Индонез улсын шүүх 13 шавиа хүчиндэж, наймыг нь жирэмслүүлсэн Исламын шашны сургуулийн багш эрэгтэйд Даваа гарагт цаазын ял оноожээ.

Энэ оны хоёрдугаар сард 36 настай Хэрри Вираванд тус улсын шүүх бүх насаар нь хорих ял оноож байв. Гэвч Индонезын олон нийт ялыг хөнгөдсөн хэмээн эсэргүүцэж байсан тул прокурорууд шүүхийн шийдвэрийг давж заалдсанаар ийнхүү цаазын ял болгожээ.

“Прокуроруудын давж заалдсаныг бид хүлээн авч байна. Тиймээс гэмт хэрэгтэнд ялын дээд хэмжээг оноохоор боллоо” гэж Баруун Жава мужийн дээд шүүх өчигдөр мэдэгдсэн байна.

Индонез улс цаазын ялыг хамгийн сүүлд 2016 онд гүйцэтгэж байжээ. Бандун хотын Исламын шашны сургуульд багшилдаг Вираван таван жилийн хугацаанд насанд хүрээгүй эмэгтэй шавь нараа байнга хүчиндэж байсан нь илэрсэн юм.

Ингэхдээ тэр ядуу айлын охидыг хохирогч болгож байжээ.

Анхан шатны шүүх хурлын үеэр тэр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй тул өршөөл үзүүлэхийг хүсэж байсан гэнэ.

Энэ хэрэг Индонезын нийгмийг цочроож, парламент нь хүчингийн хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгах асуудлыг анхааралдаа авч байв.

Мөн энэ хэрэг Индонезын боловсролын систем дэх завхрал гажуудлыг ил болгосон юм.

Тус улсад одоо 25,000 гаруй Исламын шашны төлбөргүй сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээрт голдуу ядуу айл өрхийн таван сая гаруй хүүхэд суралцдаг байна.

Өнгөрсөн онд тус улсын сургуулиудад илэрсэн хүчингийн 18 хэргийн 14 нь Исламын шашны сургуулиудад гарсныг Индонезын Хүүхэд Хамгаалах байгууллага мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP