ОХУ болон Украины хооронд өрнөж байгаа дайны нөхцөл байдлаас үүдэж Европын холбоо болон дэлхийн бусад улс орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьсаар байна. Энэ асуудлаар эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.


-ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ МОНГОЛД ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛНӨ, ГАРАХ ЯМАР Ч ГАРЦ БАЙХГҮЙ-


-Хамгийн сүүлд ОХУ-ын банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулахаар Moody’s судалж эхэлсэн талаар олон улс мэдээлж байна. ОХУ-ын эдийн засаг ямар байдалтай байна вэ, хоригууд хэр нөлөөлж байгааг дэлхий нийт чих тавьж байна. Манай улсын хувьд ч энэ бол том сэдэв биз?

-ОХУ украины нутаг дэвсгэр рүү дайны үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор Ану болон Европын холбооны улс орнууд эсэргүүцэл илэрхийлж, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч эхэлсэн. Тэд ОХуын дайралтыг зогсоох хамгийн боломжтой арга нь эдийн засгийн хориг арга хэмжээ гэж үзэж байна. Ингэхдээ ОХУ-ыг Валидимр Путин гэдэг хүн удирдаж байгаа. Ану болон Европын холбооны улс орнуудын хүсч байгаа зүйл бол Путиныг мөнгөгүй болгох, мөнгөнөөс нь салгах бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж байна. Путин сүүлийн 15 жил орчим тасралтгүйгээр ОХуыг удирдаж байгаа хүн. Тэр утгаараа өөрийг нь тойрон хүрээлсэн олигархиуд буюу том компаниудын хувьцаа эзэмшигч, захирлууд бий болсон. Европын холбооны улс орнууд Путиныг тойрсон тэдгээр олигархиудыг мөнгөгүй болгочихвол Путин хүчгүй болно гэдэг аргумент гаргаад үзэж байна. Тэр үүднээс тэдгээр бүлэглэлийн мөнгийг царцаалаа. Тэдгээр олигархи бүлэглэлийн мэдлийн 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө гадаадад байршдаг байсан гэж байна. Энэ нь цаад утгаараа Путины мөнгө, дайныг санхүүжүүлж байгаа хөрөнгө гэж үзэж байгаа юм билээ.

-Дээр нь банк санхүүгийн салбарт авч байгаа хоригууд хүч нэмж байгаа болов уу?

-Тэгж таарна. Путины тойрон хүрээлэгч олигархиуд руу чиглэсэн санкци маш үр дүнтэй болж байгаа. Путин гэдэг дэлхийн том удирдагч.

Энэ дайныг эхлүүлэхдээ мэдээж том стратегич нартайгаа төлөвлөсөн нь байж таараа. Гэхдээ эдийн засгийн арга хэмжээг одоогийн нөхцөл байдлаас харахад арай дутуу үнэлсэн болов уу гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, АНУ, Европын холбооны явуулж байгаа эдийн засгийн санкци ОХУ-д маш хүчтэй нөлөөлж, хүнд байдалд оруулж байна.

Үндэсний мөнгөн тэмдэгт рубль нь цаас боллоо. Оросын компаниудтай АНУ болон Европын холбоо, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс орнуудын компаниуд хамтын ажиллагаагаа шууд зогсоож эхэлсэн. Дээр нь аливаа нэг технологи, бараа худалдаж авахгүй, эсвэл нийлүүлэхгүй гэж мэдэгдэж байна. Түүнээс гадна АНУ болон Канадын хэрэглэгчид орос бараанаас шууд татгалзаж байна. Нэг ёсондоо Оросын эдийн засаг сүйрлийн ирмэгт очиж байна.

-Дайн эхлээд долоо ч хоноогүй байдаг. Орос бол том эдийн засагтай орон. Ийм богино хугацаанд сүйрлийн ирмэгт хүрчихлээ гэж үү?

-Ердөө долоо л хонож байгаа. Яахав, Путины нэг тооцоолол зөв байсан. АНУ болон Европын улс орнууд Орос руу дайтаж чадахгүй гэдэг тооцооллыг зөв хийжээ гэдгийг дэлхий нийт харж байна. Хэрэв тэд оролцож эхэлбэл дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Одоо бол дэлхийн гуравдугаар дайн ч гэж ярихгүй шүү дээ. Бие бие рүүгээ цөмийн зэвсэг хаяад л, дэлхий тэр чигтээ арчигдах маш том эрсдэл байгаа. Тиймээс аль ч улс Украин руу цэрэг илгээхгүй байна.

