаа.
- Өөрийн амьдралын тавь гаруй жилийг хүүхэд сурган хүмүүжүүлэхэд зориулсныг тань мэднэ. Олон ч сайн багштай байсан гэдэг. Сайн шавь олныг төрүүлээрэй гэж Цэдэндорж багш тань хэлсэн гэж сонсож байсан юм байна?
- Манай багш шиг олон шавьтай зохиолч байхгүй, ямар сайндаа Цэдэндоржийг /Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч. “Амьтай голтой мөртөө үхсэн юм шиг хүн байх юм, Үхсэн хатсан мөртөө амьд юм шиг хүн байх юм” гэх алдарт мөртийн эзэн/ тойрсон одод гэж манай найз нар бие биенээ өргөж нэрлэдэг байсан юм. Багш минь их сонин хүн байсан. Хүнийг өөртөө татах чадвар маш сайтай, эрдэм боловсролтой, хүнтэй сайхан харьцана, хүнийг хүндэтгэнэ, утга зохиолд их хайртай, нэг авьяастай хүн төрүүлэхийн төлөө үхэн хатан хөөцөлддөг. Нэг жишээ хэлье. Л.Лувсандорж /“Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно” гэсэн алдарт мөртийг бичсэн, дөчин нас ч хүрэлгүй хорвоогоос хальсан авьяас төгс найрагч/ хүний бага эмч байсан. Тухайн үед мэргэжил солих хориотой, ялангуяа эмч хүнийг өөр сургуульд оруулдаггүй. Б.Дэмбэрэл гэж Эрүүлийг хамгаалахын алдартай сайд байсан. Тэгсэн багш тэр Б.Дэмбэрэл сайд дээр явж ороод “Монголын утга зохиолд нэг тус бол, миний шавь яруу найрагч юм. Танай бага эмч. Би Их сургуулийн монгол хэлний ангид оруулах гэж байгаа юм, чи зөвшөөрөл өг” гэж зөвшөөрөл аваад оруулж байсан. Энэ мэтээр дурсвал их зүйл бий. Сүүлд нь муу Лувсандорж хэрэгт орсон. Муу ч юм биш л дээ хөөрхий минь, зан их хэцүүтэй хүн байхгүй юу. Багш нартай зөрнө, биеэ даасан, өөрийнхөөрөө. Евтушенког нохойн баас гэнэ, Б.Явуухулан гэх мэт хүмүүсийг ер тоохгүй. Тийм байдал нь багш нарт мэдэгдсэн хэрэг. Хоёрдугаар курст байхдаа С.Лочинтой /МУСГЗ, нэрт зохиолч, сэтгүүлч/ цэргийн комиссоор ороод балрах шахсан. Тухайн үед цэрэг гурван жил байлаа шүү дээ. Бөөн юм болсоон. Зохиолч Жамцын Бадраа гуайн эхнэрийн дүү Долгормаа гээд доктор байдаг юм, тэр армийн госпиталын эмч. Долгормаа тэнд байдаг гэнэ гэж Бадраа гуайнд очоод, Бадарч эгчээр гуйлгах гэж байгаа нь тэр. Манай багшийн эхнэр Бадарч гэж эмч байсан. Тэгээд дам дамаа хэлж гуйж, арай гэж Лувсандоржийг чөлөөлж, тэр цэргийн казарамд нь бид хоёр таксигаар очиж авч байлаа. Үсээ авахуулчихсан, бүр явахад бэлэн болчихсон байсан.
М.Цэдэндорж залуу үедээ тийм их хайртай хүн байсан.
Өөр хэн ч тэгэхгүй. Авьяасыг маш нарийн мэдэрнэ, мэдэрсэн авьяасаа хайрлаж, яруу найрагч болгохын төлөө үхэн хатан гүйнэ. Надад “шавь төрүүлнэ гэдэг шинэ тив нээх шиг хэцүү ажил” гэж дандаа хэлдэг байв. Тэгэхэд би чинь одоо баахан сургуулийн захирал хийгээд л. Ц.Олзвой гээд яруу найрагч байсан даа, одоо бурхан болсон. Маш авьяастай хүүхэд, би арав төгсөхөд нь захирал байсан. Гэхдээ шүлэг бичдэг гэдгийг нь мэдээгүй, бүр сүүлд мэдсэн юм. Багшийн дээдэд ирээд мань эр чинь тодроод л, мундаг яруу найрагч болоод л, би тэгсэн мэдэхгүй. Сурагч байхдаа мэдэгдээгүй юм, түүнээс болоод ер нь болохгүй юм байна гэж бодсон. Тэгээд л мундаг яруу найрагч төрүүлнэ гэж бодоод Б.Галсансүх, С.Наранчимэг, Б.Занданхүү гээд шавь нартай болсон доо.
