Хүнд даацын машинуудыг мөнгө их олдог,  зам эвддэг нөхөд гэсэн ойлголт нийгэмд  байдаг. Тэгвэл төр засгаас  тусламж нэхэлгүй, яв гэсэн газарт нь явж, далд ор гэсэн газарт нь далд ордог, бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүс бол хүнд даацын машинаар ачаа ачдаг хүмүүс юм.

 Тэдний хувьд тулгамдаад байгаа асуудал цөөнгүй байдаг. Үүн дээр нь нэрмээс болох гэсэн шиг асуудал сүүлийн үед их гарч байгаа.  Үүнийг бид өдрийн сурвалжлагаараа хүргэхээр бэлтгэлээ.

Хүнд  даацын машин, механизмыг  замын хөдөлгөөнд саад болно хэмээн зөвхөн шөнийн цагаар чиглэл заан зорчихийг  зөвшөөрдөг. Хэрвээ шөнийн цагаар зөвшөөрөлгүй газраар буюу хотын “А” зэрэглэлийн бүсэд явбал жолооч барих эрхийн бүх ангилалыг  нь хасдаг. Үүн дээр нэмээд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл 2014 оны 04 сарын 18 өдөр А/293 тоот захирамж гарган нийслэлийн нутаг дэвсгэрээр хүнд даацын машинаар тээвэрлэлт хийхийг түр хориглож хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газарт даалгасан.   Ингээд  хүнд даацын машинтай улсууд ямар ч тээвэрлэлт хийх боломжгүй болсон бөгөөд  тээвэрлэлт хийсэн тохиолдолд  Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, Нийслэлийн цагдагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн байцаагчид торгодог эсвэл хахууль авдаг байна. Өөрөөр хэлбэл амьдрахын төлөө ачаа ачиж, жолоо барьсных нь төлөө жолооч нарыг зохион байгуулалттайгаар  тээвэрлэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж ийнхүү саатуулсан байгаа юм.  Жинхэнэ гэмт хэрэг үйлдэж байгаа нөхдүүдийг биш, тээвэрлэлт  хийлгэх захиалга өгсөн компанийг биш зөвхөн тээвэрлэлт хийсэн жолооч нарыг л “дэглэдэг, барьдаг, хорьдог” гаж тогтолцоо өнөөдөр бий болжээ.

Уул шугамдаа жолооч нартай холбоотой асуудлыг Замын цагдаагийн газраас шийдэх ёстой байтал  ХУД-ийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх  хэлтэс  том толгой гарган асуудлыг шийддэг болсон. Ингэхдээ  жолооч бүрийг бэлэн мөнгөөр торгодог.  Торгуулийг, хахуулийн мөнгөтэйгөө өгөхгүй бол ачаатай нь хамт хүнд даацын машиныг журмын хашаа руу хийж, жолоо барих бүх ангилалыг  хасдаг.   Ингэж ажиллаж байгаа цагдаа нар хамгийн гол нь хэн гэдэг, ямар цолтой цагдаа гэдэг нь мэдэгддэггүй.  Өөрөөр хэлбэл цагдаагийн  хувцас өмссөн,  мөрдөсгүй, нэргүй улсууд байдаг. Замын хуудастай байсан ч торгууль, хахуулийн мөнгө хамгийн багадаа 10 000-100 000 төгрөг байдаг. Нэг машиныг зогсоосон бол хамгийн багадаа дөрвөн цаг чангалах нь энүүхэнд. Зогсоосон машин нь нүүрс ачиж байвал “хэдэн нүүрс шидээдэх” гэж хэлээд л хэдэн өдрийн түлээгээ  авчихна. Энэ мэтээр цагдаа нар хүнд даацын машины жолооч нарыг  дээрэлхэх тохиолдол цөөнгүй.