Харамсалтай нь эдийн засгийн хориг арга хэмжээ, түүний үр нөлөөг дутуу харсны үр дагавар ингэж гарч байна уу гэж дүгнэж байна.

-Томоохон банкуудын гадаад төлбөр тооцоо хийхийг хориглосноос эхлээд банк санхүүгийн салбарын нөхцөл байдал ямар байх юм бэ?

-Оросын Засгийн газар, банкууд, дээр нь төрийн өмчит болон томоохон компаниуд олон улсын бондын зах зээл дээрээс шинээр санхүүжилт босгох дээр хориг тавьчихлаа. Гадаад төлбөр тооцоог нь царцаахаас гадна шинээр санхүүжилт босгохыг хориглож байгаа нь ОХУ-ын хувьд том хохирол. Гэтэл Оросын Засгийн газар, томоохон компаниуд болох Роснефть, Газпром өнөөдрөөс гуравхан сарын дотор есөн тэрбум ам.долларынх нь бондын хугацаа дуусч байгаа юм билээ.

Тэдгээр компаниуд олон улсын бондын зах зээл дээрээс шинээр бонд гаргаад өмнөх бондоо төлнө гэж төлөвлөж байсан. Гэтэл одоо шинээр бонд гаргах эрхийг нь хаачихлаа. Тэгэхээр тэдгээр гадаад бонд шууд дефолт болох эрсдэлтэй. Хэрэв ингэвэл Оросын санхүүгийн зах зээл ойрын хэдэн жилдээ үзээгүй маш том сөрөг нөлөөлөлд өртөнө.

-Moody’s банкуудынх нь зээлжих зэрэглэлийг бууруулах нь бас л багагүй цохилт болох уу?

-Мүүдстэй, мүүдсгүй аль хэдийнэ олон улсын хөрөнгө оруулалтын сангууд Оросоос гарч эхэлсэн. Тийм учраас том компаниудын хувьцаа нь маш хурдтай унаж байна.

-ОХУ хөрөнгийн зах зээлийн том орон байх шүү?

-Ер нь эдийн засгийн үр нөлөөллийг хамгийн хурдан илэрхийлдэг зүйл бол хөрөнгийн биржийн индекс.

Оросын Сбербанк гэж бий. Манайхаар бол Хаан банк. Нэг ёсондоо Оросын хамгийн том арилжааны банк гэсэн үг. Энэ арилжааны банкны хувьцаа дайнаас өмнө есөн ам.доллар байсан бол дайн болоод тав хоноход 21 цент болтлоо унаж байна.

Үүнээс болж гадны хөрөнгө оруулагчид Оросоос гаръя гэж байна. Оросын Засгийн газар аргаа барахдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг хувьцааг нь заруулахгүй байх арга хэмжээг авч байгаа шинэ бодлогын талаар Ерөнхий сайд нь өчигдөр зарлаж байна.

-Эдийн засгийн хувьд хүнд байдалд орж байна гэж дүгнэж болох нь ээ?

-Ер нь нөхцөл байдлыг дүгнэх юм бол долоо хоногийн өмнө ОХУ-ын ерөнхий дүр зураг дажгүй байсан. 2015 онд Крым рүү дайрснаас үүдэж тодорхой хоригт орсон. ОХУ тэрхүү хоригтойгоо дасан зохицож, өнөөдрийг хүрч байсан. Нефтийн үнэ ч Оросын хувьд таатай байв. Гэтэл Укриан руу дайраад тав хоногийн дотор эдийн засаг нь сүйрлийн байдалд орчихоод байна.

-Хариу арга хэмжээнүүд нь хэр үр дүнтэй байна вэ?

-Одоогоор бол түргэн зуурын шийдэл хэрэгжүүлж чадахгүй байна гэж харагдаж байна. ОХУ бол том эдийн засагтай орон. Том эдийн засгийн нэг хүндрэл унахдаа маш хүчтэй. Өөрөөр хэлбэл, их хохиролтой. Сэргэх хугацаа урт гэсэн үг.

