Украины зэвсэгт хүчин бууж өгвөл Москвагийн эрх баригчид хэлэлцээ хийхэд бэлэн байгааг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр Донецкийн болон Луганскийн БНУ-ын гадаад хэргийн сайд нартай уулзсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр ийм мэдэгдэл хийсэн байна.

“Украины зэвсэгт хүчин манай ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авч, эсэргүүцлээ зогсоон зэвсгээ хаясан тохиолдолд бид яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна. Хэн ч тэдэн рүү довтолж, дарамтлахыг хүсэхгүй байгаа тул гэр гэртээ харьж, Украины ард түмэнд ирээдүйгээ сонгох боломж олгох хэрэгтэй байна” гэж Лавров хэлжээ.

Тэрбээр Орос улс үргэлж яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсаар ирснийг энэ үеэр онцолсон байна.

Гэвч Украин дахь орос хэлтэй хүн амын нөхцөл байдал хүндэрч, тэвчээрийн хил хязгаарыг давсан тул байлдааны ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон гэж Лавров тайлбарлажээ.

“Орос хэл, боловсрол, Оросын үнэн алдартны сүм хийдийн эсрэг тэд юу хийснийг би олон удаа ярьж байгаа. Манай өрнөдийн найз нөхөд ийм зүйл өөрсдөд нь тохиолдож байна гээд төсөөлөөд үзэх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл тэд ийм зүйлийг тэвчих боломжгүйг ойлгоно” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Украинаас салсан хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Москва-Киевийн харилцаа эрс муудсан юм.

Үүний дараа Оросын цэрэг салан тусгаарласан Донецк, Луганск мужуудад нэвтрээд зогсохгүй Украины газар нутгийн гүнд цөмрөн ороод байна.

ОХУ-ын тал уг ажиллагаагаа өнгөрсөн найман жилийн турш геноцидын золиос болж зовсон орос хэлтэй хүн амыг хамгаалах, Украин улсыг нацизмаас ангижруулах зорилготой гэж зөвтгөж байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС