Дэлхийн бизнес, санхүүгийн салбарт олон хүчтэй бүсгүй төрөн гарч ирсээр... 

Манай Монголд ч бас боловсролтой хамгийн гол нь улс орны хөгжилд санаа, сэтгэлээ чилээж, оюун ухаанаа зориулж буй чадварлаг бүсгүй олон. 

Тэдний нэг бол Л.Бямбаа. Тэрбээр Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх 100 хоногийн хүрээнд бизнес эрхлэгчдийг төлөөлж дуу хоолойгоо төр засагт хүргэж буй нэгэн. 

Ерөөс Л.Бямбааг санхүүгийн салбарынхан андахгүй. Яагаад гэвэл тэр санхүү, хөрөнгийн зах зээлд олон шинэ стандарт, бүтээгдэхүүнийг эх орондоо нутагшуулахаар яваа нэгэн. 

Харин түүнийг олон нийт нэг их танихгүй болов уу. Учир нь тэрбээр хэвлэлд төдийлөн дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаагүй, ажлаа л сайн хийгээд явахыг зорьдог нэгэн. 

Харин iKon.mn сайтын  "Өглөөний хүн" буланд тэрбээр өөрийн санаа бодлоо харамгүй хуваалцсан юм. 

Ингээд iKon.mn сайтын шинийг санаачлагч, хөдөлмөрч, бүтээгч, манлайлагчдын цуврал "Өглөөний хүн" ярилцлагын булангийн ээлжит зочныг хүлээн авна уу. 


"100 ХОНОГИЙН ДОТОР ГАЙХАМШГИЙГ ХИЙЧИХНЭ ГЭСЭН ҮГ БИШ"

- Одоо үүсээд байгаа нөхцөл байдал эдийн засгийн хямрал уу, хүндрэл үү?
- Эдийн засагч хүний нүдээр харна гэвэл хямрал гэж онолд юу гэж заасан байдгийг харах хэрэгтэй. Онолд хямралын олон шат байгаа. Одоогийн нөхцөл байдлыг удаашрал гэж хэлж болно. Энэ нь хоёр улирал дараалаад эдийн засаг хумигдахыг хэлдэг. Хумигдана гэдэг чинь эдийн засаг хасах баланстай болно гэсэн үг. Манай эдийн засгийг харахаар өсөлт саарсан болохоос хасах руу ороогүй байна. Сүүлийн 10 жил манай эдийн засаг дандаа өсөлттэй байсан. 2009 оны хямралаар (-1.3) гэсэн ганцхан удаа хасахтай дүн гарсан. Тэр үед дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлж бодит утгаараа хямрал болсон.  Харин одоо эдийн засаг өсөлттэй байна. 

Ер нь бид эдийн засгийн хэт их тэлэлтийн бодлого явуулсан нь л саарч байна. Түүнээс биш эдийн засгийн хямрал биш. Гэхдээ хямрал руу их ойртож байна. Хатуу үзүүлэлтүүдээ зоогоод харахаар энэ оны нөхцөл байдал 2009 оны хямрал руу 75 хувиар дөхсөн байсан. Тэгэхээр эдийн засгийн хүчтэй арга хэмжээ авахгүй бол хасах руу орох нь гэсэн дохиог өгөөд байна. 

- Энэ хямрал биш бол хүмүүс яагаад ...?
- Яагаад энэ паник үүссэн бэ гэхээр эдийн засагт хамгийн тод мэдрэгдэж байгаа нь мэдээж валютын ханш. Импортын барааны үнийн хөөрөгдөл.  Энэ нь цаанаа учир холбогдолтой.  Эдийн засаг өөрийн гэсэн цогц системтэй. Ялангуяа валютын тухайд учир шалтгаан нь тодорхой. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Мөн үүн дээр хямрал болох гээд байна шүү, тогтворгүй байдал ирж байна шүү гэсэн мессеж байнга яваад байхаар хүмүүсийн итгэл буурчихдаг. Итгэл буурангуут иргэд бизнес хийхгүй, бизнесээ тэлдэггүй. Үүний оронд мөнгөө бариад сууж байя, байдал тодорхой болтол хүлээе, хүлээхдээ төгрөгийн ханш бууж байгаа учир ам.доллараар нөөц үүсгээд нэмэлт эрэлт үүсгээд зохиомлоор валютын ханш өсгөөд байгаа хортой үзэгдэл явагдаад байна. 

