Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн Хэрлэн 1-р сургуулийн 7 а ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяагийн “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтыг энэ сарын 19-ний 14.00, 17.00, 20.00 цагт тус тус зохион байгууллаа. Тус тоглолтын орлогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-ийн эхчүүдийн орыг шинэчлэх зорилготойгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга, Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгуулж, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Өндөрхаан”, “Хэнтий” телевиз, “Хэнтийн мэдээ”, “Шинэ сонор” сонинууд ажиллаж, халуун сэтгэлээсээ тусалсан юм. 

 

Сурагч Ц.Ухаанзаяагийн тоглолтын өмнө хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, түүний бичсэн сэтгэлийн илгээмжийг Хан Хэнтийчүүддээ хүргэсэн юм.

Сэтгэлийн илгээмж

“Намайг Цэрэндондовын Ухаанзаяа гэдэг. Сайхан сэтгэлт хүмүүн таньд сэтгэлийн үгээ хэлэх завшаан олдсонд хязгааргүй баярлаж байна. Монгол Улс энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан, тун удахгүй 3 сая дахь иргэнээ хүлээн авах гэж байгаа нь надад маш сайхан санагдсан. Тиймээс би бяцхан оюундаа тунгаан бодсоны эцэст энэ үйл хэрэгт өөрт байгаа зүйлээрээ хувь нэмэр оруулахыг хүссэн. Надад байгаа тэр зүйл бол миний бяцхан авьяас” учир хандивын тоглолт хийхээр шийдсэн юм. Энэ тоглолтынхоо орлогоос хорвоод мэндлэх шинэ иргэнийг тосон авч байдаг аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-т хандивлаж, алаг үрээ алтан хэвлийдээ тээж, амар амгалан амаржсан эхчүүдийн орыг нь шинэчилж өгөхөөр шийдээд байгаа билээ. Та бид хамтран эхчүүд, бяцхан үрсийнхээ сайн сайхны төлөө энэ асуудлыг шийдэж чадна. Иймээс үе тэнгийн найз нар, ах, эгч, Чингис хотын иргэн та бүхэн миний санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэж, сайхан сэтгэлээс урган гарсан сайн үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна. Аавдаа алт, ээждээ эрдэнэ болсон энхрий булбарай дүү нар минь эсэн мэнд бойжиж, Их эзэн Чингис хааны оюунлаг үрс олон болох болтугай” илгээмжийг хамгийн түрүүнд авч “Хүүхдийн төлөө за” хэмээн Онон захиралтай “Onon printing”, Ч.Нарантуяа захиралтай “Ханбүргэд Хаан” ХХК-ийн хамт олон дуугарч тус тоглолтыг ивээн тэтгэж оролцлоо. Мөн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, “Өндөрхаан” нисэх буудал, Цаг уур орчны шинжилгээний алба, МСҮТ, ЕБС-иуд, Улсын бүртгэлийн хэлтэс, “Хэнтий-Ус” ХХК зэрэг олон байгууллага тоглолтыг зохион байгуулалттайгаар үзэж, тасалбараараа хандив өргөлөө. 

Тус тоглолтонд Улаанбаатар хотоос МУСТА Ч.Банзрагч багштай уран нугаралтын “Дэлбээ”, охидын “Инээмсэглэл” хамтлаг тус тус хүрэлцэн ирсэн бөгөөд Хэрлэн 1-р сургуулийн бүжгийн “Хувьсал” хамтлаг, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын үндэсний хөгжимчид тоглолтонд оролцож нэгэн өдрийн турш “Хан Хэнтий” чуулгын тайзнаа дуу хуур, бүжиг наадмаар Чингис хотын хүүхэд багачууд, иргэдийг цэнгүүллээ. Тоглолтын эзэн Ц.Ухаанзаяа уран нугарч, дуулж, бүжиглэж, хулсан хуураар хурдаж олон төрлийн авьяасаараа бэлэг барьж, үе тэнгийнхэн, үзэгч олноо бишрүүлж, хүүхэд багачууддаа үлгэр дууриал боллоо.

Түүнийг чин сэтгэлийн угаас хандивын тоглолт хийж хүмүүнлэгийн үйлс өрнүүлж байгаад талархан, аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж, хүний орчлонгийн яруу сайхныг оргил, үлэмж энэрэлт сайхан ээжүүдэд эсэн мэнд амаржих, ая тухтай орчин бүрдүүлэхэд өөрийн авьяас билгээ дайчлан гэгээлэг үйлсийг бүтээсэнд нь Эрүүл мэндийн салбарын “Эх хүүхдэд ээлтэй сурагч”-аар өргөмжилсөн юм.

 Тэрээр улсын чанартай олон ч уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Нийслэлийн шилдэг сурагч, 2013 оны Хэнтий аймгийн урлаг, хүмүүнлэгийн шилдэг сурагч, Монголын Хүүхдийн төлөө үндэсний газрын “авьяас” алтан медаль, Монголын хүүхдийн ордны “эрдэм” алтан медаль, Монголын сурагчдын холбооны “авьяаслаг сурагч” алтан медаль, Цэцгэн шүүдэр уран нугаралтын улсын уралдааны хошой “алтан” медальт шилдэг сурагч юм.  Мөн  Ц.Ухаанзаяа нь өнгөрсөн жилийн 5 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотноо Улаанбаатар чуулгын их тайзнаа “Ачийг тань хариулъя” тайлан тоглолтоо хийсэн бөгөөд энэ үеэрээ Хүүхдийн оролцооны төрийн бус байгууллагуудаас гаргасан “Хүүхдийн төлөө гараа сунгая” аяны хүрээнд “Хүүхдийн мөрөөдлийг биелүүлэх өдөр”-ийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан уриалгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын сурагчдын холбоо, “Соёмбо” принтинг, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Авъяас залуу үе төв”, “Оюунлаг үр сад” шатрын клуб дэмжин хамтран ажилласан байна.

Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, “Бадамлянхуа” хүүхдийн асрах төвийн 350 гаруй өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын дунд "Эгэл амьдралын тулах багана - Ирээдүйн оюунлаг эздээ баярлуулъя” нэртэй хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд өөрийн болон үе тэнгийн найзуудынхаа уран бүтээ­лийн дээжээс сонирхуулахын сацуу гар зургийн уралдаан, шүлэг, дууны тэмцээнийг зохион байгуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж, 3 500 000 төгрөгийн үнэ бүхий өөрийн тоглолтын та­сал­бараа "Огторгуйд дүүлэн одох мо­торт дугуй" хүүхдийн ном, гарын бэлгийн хамт хүүхэд бүрт бэлэглэсэн. Мөн тус асрах төвүүдийн номын санд 500 000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг "Огторгуйд дүүлэн одох мо­торт дугуй" номыг хандивласнаас гадна тоглолтыг нь үзэхээр ирсэн бүх үеийн найзууддаа тасалбараа дагуулан 1 500 000 төгрөгийн үнэ бүхий номыг дагуулан өгч, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.

Тэрээр ийнхүү хүмүүнлэгийн тоглолтоо хийснээр Хан Хэнтий аймгийн “урлаг, хүмүүнлэгийн шилдэг сурагч”-аа баталсан сайхан арга хэмжээ боллоо.

Сайхан сэтгэл, сайн үйлс хойшдын ирээдүйд үргэлж сайн бүхнийг дагуулж явдаг учраас уран бүтээлч охин Ц.Ухаанзаяадаа Хан Хэнтий нутгийнхаа ард иргэдийн өмнөөс урлагийн өндөр амжилт хүсэн ерөөе.