Орос улс Украинаас салсан хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо
2022/02/22
Өчигдөр орой болж өнгөрсөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа Украинаас салсан Донбассын хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
Ингэснээр Украины дорнод хэсэгт одоогоор зөвхөн ОХУ-ын хүлээн зөвшөөрсөн Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ), Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНЛАУ) бий болж байна.
Эдгээр мужууд 2014 онд Украинд гарсан Майданы хувьсгалын дараа Киевийн засаг захиргаанаас гарч байгаагаа зарласан ч дэлхийн ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй байсан юм.
Путин телевизээр ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Олон жилийн өмнө гарах ёстой байсан БНДАУ болон БНЛАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг одоо гаргах цаг нь болсон гэж би үзэж байна” гэж хэлжээ.
Тэрбээр уг шийдвэрээ 2014 оны Минскийн гал зогсоох гэрээ хэрэгжээгүйн үр дүн гэж тайлбарласан байна.
“Тэд энхийн замаар асуудлыг шийдэх сонирхолгүй, харин Цахилгаан дайн хийхийг санаархсаар ирлээ. Тэд өдөр бүр Донбасст цэрэг илгээж байна” гэж Путин хэлсэн үгэндээ Украины талыг буруутгажээ.
Тэрбээр бас Украинд хэт үндсэрхэг үзэл, нацизм, оросын эсрэг үзэл дэлгэрч буй нь ийм алхам хийх шалтгаан болсон гэсэн байна.
Киевийн эрх баригчид Оросын дэд бүтцийг устгах хорлон сүйтгэгчдийг илгээж, Оростой үүсгэсэн зөрчил мөргөлдөөндөө гадаадын орнуудыг татан оролцуулж, NATO-д элсэхийг санаархаж буй нь “манай улсын аюулгүй байдалд шууд заналхийлсэн хэрэг юм” гэж Путин мэдэгджээ.
Дараа нь тэр Украин улсын статусын асуудлыг хэлсэн үгэндээ хөндсөн байна.
“Дахин хэлэхэд Украин бол зүгээр л манай нэг хөрш улс биш юм. Энэ улс бол манай түүх, соёл, оюун санааны ертөнцийн салшгүй нэг хэсэг. Орчин үеийн Украин улсыг Орос, тодруулбал Большевик Коммунист Орос бий болгосон юм. Ленин ба түүний хүмүүс Оросын түүхэн газар нутгийг салгах ажлыг бүдүүлэг арга замаар хийсэн. Ингэхдээ тэнд амьдардаг сая сая хүний саналыг ч сонсоогүй” гэж Путин тайлбарлажээ.
Кремлийн албаны эх сурвалжийн мэдээлснээр Путин мэдэгдэл хийхээсээ өмнө Донбассын мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэж байгаагаа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц нарт урьдчилж мэдэгдсэн гэнэ.
Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолд гарын үсэг зурсныхаа дараа Путин ОХУ-ын цэргийг энхийг сахиулах үүрэгтэйгээр Донецк, Луганск руу илгээх шийдвэр гаргажээ.
Путиний мэдэгдлийн дараа Цагаан ордны хэвлэлийн албанаас хариу мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд “ОХУ-ын зүгээс ийм алхам хийхийг урьдчилан таамаглаж байсан тул авах хариу арга хэмжээний төлөвлөгөө маань бэлэн байгаа. Ерөнхийлөгч Байден удахгүй БНДАУ, БНЛАУ гэгдэж буй Украины бүс нутгууд дахь АНУ-ын хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хориглох захирамж гаргах болно” гэжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэлдээ “Энэ арга хэмжээ бол Орос улс Украин руу халдан довтолсон тохиолдолд бидний холбоотнууд, түншүүдийнхээ хамтаар авах эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнээс тусдаа зүйл гэдгийг тодруулж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Russia Today, WhiteHouse.gov