- Эдийн засаг хумигдаж байгаа, хүмүүс мөнгөө өөртөө нөөж, татаж байгаа нь "Purplebook"-д тоогоор ямар байдлаар илэрч байгаа вэ?
- Хамгийн энгийн жишээ. Энэ оны эхний улиралд нийт хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн. Дөрөвдүгээр сарын байдлаар 50 орчим хувь болж өсч байна. Хадгаламж 50 хувиар өснө гэдэг хүмүүс бизнес хийхгүй мөнгөө хадгалаад байгаагийн тод жишээ. Энэ бол тогтворгүй байдлын сөрөг нөлөөлөл. Хүмүүс бизнес хийхгүй болохоор мөнгөний үржвэр гэдэг зүйл явагддаггүй. Өөрөөр хэлбэл эдийн засаг руу нэг төгрөг нийлүүлэхэд тэр нь зээл болно. Цаашлаад цалин болоод хэрэглээний худалдан авалт болоод 10, 11 дахин өсдөг. Гэтэл тодорхойгүй байдал үүсэхээр хүмүүс зээл аваад доллар болгоод хадгаламжиндаа хийчихэж байна. 

Хадгаламж 50 хувиар өснө гэдэг хүмүүс бизнес хийхгүй мөнгөө хадгалаад байгаагийн тод жишээ. 

 
 

- 100 хоног. Хоёр жил хийгээгүй зүйлээ 100 хоногт хийж амжих уу гэсэн асуулт гарч ирээд буй. 
- Эрт, орой хэзээ нэгэн цагт хийж эхэлж байгаа нь зөв. Засгийн газар өмнө нь хийх ёстой байсан гэж би ярьмааргүй байна. Нөхцөл байдал хүндэрч байна. Илүү хүлээх юм бол хямрал болох юм байна гэдгээ ойлгочихсон тохиолдолд хараад л хямраад явахгүйгээр арга хэмжээ авах нь зөв байх.

Арга хэмжээ авч байгаа нь өөрөө буруу биш. Харин ямар хэлбэрээр, яаж арга хэмжээ авах вэ гэдэг дараагийн асуудал. Энэ тохиолдолд хувийн хэвшлээ цуглуулъя, бизнес хийж байгаа хүмүүсээ цуглуулъя, мэргэжлийн холбоодууд, судлаачдаа цуглуулъя гэж байна. Цуглуулчихаад гаргалгаануудаа гаргаад, саналуудаа хэлэлцээд нэгдсэн шийдэлд хүрье гэсэн бодлого явж байгаа. Тиймээс ч би энэ зөвлөлийн гишүүн болсон.

Монгол улсын нийтлэг эрх ашиг гээд ганцхан эрх ашиг энд байгаа. Үүнд би ямар хувь нэмэр оруулж болох вэ, одоогийн нөхцөл байдалд засч залруулах ямар боломж байна вэ гэдэгт надад бодитой санал байгаа бол түүнийгээ шийдүүлье гэж байгаа. Засгийн газрын зүгээс гаргалгаануудаа гаргаад ир, Засгийн газрын хурлаар оруулъя, хууль байгаа бол УИХ-д өргөн барья, нээлттэй байя л гэсэн зүйлийг ярьж байгаа. 

Санал, хэлэлцүүлэг зөвхөн зөвлөлд байгаа 30 хүнээр хязгаарлагдаж байгаа юм биш. Би жишээ нь хоёр гурван холбоод, мэргэжлийн байгууллага, надтай ажилладаг хөрөнгө оруулагчдаасаа санал аваад нэгтгээд явж байна. Энэ олон хүнтэй уулзаад саналыг нь аваад явахаар олон давтагдах саналууд гарч ирнэ. Тэгэхээр энэ олон давтагдаж байгаа зүйлийг бид тулгарч байгаа бэрхшээлд тооцож, түүний зөв гаргалгааг хамтдаа хайж байна.

