Мягмар гарагийн өглөө Нью-Йорк хотын Брүүклин дүүргийн метроны өртөөнд нэг этгээд зэвсэгт халдлага үйлдэж, олон хүнийг шархдуулаад зугтсан юм.

30 цаг үргэлжилсэн эрэн сурвалжлах ажиллагааны дараа гэмт этгээдийг баривчилснаа Нью-Йорк хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Иргэний өгсөн мэдээллийн дагуу баривчлагдсан этгээд нь 62 настай Фрэнк Жэймс гэгч байсан байна.

Тэрбээр барилгын ажилчны хувцас хэрэгсэлтэй метроны өртөөнд нэвтрээд утаат бөмбөг дэлбэлсний дараа зорчигчид руу гал нээсэн юм.

Энэ үеэр нийт 23 хүн шархадсаны 10 нь бууны суманд оногдсон байжээ.

Фрэнкс Жэймс өмнө нь есөн удаа цагдаад баривчлагдаж байсан гэнэ. Метроны өртөөн дэх хяналтын камеруудыг урьдчилан ажиллагаагүй болгосон байсан нь гэмт этгээдийг түргэн илрүүлэхэд саад болж байжээ.

Харин хэргийн газраас Жэймсийн нэг өдрийн өмнө Филадельфи хотод U-Haul үйлчилгээнээс түрээсэлсэн микро автобус олдсон юм байна. Уг автомашинд түүний нэртэй зээлийн карт, гар буу, сум, савтай бензин зэрэг олджээ.

Цагдаагийн газар халдлага үйлдэх болсон шалтгааны талаар мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ гэмт этгээд онлайн орчинд хар арьстнуудын үндсэрхэг үзлийн талаар болон бусад хуйвалдааны онолын материалууд нийтэлж байсныг тогтоожээ.

Фрэнк Жэймсийн шүүх хурлын эхний сонсгол Пүрэв гарагт зохион байгуулагдах юм байна.

 

Эх сурвалж: BBC