Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
2014/05/22
Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ оны 8 дугаар сарын 1-нд тохиож байгаа билээ. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Төлөөлөгчийн газар Европын Холбооны Гадаад харилцааны албатай хамтран Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг нээв. Тус үзэсгэлэн нь 5 дугаар сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд Европын Комиссын төв байранд гарах юм.
Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Элчин сайд Х.Даваадорж, Европын Холбооны Гадаад харилцааны Албаны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал В.И.Будура нар уг арга хэмжээг нээж үг хэлэв.
Ноён В.И.Будура хэлсэн үгэндээ, Европын Холбоо, Монгол Улс хоорондын харилцаа өнгөрсөн 25 жилийн хугацаанд өргөжин бэхжиж байгааг дурдаад 2013 онд Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.Баррозо, Дээд Төлөөлөгч К.Аштон нарын айлчлал Монголд амжилттай хэрэгжиж, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсаныг онцлон тэмдэглэв.
Мөн газар зүйн хувьд хэдийгээр алс оршдог ч Монгол Улсыг Европын Холбооны улс төр, эдийн засгийн чухал түншээ гэж үздэг бөгөөд энэхүү харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бататган өргөжүүлэхийн төлөө байдаг гэв.
Элчин сайд Х.Даваадорж Европын Холбоо нь манай улсын “гуравдагч хөрш” бөгөөд хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны гуравдахь түнш гэдгийг онцлон өнгөрсөн онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн ач холбогдлыг дурдахын хамт ЕХ-ны гишүүн орнууд уг баримт бичгийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын эрх зүйн зохицуулалтыг ойрын хугацаанд хийж дуусгана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Арга хэмжээний үеэр монголын язгуур урлагийн "Хөх Монгол" хамтлаг цугласан зочдод ая дууны мэндчилгээ өргөж, Брюссель дэх ЭСЯ-наас монгол зоог бэлтгэн үйлчилсэн нь монголын ахуй соёлыг Европын Холбоонд сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.