Өрийн дээд хязгаарыг өсгөхийг дэмжихгүй
2014/05/26
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн юм. Мөн Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаар мэргэжилтнүүдийн санал, байр суурийг сонслоо.
Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн дотор өмнөх 22 жилд бий болсон 2,2 тэрбум ам.доллараас давсан өр зээлийг үүсгэсэн нь анхаарал татахуйц хэмжээнд хүрээд байна. Манай улс өрийг тусгайлан зохицуулсан нэгдмэл хуульгүй өнөөг хүрсэн. Энэ ч үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг буруу гэж үзэхгүй байна. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаарыг 90 хувь болгон нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг дэмжихгүй гэдгээ дахин албан ёсоор мэдэгдэж байна.
№ |
ДНБ-д эзлэх өрийн хэмжээ |
Мөнгөн дүн |
Нэг хүнд ногдох өр |
1 |
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 40 хувиас ихгүй байх ёстой |
8.2 их наяд төгрөг |
2.8 сая төгрөг |
2 |
Өнөөдрийн байдлаар өрийн хэмжээ 69.5 хувьд хүрсэн |
12 их наяд 208 тэрбум төгрөг |
4.1 сая төгрөг |
3 |
Хуулийн төсөлд тусгасанчлан 90 хувьд хүргэвэл |
18 их наяд 450 тэрбум төгрөг |
6.3 сая төгрөг |
Түүнчлэн МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эхний ээлжинд хэлэлцсэний дараа Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.