Ломбын Нямаа багшдаа
Миний багш гунигийн байшинд амьдардаг
Мишигийн Цэдэндоржийн хөргөөр гэрээ гоёдог
Жигүүрээ хумьсан ганцаардмал үдшээр тэднийх
Жимбүүрийн ая сааралттал үзэгдээд...
Хурмастын заадасны дааман хаалгаар
Харвасан одны суунаг жимээр
Хуудас цаасан дээр бичмээргүй үгсийг танайх руу
Хөлөртөл нь атгаж би шүлгэн замаар гүйдэг
Билгийн улирлын шинийн нэгэнд ганцхан удаа
Би танайх руу хадган замаар алхдаг
Миний багшийн амьдардаг гунигийн байшин
Манайхаас шүлэг бичихийн зайд оршдог
1993
Багшдаа- 2
Ядрангуй гунигтаа ууссан мөрөөдөмтгий байшин
Янжуурын үнс шиг хөнгөхөн саарал өнгөтэй
Элегия бичиж би Өндөрхаанд амьдрахдаа
Энэ байшинг багшдаа барьж өгсөн юм
Есөн есийн хүйтэн шөнө дундуур
Ер бусын цэцэгс гэгээвчээр нь дүүрэн ургадаг
Ембүү хайлж бүрсэн мөсөн гулдмай цонх нь
Ертөнцийг хардаггүй саран торгомсог хөшигтэй
Зүүдний байшингийн сүүдрийг толгой дээрээ би
Зовлон болоод жаргалаас уйдахдаа шүхэр шиг дэлгэдэг
Зүсэр бороо цасан шуурганд арилахааргүй зүрхийг
Зүс үзсэн хөвгүүн хойд хаалган дээр нь сийлсэн
Энэ байшинг би багшдаа барьж өгөөд
Элегия бичсээр Өндөрхаандаа ч дасаж дээ
1995 Шавь С.Наранчимэг
- Сайн яруу найрагч төрүүлэхийн тулд та ямар арга хэрэглэж байв?
- Яруу найрагч болгоход ганц л юм байдаг юм билээ, сайн шүлэг уншуулах хэрэгтэй. Гол нь сонгодог шүлэг уншуулна, мөн дээрээс нь их бичүүлнэ. Түүнээс биш заагаад яруу найраг сургана гэж ерөөсөө байхгүй. Би гайгүй номын сантай байсан, манайхаас ном их авч уншдаг байсан байх. Их уншсан хүн чинь өөрийнхөө замыг өөрөө олоод л явчихна. Б.Галсансүх /Болор цомын эзэн, яруу найрагч/ зургаадугаар ангид байхдаа “Монгол үлгэрийн үмх шар тос шиг сарангэрэлт минь” гэж бичиж байсан. Би тэгээд Ж.Лхагвад /Алдарт “Толгодын цаана ингэ буйлна” номын зохиолч/ хэдэн шүлгийг нь авч ирээд үзүүлсэн “энэ чинь том болох хүүхэд байна” гэж хэлж байсан. Чиний аав гайхамшигтай гоё шүлэгтэй байсан. /Яруу найрагч Хэнтийн Батхүү/ Уянгалаг, торгон мэдрэмжтэй. Сүхбаатарт айлд орхисон бүтэн дэвтэр байгаа гээд надад тэгдэг юм, тэр шүлгүүд нь их үнэ цэнтэй дээ.
- Та тэгээд Б.Галсансүх найрагчийг Нямбуугийн Нямдорж гуай руу явуулсан байдаг. Яагаад тэгсэн юм бэ?
- Тэр яах вэ, багш хүн чинь заах юмгүй болдог. Түүнийгээ мэддэг байх ёстой. Манай багш нар юм зааж чадахаа больсоноо огт мэддэгүй. Бүгдийг мэддэг юм шиг ойлгодог, мэдэхээ больдог цаг гэж байна. Б.Галсансүх Н.Нямдоржийнд очсон тэр үед манай М.Цэдэндорж багш нас барсан байсан л даа. Тэгэхээр Нямдоржоос өөр хүн байгаагүй юм.
