Украинд хугацаат цэргийн алба хаагчдыг илгээснээ ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Харамсалтай нь Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй Оросын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хугацаат цэргийн алба хаагч байгаа тухай хэд хэдэн баримтыг бид илрүүллээ” гэж мэдэгдсэн байна.

Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг ажиллагаанд зөвхөн гэрээт цэргийн алба хаагчдыг оролцуулж байгааг хэлж байсан юм.

Гэвч Украины талд олзлогдсон Оросын цэргүүдийн дотор 18-20 насны залуус байгаа нь интернэтэд тарсан дүрс бичлэгүүдээс тодорхой болж байв. Хүүхдээ цэрэгт явуулсан Оросын олон эцэг эхчүүд энэ талаар гомдоллох болсон байна.

Конашенков өчигдөр хэлэхдээ Украин дахь хугацаат цэргийн алба хаагчдын ихэнхийг буцаан татаж дууссан тухай мэдээлжээ.

Хугацаат цэргийн алба хаагчдыг яагаад Украинд илгээснийг мөрдөн шалгаж, буруутныг олж шийтгэх даалгаврыг Путин тус улсын цэргийн прокурорын газарт өгсөн тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today, ТАСС