УИХ 2010 оны зургадлугаар сард Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан билээ. Энэ хуулийн 19.3-т “...улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50, 2012 оны төсвийн жилд 60, 2013 оны төсвийн жилд 50, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” хэмээн заасан байдаг. Ингэж бид төсвийн сахилга батыг тогтоож, улс орноо дампуурахаас сэргийлж байсан түүхтэй. Тэгтэл ингэж барьж ирсэн   тогтолцоог хэсэг бүлэг нөхдүүд “самарч” хаях гээд байна. Өөрөөр хэлбэл Засгийн  газраас өргөн барьсан ”Өрийн удирдлагын тухай” хуулийн төслөөр Монгол улсын  өрийн хэмжээ нэмж,  асуудал үүсгэх гээд байна.

Монгол Улсын иргэн бүрт өрийг хувааж үзвэл өнөөдрийн байдлаар нэг хүн  дөрвөн сая төгрөгийн өртэй байгаа. Засгийн газрын өргөн мэдүүлснээр хуулийг баталбал таван сая 84  мянган төгрөгийн өртэй болно түүний дараа жил иргэн бүр 6.4 сая төгрөгийн өртэй болно. Өрийн дээд хэмжээг нэмснээр энэ жил Засгийн газар 6.1 их наяд төгрөгийн зээл авах боломж нээгдэнэ. Дараа жил 2.8 их наяд төгрөгийн зээл авах бол 2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээл авах боломж бүрдэх юм байна. Өнөөдрийн зээлтэйгээ нийлүүлбэл дөрвөн жилийн хугацаанд 19.3 их наяд төгрөгийн өрөнд оронд орно.

Арай өөрөөр хэлбэл, Өрийн удирдлагын тухай хууль батлагдсан тохиолдолд  Монгол Улс ДНБ-ийхээ 70 хувь, үүн дээр Засгийн газрын баталгааны 20 хувь нийтдээ 90 хувьтай тэнцэхүйц өр тавих бололцоо бүрдэх юм.Энэ нь  ОХУ-д төлсөн их өрөөс  даруй хэд дахин өссөн үзүүлэлт юм.  

Төсвийн тухай хууль Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өмнө нь баталсан байтал үүнтэйгээ зөрчилдсөн хуулийг батлах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл төсвийн  тогтвортой байдлын тухай хуулиар  ДНБ-тэй харьцах өрийн хэмжээ 40  хувь байх ёстой. Гэтэл одоогийн  байдлаар ОУВС-гийн тооцсоноор  өрийн хувь 62, Дэлхийн банкны  тооцоогоор 50 хувьд хүрсэн байгаа.  Ийм байхад  нэг гараараа нөгөө гараа дарж юу ч хийж чадахгүй байгаагаас ялгаагүй үйлдэл юм.  

Өөрсдийгөө, үр хойчоо ийнхүү өрөнд оруулах бодлогын хуулийг батлах шаардлага уг нь бол байхгүй. Үрс минь үлдэх хорвоод улс орноо дампууруулж, бусдад муугаар хэлүүлэх үйлдэл хийхгүй байхыг  76 эрхэмээс хүсэх байна.  

А.Баярмаа