- Та ч зүгээр сууна гэж огт байхгүй дээ. Ойрны амжуулж буй зүйлийн тань тухай ярилцъя?
- Ойрноос морины тухай түүх цуглуулж байна. Дайны талбарт морь нь шархдаад арга үгүйн эрхэнд морио үлдээгээд явж л дээ. Эргээд ирэхэд морь нь үхээгүйгээр барахгүй эзнээ хараад уйлаад байсан тухай надад нэг ахмад дайчин ярьсан юм. Дэлхийн бүх морьд тийм юм уу, зөвхөн Монгол морьд л ийм юм уу. Нэг тийм юм хийх гээд л бэлтгээд байна. Эцсийн бүлэгт яруу найрагч хүн өргөн мэдлэгтэй, бүхнийг мэддэг байх ёстой. Сэтгэлгээний боловсрол гэж байхгүй бол тэгээд Хэнтий Хангай саяны гэж бичдэг л болно. Би Д.Нацагдоржийг муулж байгаа юм биш шүү. Манайхан илэрхий тийм болж байна. Яруу найрагч хүн нэг номыг нэг сэдвээр бичсэн бол дараагийн номоо дандаа өөр сэдвээр бичиж байх хэрэгтэй. Сэдвээ өөрчилж, сэтгэлгээгээ задалж байх ёстой. Би залуучуудыг түүх бич гээд байгаа юм.
Монголын түүх бол шүлэг.
Хүн төрөлхтөний түүх тэр чигээрээ шүлэг. Үүнийг олж, нээх хэрэгтэй. Мэргэний орчуулсан “Эртний Грекийн домог” байна. Тэндээс би маш олон шүлэг олсон. Хубилай хааны үзэсгэлэнт гүнж гээд л байж байна. Хүнтэй суугаагүй гүнждээ аав нь нэг сүм бариад өгсөн, хөөрхий минь хөл нүцгэн, хүйтэн шалан дээр бяслагадаг. Бүх насаараа бясалгасан хөлийнх нь ормоор чулуу хайлсан. Тэр нь бидэнд түүх болж үлдээд байж байна. Энэ сэдвээр шүлэг бич гэхээр бичиж чаддаггүй. Сэтгэхгүй байгаа юм. Үүний цаана нь үнэ цэнтэй юу байна гэдгийг мэдэхгүй байгаа юм. Яруу найрагч хүн бүхнийг уншдаг, бүхнийг боддог, бүхнийг сэтгэдэг байж л дэлхийн хэмжээний шүлэг бичнэ шүү дээ.
- Сайн шүлэг унших хэрэгтэй, тогтмол бичих хэрэгтэй гэж та хэлсэн. Уншихгүй байгаа учир сэтгэхгүй байна гэж ойлгож болох нь ээ, тийм үү?
- Уншихгүй байна. Саяын “Болор цом”-ыг /37 дахь удаагийн/ харахад сэтгэлгээний шүлэг байхгүй л байна. Дэлхийн утга зохиол уншихгүй. Евтушенко “хүн ер нь дандаа сийрсэн малгай өмсөөд яваад байж болохгүй, зарим үед нуруун дээрээ төмөр үүрч явах ёстой” гэж хэлсэн. Тэгээд би “Бранскийн усан цахилгаан станц” гэж найраглал хийсэн юм гэдэг. Тэр чинь хүнд сэдэв рүү орж өөрийгөө туршиж үзэж байгаа хэрэг. Би ер нь юу бодож явдаг хүн юм гэдгээ мэдэхийн тулд хүнд сэдэв рүү орж байгаа юм. Хүнд сэдэв гэдэг нь түүх л дээ. Тэгээд хүний хувь заяаны эмгэнэлтэй явдал. Эмгэнэлт явдал бол яруу найргийн оргил. Хоосон магтаал хэзээ ч шүлэг болохгүй. Түүх гэдэг өөрөө эмгэнэл. Эмгэнэлийг сайн бичих юм бол яруу найрагч болно.
