Гэмт хэргийн тухай төслийг сайтар судлах ёстой гэж үзлээ
2014/05/26
Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн тухайд одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг шинэчлэх нэрийдлээр Монгол Улсыг "шоронжуулах" бодлого харагдаж байгаа тул нухацтай хэлэлцэж, засч сайжруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Тухайлбал, одоогийн Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг 16-аар тогтоосон. 14-16 хүртэл насны хүүхэд бусдыг санаатай алах, танхайрах зэрэг цөөн тооны хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Түүнчлэн 18 нас хүрээгүй хүүхэд анх удаа гэмт хэрэг үйлдвэл ял шийтгэхгүй хүмүүжлийн арга хэмжээ авдаг хуулийн заалт ч бас байдаг. /Эрүүгийн хуулийн 21.2, 21.3/ Гэтэл Гэмт хэргийн тухай хуулийн төслөөр 14 насанд хүрсэн л бол тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж байна.
Мөн энэ хуулийн төслийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт "Хуулийн этгээдэд ял оногдуулах" гэж шинэ бүлэг оруулжээ. Хэрэв хуулийн төсөл энэ чигээрээ батлагдаж мөрдөгдсөн тохиолдолд аж ахуйн нэгжүүд санаатай, санамсаргүй үйлдэл эс үйлдэхүйгээс болж олноороо эрүүгийн хариуцлагад татагдаж, үүнээс шалтгаалж үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулах, татан буугдахаар болж байна. Тиймээс хуулийн төслийг дахин судлах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзлээ.
Үүнээс гадна МАН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нарийвчлан судлах шаардлагатай гэдэгт байр суурь нэгдлээ. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хараа хяналтаас гадуур ашигт малтмалын лицензийг сайд, агентлагийн дарга захиран зарцуулахыг зөвшөөрөхгүй.
Зочин · 2014/05/27
shoronzhuulakh yumyg NYAMDORZH hiisen shde. MAN-yh boljmoor iim