Мөн энэ саналуудаа хугацааных нь хувьд 100 хоногт алийг нь хэрэгжүүлж болох вэ гэж ангилаад амжих зүйлүүдээ хийгээд, амжихгүй саналыг нь боловсруулаад өгчихвөл энэ 100 хоногтоо биш юм гэхэд намрын чуулганаар батлагдаад яваг гэсэн байр суурьтай байна. Түүнээс 100 хоногийн дотор гайхамшгийг хийчихнэ гэсэн үг биш. Уналтаас нь аваръя, сэргийлье, цаашид илүү эрчимжүүлэхэд одоо байгаа нөхцөл байдалд бид юу хийх ёстой вэ түүнийг нь л хийх зорилготой. 

 -Олон мэргэжлийн байгууллага, хүний санал авч байгаа гэж байна. Хамгийн олон давтагдсан бэрхшээл нь юу вэ?
- Татвар. Татварын асуудалд маш олон санал гарч байгаа. Тэглэе, бууруулъя, өөрчилье гэсэн. Тэгэхээр зөвлөл дотроо татвартай холбоотой ажлын хэсэг байгуулсан. Учир нь энэ татварын асуудлыг цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. НӨАТ, ашгийн татвар, гадаадын хөрөнгө оруулагчдын ашгаа гадагшлуулахад төлдөг 20 хувийн татвар зэрэг асуудлууд голчлон яригдаж байгаа. 

Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам зэрэг төрөөс төлөөлөл байгаа. Хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандаад байх шиг байна. Төрийн төлөөлөл орсонд. Гэтэл хувийн хэвшлийн бидэнд мэдэхгүй зүйл бас бий. Жишээ нь татварыг бууруулна гээд ярьчих хэнд ч амархан. Гэтэл эргээд төсөвт ямар нөлөөлөл үзүүлж байгааг тооцох ёстой. 

Үүнтэй холбоотойгоор Сангийн яам холбогдох мэдээллээ өгч байгаа. Энэ зөвлөл жигдрээд яг бодит ажил болтлоо хэд уулзах байх. Одоохондоо бүгдээрээ л тархай, бутархай санал, санаачилгатай байна. Гэхдээ эхнээсээ саналууд нэгтгэгдэж байна. 

- УИХ-аас баталсан тогтоол нэлээд ерөнхий байдлаар гарсан. Үүнийг бодит ажил болгох бас хүнд байх. 
- УИХ-аас баталсан тогтоолын төсөл дээр суурилаад Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ гэсэн тусдаа жагсаалт гарсан. Үүнийг бид задлах зүйлийг задалъя, төсөл болгож боловсруулахыг нь боловсруулахаар ажиллаж байгаа. Мөн тухайн зорилгод нийцэх хайрцагнаас гадна өөр ямар санал байна түүнийгээ дэвшүүлж болно.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх гээд нэг л өгүүлбэр биччихсэн байх жишээтэй. Идэвхжүүлэх гэдэг дээр Засгийн газар юу хийж чадах юм бэ гэхээр хуулиа хэрэгжүүлэхийн тулд нэмэлт журмууд л батлах ёстой. Үүнийгээ л хийх юм байна гэсэн зүйл анзаарагдаж байна. Харин би хувийн секторын хүний хувьд одоо эхний хөрөнгө оруулалтын сангаа байгуулъя гэсэн санал байгаа. Ийм загвараар ажиллаж болж байна гэдгийг үзүүлээд бодит хэрэгсэл болгох хэрэгтэй байна. 

- 2014 оны эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоо байна гэж төсөөлж байсан бол одоо энэ нь нэг оронтой тоонд орох байх гэсэн хүлээлт бий болоод байна. Таны бодлоор?
- Бид 2013 оны эцсээр 2014 оны таамгаа дэвшүүлсэн. Дараагийн төсөөллөө хагас жилээр нэг тодотгодог.  Тэгэхээр зургаадугаар сар дуусахаар таамгаа шинэчилж гаргана. 

