Нийслэлийн Ардчилсан Намаас өчигдөр "Монголоо Беларусь болгохгүй!" цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулсан.

Уг цуглааныг эсэргүүцсэн хэсэг хүмүүс, цуглааны үеэр үг хэлж байсан Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу цагаан өнгийн нунтаг зүйл цацсан үйл явдал болсон юм.

Харин тухайн нунтаг зүйл нь гурил мөн эсэхийг шинжээч томилон шинжилж байгаа аж.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тухайн гурил мэт нунтаг зүйл нь юу болохыг шинжээч томилон шинжилж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт гарсны дараа зөрчил гаргасан этгээдүүдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох асуудал яригдана.

Одоогоор тус этгээдүүдээс тайлбар мэдүүлэг авч байгаа бөгөөд тус зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс явуулж байна" гэсэн юм.

Мөн эх сурвалжийн хэлснээр шинжээчийн дүгнэлт гарахад 2-3 хоногийн хугацаа шаардлагатай байдаг аж.