-Газрын тосны том нийлүүлэгчийн хувьд бас л таагүй дүр зурагтай байх шиг байна. Худалдан авагч улсууд Оросоос татгалзсаар байна, тийм үү?

-Газрын тосны үнэ ханш бол өсөөд байгаа. Сүүлийн долоо хоногт баррель нь 100 ам.доллар даваад явчихлаа. Орос бол газрын тосны том бэлтгэн нийлүүлэгч. Тийм учраас ашигтай юм шиг харагдаж байгаа ч нөгөө талаар Оростой арилжаа наймаа хийхгүй, төлбөр тооцоон дээр нь хориг тавьчихаар ашиггүй болж байгаа юм. Магадгүй Оростой харилцаагаа таслаагүй, Оросыг буруутгаагүй улс орон бараг байхгүй болчихлоо.

Оросын компаниуд ч маш хүнд байдалд орж эхэлж байна. Том гүрэн, дайн аль ч тал руугаа эргэсэн ч Оросын эдийн засаг бага хэмжээний л шок авах болов уу гэж эдийн засагч хүний хувьд дүгнэж байсан. Гэтэл өнөөдөр Оросын иргэд банкин дээрээ 200-300 метрийн дараалал үүсгэчихсэн байна. Банкууд нь АТМ нь мөнгөгүй болсон дүр зурагтай байна. Дээр нь олон улсын төлбөр тооцооны “SWIFT” системээс Оросыг гаргалаа. Үүнээс харахад улс орнууд зэвсэг танкаар байлдахаас илүү эдийн засгаараа байлддаг болчихсон байна. Энэ бол нэг талаараа Монгол Улсын хувьд том сургамж. Олон улсын байгууллагуудын нэгдсэн арга хэмжээ гэдэг маш хүчтэй байдгийг л харуулж байна.

-Том эдийн засагтай орны хувьд том уналт хүндрэлтэй гэлээ. Тэд унасан эдийн засгаа яаж сэргээх тухайд эдийн засагчийн хувьд хэрхэн харж байна?

-Компанийн хувьд ийм зүйл тогтол байдаг. Дампуурах нь хоёр өдрийн ажил. Буцаж сэргэх нь 10 жилийн ажил гэж. Улс орнууд я мөн ялгаагүй, ийм л зүйл тохиолдоно. ОХУ-ын эдийн засаг тавхан өдрийн дотор сүйрлийн хэмжээнд хүрлээ. Хэрхэн сэргэх вэ, яаж хурдан босох вэ гэдэг дээр тодорхой шийдэл харагдахгүй байна. Ямар ч тохиолдолд, цаашид ямар ч үйл явдал өрнөсөн бай эдийн засгийг сэргээхийн хувьд цаг хугацаа их шаардана. Ойрын тав арван жилдээ энэ хямралаас гарахгүй. Маш их эдийн засгийн болон худалдааны алдагдалтай явах байх.

-Энэ том гүрний эдийн засгийн уналт манайд нөлөөлөх үү. Яаж нөлөөлөх бол, айдас дайны хажуугаар бидэнд байна шүү дээ?

-Орос Украин руу дайны үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор дэлхийн бараг бүх улс орон Оросыг буруутгаж мэдэгдэл гаргасан. Гэтэл Монгол ганцаар Оростой хийн хоолойны асуудлаар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Үүнийг олон нийт шүүмжилж байна. Нэг талаар зөв. Манайх дайн хийж байгаа улсыг дэмжсэн байр суурь илэрхийлж байгаагаас ялгаагүй. Нөгөө талд яагаад манайх ийм байдалд оров гэхээр Монгол өнөөдөр ямар ч өрсөлдөх чадваргүй болсны илрэл. Тэр гэрээг Монголын Засгийн газар аргагүй байдалд ороод л хийсэн байх. Хүсч биш, шахалтаар, хүнд нөхцөлийн улмаас дайн болж байхад ОХУ-тай эдийн засгийн том гэрээг үзэглэнэ гэдэг сонин үзэгдэл.