Одоо үлдэж байгаа хугацаанд Монголбанкнаас эдийн засгийг хумих буюу хатуу мөнгөний бодлого бариад эхэлвэл өсөлт найм магадгүй долоо руу орох байх. 

-  Хүмүүс ам.доллар өссөн шалтгааныг огт тооцоолохгүйгээр бураатанг олж яллах гээд байх шиг. Улстөрчид нь ч тэр. Харин учир шалтгааныг тоож байгаа хүн ховор. 
- Ханш яагаад өсөх болсон тухай дээр ярьсан. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортын орлого буурсан, хүмүүсийн хүлээлт муу болсон гэж ярьсан.  Нэг дэх хүчин зүйл болох гадаадын хөрөнгө оруулалт яагаад муудсан тухай ярихад ердөө хоёрхон л зүйл байна. “Оюу толгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт удааширсан болон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль  батлагдсанаар бүх хөрөнгө оруулагчид үргээд гарсан. Үүний л үр дагавар одоо гарч ирж байна. Бэлэн ороод ирсэн зүйлийг үгүйсгээд явуулах хамгийн амархан.  Стратегийн хөрөнгө оруулалт, урт нэртэй хууль, лиценз олголтыг хойшлуулсан энэ гурван хууль л бүх хөрөнгө оруулалтыг үндсэндээ хөөгөөд явуулсан. Бид үүнийгээ оношлоод тухайн хуулиасаа заримыг нь засчихсан. Гэхдээ итгэлийг буцааж сэргээхэд илүү хүнд гэдгийг харж байна. Хоёр дахь гол хүчин зүйл бол ерөөсөө “Оюу Толгой”. 

"БИЗНЕСИЙГ ТЭТГЭЖ БАЙГАА ЦУС НЬ ШИНЭ ХЭЛБЭРЭЭР Л ОРЖ ИРЭХГҮЙ БОЛ БИД ӨРГӨЖИЖ ЧАДАХГҮЙ"

Мандал Ассет Менежмент ХХК-ийн Ерөнхийлөгч Л.Бямбаа, 2014.5.22

-  "Оюу Толгой"-н асуудал ойрын хугацаанд шийдэгдэхгүй нь тодорхой болсон.  Үүнтэй адил гадаадын хөрөнгө оруулалт ч ойрын хугацаанд илт сайжрах магадлал бага байна. Мөн экспортын тухайд ч бид эерэг хүлээлт бага байна. Одоо бидэнд ямар гарц байна вэ. Магадгүй мөнгөний хатуу бодлого?
- Энэ бол эдийн засгийн бүтэцтэй холбоотой чухал асуудал. Экспортод бид нөлөө байхгүй болчихоод байна. Угаасаа эрэлт байхгүй. Дэлхийн зах зээлийн үнэ сэргэхгүй л бол бид мянга хичээгээд үүнд ахиц гаргаж чадахгүй байна. Гэхдээ эдийн засаг хямарч байна аа гэсэн дохио өгч эхэлсэн бол мөнгөний хатуу биш зөөлөн буюу эдийн засгийг тэлэх бодлого явуулдаг. Гэтэл манайд эдийн засгийн бодит биш зохиомол эрэлтүүд их яваад байна. Энэ нь биднийг хүнд байдалд оруулаад байгаа хэрэг.  Өнөөдөр чи, бид хоёр учир зүггүй доллараар худалдан авалт хийдэггүй биз дээ. Гэтэл яагаад долларын эрэлт ийм өндөр байгаад байна вэ гэдэг чинь өөрөө зохиомол эрэлт гэсэн үг. 

Ерөнхий утгаараа бид эдийн засгийн зөв бүтцэд л орохгүй бол байнга л доллараас хамааралтай байх гээд байна. 

- Гарах гарц нь дотоодын үйлдвэрлэлийг нэмж, цаашлаад экспортоо нэмэгдүүлэх.  Өөр гарц бий юу?
- Бий. Дотоодын хуримтлал бий болгох боломж бий. Дотоодын хуримтлалыг хэрхэн бий болгох вэ гэхээр нөгөө тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан. 