- “Болор цом”-д сэтгэлгээний шүлэг уншигдсангүй гэж хэллээ. Жинхэнэ сэтгэлгээний яруу найргийг Та нэрлээч?
- Манай Б.Энхжаргал “Дорно” гээд шүлэг бичсэн. Дурьдаад л хаячихсан байгаа юм. Тэгэхэд “Дорно”-д Энхжаргал яг юуг хэлэх ёстой юм. Зүгээр л хүний нэр тавиад бүдэг, бадаг юм хэлчихэж болохгүй. Нямбуугийн Нямдорж шиг л хэлэх хэрэгтэй. Ухаандаа сонгодог мөртүүдтэй байх ёстой. “Дорно бол Дорно, Өрнө бол өрнө” гэдэг шиг.
Данзангийн Нямсүрэн “Дорнод өвс болно” гээд л бичсэн. “Өвс болно” гэдэг нь сонгодог мөр. Тэгж хэн ч хэлээгүй. Гэх мэтчилэн байна л даа. Гүйцээж бодох, аливаа юмс үзэгдлийг гүйцэд бодох гэж юм бий. Гүйцээхийн тулд маш их унших л хэрэгтэй.
- Та дэлхий ертөнц хийгээд Монгол ч хэцүү байна гэж дээр ярьсан. Энэ цаг үед сайн яруу найрагчид төрж байгаа юу?
- Цаг үе хэцүүдэх тусам сайн яруу найрагч төрдөг. Хүн төрөлхтөний түүхэнд ч тийм байдаг.
- Яруу найрагч байхын утга учир юунд байгаа юм бэ. Яруу найргаас болж орчлон хорвоо, юмс, хүмүүс өөрчлөгдөнө гэж үү?
-Ер нь ард түмэн бол өөрийгөө л ойлгох гэж яруу найрагчийг төрүүлдэг. Одоогийн Монголын нийгэм хүнийг ойлгомжгүй болгодог ертөнцийг бий болгочихоод байна. Хүн өөрийгөө юу гэж ойлгох юм. Монгол хүн гэж юу гэж ойлгох вэ? Урьд нь Монгол хүн гэж хэн байсан юм, хэн байгаа юм, хэн байх юм гэдэг энэ гурван агуу их асуултанд Монголчууд хариулах ёстой. Өөртөө хариулаад, тэр асуултын зөв хариултыг яруу найрагч олох ёстой. Хэн байсныг нь мэдүүлэхийн тулд Монголын түүхийн өчүүхэн тоос хүртэл хэрэгтэй. Жишээлбэл, Зээрэн хавцал гээд Жамуха, Чингис хоёрын байлдсан тэр газрын чулууг шүлэг болгох хэрэгтэй. Бурхан Халдуны чулууг шүлэг болгох хэрэгтэй. Би хүүхдүүдэд “Бурхан халдуны чулуу бүгд хагарчихсан байгаа шүү. Яагаад гэвэл Монгол хүн хэрэлдэхэд Бурхан Халдуны чулуу хагардаг. Та нар очоод үзээрэй” гэж хэлдэг юм. Бурхан Халдун уул бол Монголын ухамсрын хан уул. Монголчуудыг хэрэлдэж, самуурахад чулуу нь хагарч байдаг, дороосоо доргиж байдаг. Онон мөрний долгион бүр нь Монголын ард түмний хувь заяаг дэнсэлж урсаж байдаг. Ийм байдлаар түүхийг харах ёстой, бичих ёстой.
- Зохиолч Ц.Буянзаяа нэг ярилцлага өгсөн байсан. “Чиний авьяас бол хөдөлмөрийн дэргэд хамаагүй үнэ цэнтэй, мөнхийн зүйл” гэж хэлсэн. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
- Санал нийлнэ, гэхдээ нэг хувь нь авьяас, 99 хувь нь хөдөлмөр гэж хэлдэг дээ.
- Хөдөлмөрлөөгүйгээсээ болж хайран авьяасаа ашиглаж чадаагүй харамсалтай түүх байдаг л байх даа?