Цагдаа нарын хувьд  авлига аваад сурсан гэж хэлж болно.  Зөвхөн уржигдар шөнө л гэхэд Шувуун фабрикаас  БГД-ийн I хороонд байрлах “Билгүүн трейд”–ийн барьж байгаа барилга руу  6-7 машин хайрга дайрга зөөвөрлөв.  Ингэхдээ тэд  цагдаагийн хоёр ч  постыг төвөггүйхэн  даваад гарч байгааг бид баримтжуулсан юм. 

Бичлэг дээрх машинууд “Билгүүн трейд”–ийн  захиалгаар Шувуун фабрикаас хайрга дайрга зөөвөрлөж байгаа хувь хүн  юм.  Тэд ар өврийн хаалгагүйгээр хувиараа халтуур хийсэн бол цагдаа шууд зогсоон журмын хашаа руу явна.  Харин тэд хахууль өгсөн байж болзошгүй “Билгүүн трейд”–ийн  захиалгаар хайрга дайрга зөөвөрлөж байгаа болохоор  цагдаа нар тэднийг зогсоох нь битгий хэл сургаар нь алга болов.  Тодруулбал хайрга дайрга тээвэрлэгчдийг  Шувуун фабрикийн орчим цагдаагийн постон дээр ирэхээс гуравхан минутын  өмнө  машин бүрийг зогсоон шалгаж байсан цагдаа нар ор сураггүй алга болов. Ийнхүү  эдгээр жолооч нар  цагдаагийн эхний постыг  асуудалгүй давж байгаа юм.

 

 

Шувуун фабрикийн пост

 

 

Цагдаагийн  дараагийн пост нь  Нисэх орчимд байрлаж байсан юм.    Энд нэг хүнд даацын машиныг  журамлахаар цагдаа зогсоосон байлаа.  Хууль, дүрэм, журам, захирамжаараа бол цагдаагийн хажуугаар өнгөрөх нь битгий хэл нүдэнд нь ч өртөж болохгүй  долоон  машин огт шалгуулалгүйгээр өнгөрчихөж байна лээ. Энэ бол  цагдаа нар өөрсдөө хахууль авдаг гэсэн үг юм.  Тиймдээ ч цагдаа нарын дунд тухайн өдөр “Улсын ийм дугаартай, тийм машин  тэдэн рейс явна.  Тэрийг шалгахгүй өнгөрүүлээрэй” гэсэн яриа тохироо байнга явагддаг.   

 

 

 

Нисэхийн пост

 

 

Хууль сахиулах ёстой цагдаа нь хүртэл хахууль өгсөнд нь үйлчилж, хахууль өгөөгүйг нь чангалдаг  гаж тогтолцоо  хэвшил болчихоод байна. Хууль сахиулагчид нь  хуулиа зөрччихөөд асуудалд ордоггүй, жолооч нарыг  торгодог, зохион байгуулалттай хэрэг хийсэн гэж буруутгадаг.  Зохион байгуулалттай хэрэг хийсэн гэж ганц  жолоочийг баривчилж байхын оронд  хайрга дайрга зөөвөрлөх захиалга өгсөн байгууллага,  хайрганы  карьер ажиллуулж байгаа  нөхдүүд гээд бүгдийг нь л адилхан хариуцлагад татах ёстой. Тэгтэл бор зүрхээрээ  амьдралаа залгуулах гэж зүдэрч байгаа жолооч нарыг  чангалж байгаа нь хууль бус тогтолцоо гэж хэлж болно. Тиймээс энэхүү нийтлэлд баримтаар тусгагдсан цагдаа болон “Билгүүн трейд” хэмээх байгууллагад хариуцлага тооцохыг  ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС  шаардаж байна.

 

Бид маргааш  хүнд даацын  машинуудын өмнө ямар асуудал тулгарч байгааг, тэрхүү асуудлыг хэрхэн  шийдэх боломжтой зэрэг асуудлыг  фото сурвалжлагын хамт хүргэх болно.

П.Отгонбаатар

А.Баярмаа