Гадаадын хөрөнгө оруулалтын цаана хэн байдаг вэ. Янз бүрийн сангууд байдаг. Сангийн ард хэн байдаг вэ гэхээр жирийн ард иргэд. Тэтгэвэрт гарах гэж байгаа АНУ-ын нэг иргэний тэтгэврийн мөнгө нь нэг санд байдаг, тухайн сангийн менежер нь Монголд хөрөнгө оруулалт хийе гэсэн шийдвэр гаргаад мөнгө нь Монголд орж ирээд явж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос гараад явахад бид өөрсдийн хөрөнгөөр тухайн төслүүдээ аваад явах ёстой. Түүнийг яаж бий болгох вэ гэхээр ердөө энэ үндэсний хуримтлал гэж зүйлийг бий болгох. 

Эргээд энэ хуулийн ач тусыг би ганцаараа хүртэхгүй бүх зах зээл хүртэнэ.

 
 

- Үүнтэй холбоотойгоор та Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль боловсруулсан. Хууль батлагдсан. Журам батлагдах л дутуу байгаа гэж ойлгож болох уу? 
- Тийм ээ. Энэ талаар хүмүүсийн мэдлэг бага байна. Хүү, өгөөж, эрсдлийн тал дээр мэргэжлийн хүмүүс байгаа учраас загвар сан байгуулаад хөрөнгө оруулалт хийгээд явъя гэж байгаа юм. 

- Энэ хуулийн төслийг таныг ганцаараа бичиж боловсруулсан гэж ярьдаг юм билээ. 
- Үгүй, үгүй. Гол бодлогыг нь хэлсэн. Би хуульч хүн биш учраас хийж чадахгүй. Миний гол үнэ цэнэ энэ сангийн бизнесийн зарчмууд, үйл ажиллагаа, зохицуулалт, гадны орны жишээ зэргийг нь хэлж өгсөн. 

- Энэ Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсны дараа хуульчаар хянуулах зэрэг зардлыг Засгийн газар гаргахаас татгалзаж байсан гэж дуулсан. Энэ үнэн үү?
- Ийм тохиолдол гарсан. Миний хувьд сайн дураараа ажиллаж байгаа. Ямар ч цалин, шан харамж аваагүй. Өөрийнхөө маш их цагийг зарцуулаад явсан. Эргээд энэ хуулийн ач тусыг би ганцаараа хүртэхгүй бүх зах зээл хүртэнэ. Энэ утгаараа илүү мэргэжлийн хуульчдаар хянуулах тал дээр асуудал гарч байсан. Гол нь хууль маань батлагдсан. 

- Танай компани ийм жишээ болохуйц сан байгуулсан гэж сонссон юм байна. Энэ талаараа танилцуулахгүй юу?
- Санхүүгийн зах зээл дээр банк давамгайлсан байгааг бид олон жил ярьсан. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь компани. 
Компани хэрхэн бий болдог вэ. Нэг бол зээл эсвэл өөрийн хөрөнгө. 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай компаниуд зээл авах ерөөсөө ганцхан л эх үүсвэр байсан. Тэр нь банк. Харин хөрөнгө оруулалт гэж зүйл байгаагүй. Хөрөнгө оруулалт гэхээр үүсгэн байгуулсан ганц, нэгхэн хүний мөнгө байдаг. Харин яг энэ мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангаас  хөрөнгө оруулалт татаж үзээгүй. Тэгэхээр энэ байдал банкны салбарыг эргээгээд "дэгээдээд" байна. 

Анхны хөрөнгө оруулалт сайн байвал компанийн зээлжих чадвар сайжраад банкнаас зээл авах боломж илүү байна. Гэтэл анхны хөрөнгө оруулалт байхгүй учраас банкнаас зээл авах чадвартай компаниуд нь хязгаарлагдмал болдог. Тэгэхээр компаниуд маань анхан шатны эрсдлээ хаагаагүй юм чинь үйл ажиллагаа нь эрсдэлтэй болдог. Тиймээс банкууд ирээдүйд олох мөнгөнд нь биш бодит барьцаа нэхдэг зүйл рүү орчихсон. 