Эдийн засагт үнийг тогтоогч үнийг хүлээн авагч гэж хоёр тал байдаг. Жишээ нь, Орос бол үнийг тогтоож байна. АНУ, Европын холбоо, Япон, Солонгос ч тэр. Нөгөө талд үнийг хүлээн авагч улс гэж байгаа. Ямар үнэ тогтооно, түүнийг хүлээж авдаг. Тэр нь Монгол Улс. Тийм ч учраас Монгол Улс дэлхий нийтийн харилцаанд ямар ч нөлөөгүй байна. Украины дайныг дэмжлээ ч, дэмжихгүй байлаа ч ямар ч өөрчлөлт байхгүй. Нэг ёсондоо манай улсын өрсөлдөх чадвар бүр тэг болчихсон.

-Оросын эдийн засгийн уналтаас манайд ирэх хүндрэлийн хувьд?

-Оросын энэ хүндрэл Монголд орж ирнэ. Оростой холбоотой нефтийн асуудал байна. Үүн дээр хүндрэл гарна. Хэдийгээр алдагдалдтай ч худалдааны наймаа хийгддэг. Үүн дээр төлбөр тооцоо, логистик гэх мэт асуудлууд гарна. Зөвхөн Орос гэлтгүй дэлхий нийтийг хамарсан санхүүгийн зах зээл гэдэг маш их хэмжээний тодорхой бус байдал үүсгэж, дээр үнийн өсөлтийг бий болгож таарна. Энэ нь Монгол Улсын Засгийн газар бусад банк, компаниудын санхүүжилтэд сөргөөр нөлөөлнө. Хамгийн харамсалтай нь үүнийг зогсоох ямар ч боломжгүй.

-Ямар гарц байна вэ?

-Ямар ч гарцгүй. Нэг сэтгүүлч, нэг эдийн засагч яриад шийдэх асуудал биш. Монголын төр ч өнөөдөр дийлэхгүй. Монгол Улс чинь бараа үйлдвэрлээд экспортод гаргадаг улс биш. Бэлэн бараа л гаднаас авч хэрэглэдэг. Ямар ч дотоодын үйлдвэрлэл байхгүй. Монгол Улс дотоодын үйлдвэрлэлгүй болсон гэж олон жил ярьж хэлж ирсэн. Үүний л гор өнөөдөр гарна.

Ер нь Оросын дайнтай, дайнгүй Монгол Улс хэзээ нэгэн цагт хүндрэх л байсан. Харин я энэ дайн хугацааг нь богиносгоод ирж байна. Харин бид өнгөрсөн 30 жил эдийн засаг, геополитикийн хувьд асуудалгүй гэж явж ирсэн, дахиад ч энэ чигээрээ явж болно гэж бодож байсан.

-Тусгаар улс байна даа, арга зам байж л таараа?

-Монгол Улс сүүлийн 30 жил ямар ч эдийн засгийн бодлогогүй явж ирсэн гэж хэллээ шүү дээ. Эхний 15 жил донор орнуудын хандив тусламжаар явлаа. Дараагийн 10 жил уул уурхай гэж явлаа. Энэ хугацаанд эдийн засгийн суурь асуудлаа ерөөсөө цэгцлээгүй. Улс гэдэг үйлдвэртэй, ажлын байртай байх ёстой. Түүгээрээ нэмүү өртөг бүтээдэг, илүү гарсан бараа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргаж валют олдог байх ёстой. Ийм гол юмаа орхигдуулж явсан.

Үүний гол буруутан нь Монголын төр. УИХ-ын гишүүд эдийн засгийн бодлогоо хаячихсан. Тулга тойрсон төсвийн хуваарилалт л ярьж ирсэн биз дээ. Сургууль, цэцэрлэг, хөшөө барья. Гэрэл тавья, соёлын төв барья гэсэн аж ахуйн шинж чанартай ажил руу явчихсан. Эдийн засаг гол хүндрэл бол гажуудлаа засахгүй бол жил ирэх тусам тэр нь томроод л байдаг. Монголын хувьд тийм л зүйл болчихсон. Хэрэв манайх үндэсний үйлдвэрлэлтэй байсан бол нэг, хоёр жил ямар ч асуудалгүй амьдрах байлаа.

-Үүнийг сая ковидын үед Эрээний хил хаагдахад улсаараа мэдэрсэн л дээ?

-Харин тийм. Үндэсний үйлдвэрлэлгүй улс орон гадаад орчинтой шууд хамааралтай болчихдог. Дор хаяж салатны байцаа, броклигоо тарьж чаддаггүй улс Монголоос өөр байхгүй.