- Өө дүүрэн байна. Гүр.Нямдорж байна, хэчнээн сайхан авьяастай хүү байв. Манайхан хайрлаж чадахгүй байсаар явууллаа. Ганц монгол ч биш л дээ. Авьяастаныг үхсэн хойно нь ойлгодог. О.Дашбалбарыг ч гэсэн ойлгоогүй. Манай Цэдэндорж багшийн хамгийн сүүлийн шавь. Би Москвад байхад нь захиа бичиж байсан, хариу захианууд бий л дээ. Тэгээд би “улс төр хэрэггүй ээ, улс төрөө хая, баахан шүүмжлүүлээд л, сэтгүүлч хүүхэнтэй холбогдоод л балай юм. Наадахаа хая” гээд хэлэхгүй юу. Тэгэхэд “Нямаа ах аа, уучлаарай. Эх орон ийм байхад би яаж дуугүй байх юм бэ” гэж хэлж байсан. Тэр бас аймшигтай л үг дээ. Одоо гэтэл Монголын сэхээтнүүд бүгд дуугүй болчихсон.
-Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг шиг сэхээтнүүдэд нэг айдас байх шиг ээ. Түүнээс биш аливаа улс оронд сэхээтнүүдийн гүйцэтгэх үүрэг асар өндөр байдаг шүү?
-Оюуны доройтолд орсон ард түмний тэргүүнийг тэргүүлэгч сэхээтнүүд аварна гэж хэлсэн байдаг. Монголын бүх сэхээтэн хөдлөх хэрэгтэй. Ард түмнийг гэгээрүүлэхийн төлөө, энэ ертөнцийг зөв таниулах, нийгмийг зөв таниулах, хүн төрөлхтөнийг зөв таниулахын төлөө юм шүү дээ. 1740 онд агуу Франц оронд соён гэгээрүүлэх хувьсгал болсон. Найз нөхөдтэйгөө нийлж байгаад 26 боть тайлбар толь хийсэн нь одоо хүртэл Францыг гийгүүлж байна. Монголд ийм зүйл хэрэгтэй. Бүх сэхээтэн, зохиолч, яруу найрагчид нэг зүгт хараад эх орон, ард түмнээ соён гэгээрүүлье, өөрсдөө соён гэгээрье. 2020 оноос эхлээд арван жил хүчтэй довтлоход бүгд цоо шинэ хүмүүс болж болно. “Оюун ухаан нойрмог бол бузар булайг төрүүлнэ” гэж Франсиско Гойя хэлсэн. Одоо болж буй муу бүхэн эцсийн бүлэгт оюун ухаан нойрмогоос болж байгаа юм. “Гэгээрсэн ард түмэн бол онгоцыг чулуугаар шидэж унагаад, улаан гараараа танк зогсоодог” гэж Хосе Мартин гэж Кубын яруу найрагч хэлсэн байдаг. Гэгээрсэн ард түмнийг дийлэх хүч ертөнцөд байхгүй. Шинжлэх ухааны ёсоор амьдарч, гэгээрч, бүгд нэг зүгт харах хэрэгтэй. Солонгос, Сингапур, Япон гээд бүгд тэгж л хөгжсөн.
- Өөрт оногдсон бурхны өгөгдлийг бүрэн гүйцэд ашигласан гэвэл яруу найрагч, зохиолчид дундаас та хэнийг нэрлэх вэ?
- Монголын зохиолчдоос уу, богино насласнаар нь Цэдэндорж багшаа хэлнэ. Залуу үеэс Дорждамбын Баттогтох гэж залуу байсан. Ер нь богинохон амьдралд төгс төгөлдөр заяадаг бололтой. Богино учраас дахиж оролдох хугацаа байхгүй. Ринчиний Чойном гэхэд 49 наслаа биз дээ. Ямар их зүйл хийгээ вэ. Бараг 30 боть болж байна. Бурхан багш энэ золиг богино наслах юм шиг байна, юм хийлгэе гээд л мань эрд өгөгдөхүүн өгсөн байгаа юм. Би “Долгор” гэж найраглал бичиж байхад нь хажууд нь суугаад харж байсан юм. “Хайртайхан Долгор хар нүдтэй, Харин би хар дээлтэй” гэж Бадарч ах /Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч/ энэ хоёрын шарыг тайлаад сууж байсан хэрэг. Номын сангийн ард дугуй ресторан байсан, одоо үзэсгэлэн болчихсон. Шарыг нь тайлчихаад алхаж байхад Р.Чойном хоёул ийшээ оръё, би юм бичмээр санагдчихлаа гээд номын сан луу ордог юм байна. Дагаж ороод хажууд нь хараад л суухад, нэг нимгэн дэвтэр гаргаад хоёр цаг суухад бүгдийг нь биччихэж байгаа юм. Тэр олдохгүй байна, би тэр үед уншъя гэж хэлж чадсангүй л дээ. Хамгийн сүүлийн хуудсан дээр нь тэдэн сарын тэдэн гээд биччихээд гараад явчихсан. Бурхан тэгж заяаж байна.