Өөрөөр хэлбэл банкны салбар өөрөө өөрийгөө гацаах зүйл рүү орчихсон. Тэгэхээр энэ байдал л өөрчлөгдөхгүй бол бид ДНБ-ийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэж яриад бүтэхгүй. 

Өөрөөр хэлбэл банкны салбар өөрөө өөрийгөө гацаах зүйл рүү орчихсон. Тэгэхээр энэ байдал л өөрчлөгдөхгүй бол бид ДНБ-ийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэж яриад бүтэхгүй. 

 
 

Юу гэхээр санхүүгийн салбар буюу бизнесийг тэтгэж байгаа цус нь шинэ хэлбэрээр л орж ирэхгүй бол өргөжиж чадахгүй. 

Манай сангийн тухайд гурван жижиг сан байгаа. Нэг нь манай ажилтнуудад зориулсан тэтгэврийн сан, нөгөөх нь хувь компаниудад хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулалтын сан, гурав дахь нь мөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг сангууд байгаа. 

- Жишээ нь танай компанийн ажилчдын тэтгэврийн сангийн тухайд ямар төсөлд хөрөнгө оруулж, ямар зарчмаар ажилладаг вэ?
- Одоохондоо манай компанийн ажилчдын тоо их биш. Сан өөрөө хуримтлалаа үүсгээд эхлээд явах нь чухал байгаа юм. Одоогоор дүн тийм том биш. Гэхдээ энэ удаан хугацааны буюу тэтгэвэрт гартлаа байх учраас өсөөд л яваад байна. Өсөөд нэлээд том болчихсон үед хөрөнгө оруулалтын зөндөө хувилбар бий. Үл хөдлөх хөрөнгө, компаниудад хөрөнгө оруулалт хийх, алт, хувьцаа, хадгаламж, гадаадын бонд гээд маш олон хувилбар байгаа. Одоохондоо манай дүн бага учраас том хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Гэхдээ байгаа дүндээ байх боломжтой хамгийн дээд өгөөжийг авахаар ажиллаж байгаа. 

-  Ажилчид цалингийнхаа хэдэн хувийг энэ тэтгэврийн санд хуримтлуулж байгаа вэ?
-  Хоёр хувийг. Үүнийг дагаад компани нь мөн нэмж хоёр хувийг хийдэг. Тэгэхээр тухайн ажилтанд 100 хувийн өгөөжтэй байна гэсэн үг. 

- Таны хэлээд байгаа журмууд батлагдчих юм бол сангууд тань?
- Жинхэнэ сан хэлбэртээ шилжинэ. Одоо бол ХХК хэлбэрээр яваад байгаа юм. 

- Сангууд олноор бий болоод ирэхээр хадгаламж зээлийн хоршоод шиг айхтар зүйл болох вий гэсэн эмээлт бас байгаад байна.
- Юу ч гэмээр юм. Хутга аюултай юу. Аюултай. Гэхдээ аюултай гээд би махаа хэрчихгүй байгаад байдаггүй. Гэтэл зарим золгүй тохиолдол гараад хутгаар хүний амь нас сүйд хийчихсэн байдаг.  Гэхдээ ерөнхий ач тус нь байгаа учраас энэ хөрөнгө оруулалтын сан байх ёстой. Гэмт хэргийн зорилгоор санаатай үйлдлүүд гарч болзошгүй гэдгийг үгүйсгэхгүй. Үүнээс урьдчилсан сэргийлэх хяналтуудаа л хуулинд хангалттай суулгаж өгөхийг хичээсэн. 

 Хутга аюултай юу. Аюултай. Гэхдээ аюултай гээд би махаа хэрчихгүй байгаад байдаггүй.

 
 

- Хөрөнгө оруулалтын сангууд бий болсноор хөрөнгийн зах зээл өргөжихөд чухал нөлөөтэй байх.
- Энэ сангууд юунд хуваарилалт хийж болох вэ гээд түрүүн хэлсэн. Тэрний нэг нь хөрөнгийн зах зээл буюу хувьцаа.  

