Өсвөр насны хүүхдийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах С.Зориг агсаны нэрэмжит “WANPAKU SUMO” тэмцээнийг энэ сарын 23, 24 нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсноо Монголын сумо бөхийн холбооноос мэдэгдсэн билээ.

Монгол-Японы соёлын харилцаа үүсэн хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд энэхүү тэмцээнийг зохион байгуулжээ. “JCI Улаанбаатар Централ”, “JCI Токио” зэрэг байгууллагын санаачилгаар Монголын сумо бөхийн холбоо, “Зориг” сан хамтран уг тэмцээнийг амжилттай зохион байгуулж тамирчдадаа шагналыг нь гардуулсан юм.

Энэ удаагийн тэмцээнд 4-11 насны таван ангилалаар болсон бөгөөд насны ангилал тус бүрд 1, 2, 3-р байрт цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль болон сумогийн цолоор шагнажээ.

“Wanpaku sumo” тэмцээнд 200 орчим бяцхан тамирчид хүч сорин өрсөлдсөн юм. Тэмцээнд амжилттай оролцож түрүүлсэн 3-н хүүхэд энэ оны 8 сард Япон Улсад зохион байгуулагдах Өсвөрийн хүүхдийн сумо бөхийн тэмцээнд оролцох тул тэдгээр бяцхан тамирчиддаа "Зориг" сангийн зүгээс амжилт хүслээ.

Д.Ана