- Яруу найрагчид нас жаахан ахиад ирэхээрээ үргэлжилсэн үг рүү ордог, роман бичээд эхэлдэг. Энэ тал дээр ямар зүй тогтол байна вэ?
- Дэлхийд ч тийм үзэгдэл байдаг. Намтар, эссэ бичдэг. Үзсэн юм нь их байгаад роман бичдэг байж болно. Шүлгэнд багтахгүй амьдрал гэж байна л даа. Түүнийгээ үргэлжилсэн үгэнд багтааж болно.
- Залуу үеэ хараад утга зохиолын хөгжлийг хэрхэн тодорхойлдог вэ?
- Нийгэм тэсрэхэд утга зохиол, уран зохиол тэсэрдэг. Энэ бол хүн төрөлхтөний туулж ирсэн бодит амьдрал. Тэр жам ёсоор л явсан, одоо нам тайван болчихлоо. 2010 оноос эхлээд нэг тийм сонин болчихсон. Хүн өөртөө тэсрэлт үүсгэх хэрэгтэй. Эх орны минь сайхан баялгийг цөлмөж, газар нутаг сүйрч байгааг үзээд өөртөө шаналал үүсгэж чадахгүй, надад ямар хамаа байна аа гэж боддог. Ийм байдлаас мөхөл эхэлнэ. Нийгмийн амьдралын судас болгоныг яруу найрагч, жүжигчин гээд урлагийн хүмүүс мэдэрч байх ёстой. Би харин зураачдыг гайгүй явж байна уу даа гэж хардаг. Зураачид дунд тэсрэлттэй нөхөд байна, бас хөгжим байна.
-Хөгжим гэснээс нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав гуай өөд болчихсон. Та хоёр их ойр байсан. Танд хэчнээн хэцүү байсны тухай дурсаад ч хэрэггүй биз дээ?
- Манай Шарав. Би Шаравын тухай нэг юм бичих гээд л байгаа. Сайн судлаж хийхгүй бол муу хийж болохгүй. Миний хайртай дүү дэндүү богино наслалаа. Хийсэн зүйл нь агуу. Хөгжмийн зохиолчид тийм богино насладаг юм уу, Хангал, Чинзориг гээд хэчнээн хайран. Гончигсумлаа, Мөрдорж хоёр шиг урт насласан хэн байгаа юм.
- Та хэллээ шүү дээ, нийгэмд тэсрэлт явагдаж байх ёстой, тэсрэх ёстой гээд олон л зүйл ярьлаа. Өнгөрсөн хугацаанд таны хувьд тэсрэлт хийсэн яруу найрагчдаас сайхан нэрлээч?
- Б.Галсансүх, Г.Аюурзана гээд нэрлэнэ. Дорнодын Бат-Орших гэж залуу тэсрэлттэй яруу найрагч байсан. Гүр.Нямдорж үнэхээр том зохиолч байсан. Тийм том хүнийг төрүүлсэн ард түмэн нь, Хөвсгөлийнхөн нь мэдэхгүй байгаа юм. Манай Энхжаргалыг Биндэрийнхэн мэдэхгүй. Тэгэхэд Энхжаргал Монголын яруу найрагт өөрийнхөө замыг гаргачихсан хүн. Түүнийг Монголын яруу найраг судлаачид хүлээн зөвшөөрнө. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг тийм амар ажил биш ш дээ.
- Та Хан Хэнтийн яруу найргийн дэг сургууль гэж бодитоор оршдог биш ч “бодит зүйл” гэж нэг удаа хэлсэн байсан. Энэ дэг сургуулийн талаар жаахан яриач?
- Тэр бол оюун санааны охь нэгдэл. Хүмүүст харагдаад байгаа боловч Б.Галсансүхийг мэдэхгүй, Энхжаргалыг мэдэхгүй. Ямар ч гэсэн нэг сэжүүрээр нэгддэг нэгдэл байгаа юм. Тэгэхээрээ том байгаа юм. Хэн хэнээ мэдэрдэг. Мэдрэх гэдэг чинь маш чухал. Хүн хүнээ мэдрэх гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн том шинж чанар. Нэг кино найруулагч “миний зохиолыг ойлгох гээд хэрэггүй ээ, зүгээр мэдрэхэд л болно” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид бол нэгнээ мэдэрч чаддагаараа л бусдаас өөр байгаа юм.
Ярилцсан: Б.Энх-Уянга
готов · 2023/04/10
хэрэгтэй юм юуч ярьсангүй дэмий цэцэрхээд,худлаа гөвөөд өөрийн нь бүтээл гээд юу байдаг юм уншсан хүн байна уу зохиолчдыг дагаж архи авч өгдөг л нөхөр байсаншдээ
saihan yarilzlaga baina,Mongoliin seheetengyyd yag ene LNyamaa sig ahmadyyd ni dyygardag boloochee!!! · 2022/02/08
yg ni ahmadyydaasaa syrah sonsoh yum ikhe baisanj,getel Mongoliin zaluus ahmadaan hyndetgej tedniihee ygiig sonsoh gej baihgyi bolj uu dee!!!L.Nyamaagaan sain medeh hyn ni bi yum,zarimdaa byy halah gedeg byryy tiisee heteryylegtei taldaa gardag boltoi!!!Galsansyhiig N.Nyamdorjiin sabiar egsen ni ynen getel Galsansyh ni oligtoihon sig Nyamdorjiig oilgoj neherlej tyynii nandin dotood mederemjees hyrtej chadaagyi neher dee!!!syyld byr zalhasan yumuu?yasan yum be?byy med!!!Nyamdorjtoigoon ch yylzahaan baigaad syymjleh tal ryygaa handdag baij bilee!!!N.Nyamdorj bol setgelgeenii agyy nairagch bailaa,hichneen bagaasaa garch irsen nairagch bilee!!!hairlah tysam agyy nyamdorjiigoo tyyniihee synstei holbogdoj amidraliin ychiriig sonsoj yabna.herbee ta nar nad sig hynii namtariin synstei ychirch sonsdog bolchihbol jinhene yhaantai bolchihno,daanch hezyy ychiraas bye byenee sain muu gej dygnej hereldseer 2040 onii hyreh biz dee!!!2040 on gehed ene delhii deer yu yu eerchilegdej yu yu bolohson bilee?.....Mongol yg yer irehiin emne syydyy tat gej?....Mongolchyyd Mongoliin tor niigem bygdeeree hyn ardtaigaan niilej <Mongol orniihoo ireedyin sain saihanii telee l eneederees ehlen bodlogoor tor ni ard tymeniihee eleg zyrhend orj mederch ajillah saardlagatai baina,heden namaar talchaad hedyylee hereldeed hor bolohoos eer sain zyil bolohgyi ee!!
хүннү · 2022/02/08
1. Л. Нямаа гуай 1945 оны 2-р сарын 16-нд төржээ. Дайн 1945 оны 5-р сарын 9-нд дуссан гэдэг. Эхээс мэндлээд 3 сар ч хүрээгүй байхдаа аавыгаа 20-30 гахай алж ирээд ганц хоёрыг ав үлдээд үлдсэнийг нь фронтруу илгээдэг байсныг мэдэж байсан байна. 2. Дээхэн үед Манай нутгийхан буриад, монголгүй үе үе гахайд явцгаанаа. Гэхдээ намар орой анхны цаснаар нохойгоо дагуулаад л явна. 11.12-сард гахай ид тарган махнаас нь самар, үндэс амтагдаад мөнч сайхан шүү дээ. Гэхдээ тэднийн хэн нь ч гэсэн 20,30-р нь алахгүй. Ганц том бодон унгах юм бол түүнийгээ авч ирэх гэж мөнч зовно доо. Нэг хүн ийм олноор нь алаад байвал Хэнтийн аглаг хөвчид ан үлдэхгүй. Харин Халхгол, Нөмрөгрүү гахайг олноор нь алдаг гэж сонссон шүү. Байлдааны буугаар юухан байх вэ дээ. Цас хайлуулаад алсан гахай дээрээ асгаад хөлдөөгөөд уулын уруу гулсуулдаг гэсэн.