Жишээ нь би ажилчдынхаа тэтгэврийн сангаар хувьцаа худалдаж авахын тулд энэ нь надад бусад сонголтуудаас илүү өгөөж өгч чадах уу гэж судалгаа хийж үзнэ.

Биржийн үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээлийг дэмжих тал дээр энэ сангууд маань томроод ирэхээр хуваарилалт нь их болно. Хөрөнгийн зах зээл рүү оруулах дүн томрох тусмаа тэнд зарагдаж байгаа бүтээгдэхүүний чанар сайжрах ёстой. Өөрөөр хэлбэл, нэг хувьцаат компани сонгоод үйл ажиллагаа нь боломжийн байсан ч засаглалын хувьд тааруу байя. Энэ тохиолдолд манай сан мөнгөтэй хүний хувьд тухайн компанид шаардлага тавьж болно. Зах зээлийн механизм яг энэ зарчмаар ажиллах ёстой. Өнөөдөр энэ тогтолцоо яагаад алдагдаад байна гэхээр худалдан авагч талд ямар ч хүч байхгүй байна. Хүчгүй, тархаа, бутархай ягаан, цэнхэр тасалбартай иргэд л яахаа мэдэхгүй байгаад байна гэсэн үг. Одоогийн брокерын пүүс бол эцийн захиалагч биш зуучлагч компани шүү дээ.  

"АЗИЙН ТҮВШИНД ӨРСӨЛДӨХҮЙЦ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ БОЛОХ ЗОРИЛГОТОЙ"

Мандал Ассет Менежментийн ХХК-ийн Ерөнхийлөгч Л.Бямбаа, 2014.5.22, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

- "Мандал"-ын тухай товч танилцуулахгүй юу. Ямар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
- Манай толгой компани бол Юу Эм Си Капитал гээд санхүүгийн үйлчилгээний компани байдаг. Олон нийтэд санхүүгийн үйлчилгээгээр танигдаж байгаа нь "Мандал" брэнд. 

Мандал Женерал даатгал, Мандал ассет менежмэнт, NPC Мандал гээд хүний нөөцийн компани, Creative mind нь маркетингийн чиглэлээр, Юу Эм Си альфа гээд үл хөдлөх хөрөнгийн санхүүгийн компаниуд үйл ажиллагаа явуулж байна. 

- Таны хариуцаж байгаа компани чинь “Мандал ассет менежмэнт".
- Тийм ээ. Манай компани хөрөнгө оруулалтын удирдлагын чиглэлээр ажилладаг. 

- Яг үүнтэй холбоотой ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?
- Хөрөнгө оруулалтын сангуудыг гадаадад гэхээсээ дотоодод бий болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа. Үүнээс гадна гадны хөрөнгө оруулалтын хэлцлүүд дээр бол зөндөө ажилласан. 

- “Мандал” даатгалыг сүүлд 100 хувь Монгол компани болсон тухай зарласан. Богино хугацаанд өөрсдөө хувьцаагаа худалдаж авсан үйл явдал болсон. 
-  Мандал Женерал даатгал ХХК-ийг Канад Улсын Монголиа Гроут Групп (MGG) болон Монголын Юу Эм Си Капитал (UMC) компаниуд хамтран үүсгэн байгуулсан . Тухайн үед дөрвөөс, таван жилийн дараа Монголын тал хувьцаагаа худалдаж авах гэрээтэй байсан. Явц дунд ямар хүндрэл гарсан бэ гэхээр даатгалын компани Монголд зохицуулагддаг бөгөөд хороонд тайлагнадаг этгээд. Тодорхой стандартын дагуу ажилладаг. Харин MGG өөрөө хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, Канадын зохицуулалттай этгээд. Энэ хоёрын хооронд их зөрүү гарсан. Нягтлан бодох бүртгэлийн, аудитын зөрүүнүүд гардаг. Энэ болгон дээр их хэмжээний зардал гардаг. Аудитын зардал энд тусдаа, тэнд тусдаа гардаг. Тиймээс ийм их зардалтай компани байх нь аль аль талдаа ашиггүй учраас манай тал худалдаж авах үйл явцаа хурдасгасан гэсэн үг. 

