Иргэдийн 71 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг сайшаажээ
2014/05/22
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 05 сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар өөрсдийн санаачилгаар өнгөрсөн 3-р сард нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг явуулсан судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХК-иас гаргасан судалгааны дүнг танилцуулсан юм.
Уг судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн 152 хорооны 500 өрхөөс авсан бөгөөд судалгаанд хамрагдсан нийт өрхийн 55 хувь нь гэр хороолол, 45 хувь нь орон сууцны айл байжээ. Судалгааг дэлхий даяар судалгааны компаниуд мөрдлөг болгодог ESOMAR-ын судалгааны ёс зүйн стандартыг баримталж, хөндлөнгийн хараат бус, шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн аргачлал арга зүйгээр явуулсан байна. Харин 3-р сард иргэдээс авсан судалгаа тул зарим дүн мэдээлэл цаг хугацааны онцлогоос хамаарч үнэлгээ нь гарсан гэдгийг “MMCG” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ онцоллоо.
Хүрээлэн буй орчны талаар иргэд агаар болон хөрсний бохирдолд илүү анхаарал хандуулсан байна. Агаарын бохирдолд хамгийн их нөлөөлж буй зүйлсэд бүрэн шаталтгүй зуух, ил задгай бохир ус, хог хаягдал, тээврийн хэрэгслийн мотороос ялгарч байгаа хорт нэгдлүүд, халаалтын уурын зуух, тоос шороо, цахилгаан станцууд гэж үзжээ. Харин агаарын бохирдлыг бууруулах хамгийн оновчтой арга замыг судалгаанд оролцсон иргэдийн 51 хувь нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хариулсан байна. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрхэн үнэлэж байгаа талаар асуухад иргэдийн 71 хувь нь дэмжиж байгаа, дахин төлөвлөлтийн бүсэд байгаа өрхийн 78 хувь нь эерэг хандлагатай, хамрагдаагүй өрхийн 61 хувь нь хамрагдахыг хүсч байгаа гэж хариулжээ.
Эрүүл мэндийн үйлчилгээний талаар өрхийн эмнэлгийн эмч нарын ур чадварт илүү ач холбогдол өгсөн бол боловсролын үйлчилгээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ЕБС-ийн насны хүүхдүүдэд ногдох сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Судалгаанд оролцсон иргэдийн 20 хувь нь амьдрал сайжирсан, 40 хувь нь хэвэндээ, 32 хувь нь муудсан гэж хариулсан бол нийслэлийн амьдралын чанар сайжирсан шалтгааныг 66 хувь нь хот доторх зам сайжирсан, 29 хувь нь төрийн үйлчилгээ сайжирсан, 24 хувь нь гэмт хэргийн гаралт багассан, 21 хувь нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэнд сайшаалтай ханджээ.
Харин энэхүү судалгаагаар хотын соёлын талаар иргэдээс асуухад 50 хувь нь мэдэхгүй гэж хариулсан нь нийслэлийн иргэд хотын соёлд төдийлөн санаа зовдоггүй гэх дүгнэлт гарахад хүргэсэн байна. Хотын соёлгүй байна гэж үзэж буй шалтгааныг 43 хувь нь хогоо ил зайдгай хаях, 33 хувь нь харилцааны соёлгүй, 15 хувь нь нус, цэр, шүлсээ олон нийтийн газар хаях, 12 хувь нь архидан согтуурах, 9 хувь нь үйлчилгээний болон төрийн байгууллагуудын хүнд суртал гэж тодорхойлжээ. Хотын соёлыг сайжруулахын тулд 40 хувь нь нийслэлийн хогийн цэгүүдийн нөхцөлийг сайжруулах, хогийг ангилан ялгаж авдаг болгох, иргэдийг хогоо ялган өгдөг системд сургах, татан авалтын тоо давтамжийг нэмэгдүүлэх, 30 хувь нь дунд сургуулийн хөтөлбөрт хотын соёлын талаар хичээл оруулах, хотын соёлыг сайжруулах сурталчилгааны ажлыг хийх гэсэн хэрэгтэй гэсэн байна.
Судалгааны дүнд дүүргүүдийн имиджийг Чингэлтэй дүүрэг-гэр хороолол агаарын бохирдол, хог хаягдал ихтэй, Сүхбаатар дүүрэг-хотын төв, оюутны дүүрэг, түгжрэл ихтэй, Баянзүрх дүүрэг-агаарын бохирдол, баар цэнгээний газар, гэр хороолол ихтэй, Сонгинохайрхан дүүрэг- хүн ам, гэр хороолол, агаарын бохирдол амьжиргааны түвшинд доогуур өрхүүд ихтэй, Баянгол дүүрэг-худалдаа, үйлчилгээ төвлөрсөн орон сууцны хороолол ихтэй тохижилт сайн, Хан-уул дүүрэг- үйлдвэр ихтэй, агаарын бохирдол бага, баячууд амьдардаг, Багануур, Налайх дүүрэг-нүүрсний уурхайтай, Багахангай дүүрэг- ажилгүйдэл ихтэй гэж тодорхойлжээ.
Харин 2013-2014 оны өвлийн улиралд болсон онцлох үйл явдал, бүтээн байгуулалтад дараахь үнэлгээг өгсөн байна.
Бөмбөгөр худалдааны төвийн замын гүүрэн гарц, Мянган оюутны байр ашиглалтад орсон, Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн, Бүрэн шаталттай зуух хөнгөлөлттэй үнээр гэр хорооллын өрхүүдэд өгсөн, Нийслэлд 23 цэцэрлэг шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд машины дугаараар ялган хөдөлгөөнд оролцуулсан зэрэг ажилд өндөр үнэлэлт өгчээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх судалгааны үнэлэлтэд анхаарч, цаашид хийж, хэрэгжүүлж буй ажлууд иргэдэд хэрхэн нөлөөлж, үнэлэлт өгч байгаа талаар улирал бүр судалгаа явуулан авч байх шаардлагатай гэж үзсэн гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
mbt s***s online · 2014/07/15
mbt s***s yahoo Иргэдийн ** хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг сай******жээmbt s***s online http://www.dokka-fasteners.com/mbt-retro-basketball-s***s-100-anniversary.html