Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Регистрийн дугаар нь иргэний үнэмлэхэнд ил харагддаг. Регистрийн дугаараар тухайн иргэний төрсөн он сар, өдөр, хүйсийн мэдээлэл, оршин суугаа газрыг мэдэх боломжтой байдаг. Энэ нь Хувь хүний мэдээлэл хамгаалах хуультай уялдахгүй байна. Тиймээс регистрийн дугаарыг иргэний үнэмлэхийн санах ойд бүртгэх аж. Мөн үнэмлэх дээр иргэний оршин суугаа хаяг ил харагддаг нь иргэдэд хүндрэл бэрхшээл бий болгодог. Жилд дундажаар 120-130 мянган иргэн шилжиж, хаягаа өөрчилдөг. Гэтэл шилжсэн хаяг нь иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягаас зөрүүтэй болдог учир шилжих хөдөлгөөн хийх бүрт иргэний үнэмлэхээ сольж авах шаардлага үүсдэг. Тиймээс иргэнд эдийн засгийн хүндрэл бэрхшээл учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор оршин суугаа хаягийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан байгааг танилцууллаа.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хуулийн төслийг дэмжиж байна. Регистрийн дугаар, хаягийн бүртгэлийг далдалж, 12 оронтой тоогоор тодорхойлж болно. Хаягийн шилжилт хөдөлгөөн түвэгтэй байсан. Үүнийг зохицуулж байгаа нь зөв зүйтэй. Үүнээс өөр зохицуулалт орж байна уу?

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Иргэний бүртгэлийн байгууллагаас 12 оронтой тоог хүүхэд төрмөгц хүүхэд бүрт өгнө. Регистрийн дугаараар давхар бүртгэнэ. Цаашид тухайн иргэнтэй холбоотой бүхий л мэдээлэл 12 оронтой тоонд төвлөрч, хадгалагдана. Улсын бүртгэлийн хуульд хоёрхон өөрчлөлт оруулж байна. Энэ нь регистрийн дугаар, гэрийн хаягийг чипэнд оруулж байна. 05 дугаар сарын 01-нээс үйлчилж эхлэх цахим гарын үсгийн хуулиар тухайн иргэнд тоон гарын үсэг олгож, чипэнд давхар суулгана.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Аюулгүй байдлыг хэр хангаж байгаа вэ? Шүүхийн шийдвэр, үл хөдлөх, эрүүл мэндийн мэдээлэл уялдах уу?

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 12 оронтой дугаар дээрээ суурилан иргэн бүрт төртэй харилцдаг и-мэйл хаягийг иргэний үнэмлэхийн санах ойд суулгана. Энэ хаягаар тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг дамжуулна. Таны иргэний үнэмлэх, гадаад паспортын хугацаа хэзээ дуусахыг мэдээлнэ гэсэн үг. Үүний програм хангамжийн асуудлыг улсын бүртгэлийн байгуулага шийдсэн. 05 дугаар сарын 01-нээс ажил эхэлнэ.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: 12 оронтой тоон дээр татвар төлөгчдийн мэдээлэл цугларч байна. Цаашид НД, ЭМД, боловсролын чиглэлийн мэдээлэл орно. Улсын бүртгэлийн байгууллага онц чухал мэдээлэлтэй байгууллагын тоонд орж байгаа. ТЕГ болон холбогдох байгууллагуудтай хамтран аюулгүй байдлыг хангана.

 

Иргэний үнэмлэхийг 16 насанд шинээр авах, 25, 45 насанд солих, хаясан гээсэнтэй нийлээд жилд дундажаар 250 мянган хүний иргэний үнэмлэхийг шинээр олгоно. Хуулийн өөрчилөлтөөр иргэдийн иргэний үнэмлэхийг компаничилж солихгүй. Харин шинээр авч байгаа, хаясан гээсэн, 25, 45 насанд солих болон иргэн өөрөө хүссэн тохиолдолд иргэний үнэмлэхээ шинэчилж, регистрийн дугаар, гэрийн хаягаа далдалж, чипэнд суулгуулах боломжтой гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлж байна.