- Анх Санхүүгийн зах зээлийн холбоогоор дамжиж та бүхнийг энэ компаниа байгуулсан гэж ойлгож байгаа. Зөв үү?
- Тэгж ойлгож болно.  Анх Санхүүгийн зах зээлийн холбоо байх үед мэргэжлийн үйл ажиллагаагаараа нэгддэг байсан. Энэ үед санхүүгийн салбараа хөгжүүлэх, стандартыг нь шинэ түвшинд аваачих ёстой гэдэг дээр хэсэг залуу нэгдсэн. Тухайн үед бизнесийн талбарт тус бүрдээ бодсон санасан зүйл байсан. Ингээд л нэгдсэн. 

- Группынхээ зорилгоос хуваалцахгүй юу?
- Азийн түвшинд өрсөлдөхүйц санхүүгийн нэгдэл болох зорилготой. Санхүүгийн энэ үйлчилгээгээр дамжуулаад улс эх орныхоо хөгжилд тоймтой хувь нэмэр оруулах философитой. 

Мөн бид компанийн бүтцийн хувьд партнершипийн шинэ загвар Монголд гаргаж ирсэн. Толгой компани дээрээ төвлөрсөн энэ компаниудын захирлууд өөрсдөө хувь эзэмшээд явдаг. Америкт бол партнершип түгээмэл ойлголт байдаг. Үүнийг бид Монголын хөрсөнд буулгах ажлыг мөн хийгээд явж байна. 

"МОНГОЛ ХҮН ТЭТГЭВЭРТ ГАРАХДАА 220 МЯНГАН ТӨГРӨГТЭЙ ХОЦОРДОГ БОЛ АМЕРИКТ НЭГ ИРГЭН ДУНДЖААР 86 МЯНГАН АМ.ДОЛЛАРТАЙ БОЛДОГ"

Мандал Ассет Менежмент ХХК-ийн Ерөнхийлөгч Л.Бямбаа, iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар,

- Та өмнө нь Азийн хөгжлийн банкинд ажилладаг байсан. Нэлээд эрсдэл хийж бизнесийн салбарт хөл тавьсан байх.
- Энэ бизнес рүү орохын өмнө би Азийн хөгжлийн банкинд ажилладаг байсан. Долларын цалинтай, бүх төрлийн хангамжтай, тэтгэвэртэй, даатгалтай, ажиллах орчин сайхан гээд энэ газарт дутагдаад байсан зүйл байхгүй. Яагаад энэ таатай байгууллагаас гарах болсон бэ гэхээр би өөрийгөө хангалттай хэмжээнд дайчилж ажиллаж чадахгүй байсан. Миний хүссэн хэмжээний үр дүн надаас гарахгүй байсан. Залуу хүн болохоор тухайн үед байгаа орчиндоо дасаад суухыг хүсээгүй. Одоо хийж байгаа ажил үүнтэй харьцуулахад илүү их эрсдэлтэй, эрч хүч шаардсан, намайг туршсан ажил. 

Өөрийгөө илүү их зүйлд сорих, дайчлах үүднээс энд нэгдэх болсон. Тухайн үед хамт нэгдсэн хүмүүс ч бас тийм л бодолтой байсан байх. 

- Хувь хүнийхээ талаас өөрийгөө танилцуулахгүй юу?
- МУИС-ыг төгссөн. Японд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Магистрийн зэргээ хамгаалахдаа хувийн тэтгэврийн санг нэвтрүүлэх чиглэлээр дипломоо бичиж хамгаалж байсан. Үүнээс хойш хөрөнгө оруулалтын санг Монголд бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна. 

Миний хүссэн хэмжээний үр дүн надаас гарахгүй байсан. Залуу хүн болохоор тухайн үед байгаа орчиндоо дасаад суухыг хүсээгүй.

 
 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу