Дэлхийг нөмөрсөн цар тахал шувтарч, олон улс аль хэдийнээ хилээ нээн энгийн амьдралд шилжээд удаж байна.

Гэвч Монголд л цар тахлаас үүдэлтэй хил гаалийн гацаа гэдэг агуулга яригдсаар улс даяараа дасах шинжтэй болжээ. Бараа бүтээгдэхүүний импортын 90 хувь нь БНХАУ-аас хамааралтай манай улсын хувьд энэ асуудал цар тахлаас дээрдэхээргүй хор уршиг иргэдэд учирсаар байгаа. Бараа бүтээгдэхүүний эргэлт зогссоноор үнэ ханш хэд нугарсан. Энэ үнийн өсөлтийг дагасан хөөрөгдөл бүхий л салбарт нөлөөлөөд удаж байна.

Өнөөдөр хүртэл монголчууд хил гаалийн гацааг цар тахалтай холбож тайлбарлаж, ойлгож ирсэн билээ. Гэвч БНХАУ-д сүүлийн үед өрнөж буй асуудлаас өөр агуулга дуулдаж эхэллээ. Замын-Үүд, Эрээн боомтоор өдөрт 70-80 орчим чингэлэг ачааг оруулж ирэхтэй үгүйтэй сарууд үргэлжилж байгаа.

Цар тахлын үеэр овоорч түгжирсэн ачаануудаас бол барагтай л дундрахгүй байгаа гэх юм билээ. Гэтэл тавдугаар cap гарангуут БНХАУ-аас хилийн тээвэрлэлт тэг зогссон мэдээлэл түгсэн. Энэ нь Эрээн хотын хэмжээнд хууль хүчний байгууллагуудын томоохон баривчилгаа, нэгжлэг, шалгалт эхэлсэнтэй холбоотой юм байна.

Бүр тодруулж хэлбэл, Монгол Улс БНХАУ-ын хооронд хийгдэж эхэлсэн чингэлэг тээвэртэй холбоотойгоор урд хөршид авлигын томоохон хэрэг манджээ.

Өнгөрсөн долоо хоногт Хөх хотын төмөр замын томоохон албан тушаалтан тэргүүтэй 10 гаруй хүнийг баривчилсан бөгөөд Эрээн боомтын гаалийн ажилтнуудыг нийтээр нь чөлөөлж, өөрчилсөн мэдээлэл байна. Баривчлагдаж, чөлөөлөгдсөн албан тушаалтнууд чингэлэг тээвэр нэрийн дор авлигын томоохон сүлжээ үүсгэсэн байсан байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар энэ асуудал саяхан бий болсон зүйл биш. "Ковид-19" халдвар ид дэгдэж байх үе буюу 2020 оноос эхтэй гэнэ. 2022 он гарснаар Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтын тээврийг задгай тээврийг чингэлэг тээвэрт шилжүүлснээр авлигын сүлжээ томорсон гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.

БНХАУ-д өрнөж буй асуудал болох чингэлэг тээврээр авлига үүсгэсэн нөхцөл байдлын талаар эх сурвалж ийн ярьсан юм.

- БНХАУ авлигын хэргээр Эрээн боомтын томоохон албан тушаалтнуудаа баривчилсан, чөлөөлсөн мэдээлэл гараад байна. Авлигын сүлжээ яаж явагдсан гэсэн үг вэ?

- Гол асуудал нь манай чингэлэг тээвэртэй холбоотой. Өмнөдмонгол түншүүдийн ярьж буйгаар Эрээний гааль болон удирдлагуудын түвшинд хууль хяналтын том шалгалт орчихсон. Зарим хүмүүсийг баривчилсан, чөлөөлсөн гэж байгаа. Энэ асуудал дэгдэнгүүт Хятад талаас чингэлэг тээвэр зогсчихсон байгаа. Одоо манайх руу оруулж ирсэн гээд байгаа ачаанууд бол хил дээр олон cap овоорчихсоноос л авчирч байгаа хэрэг.

Өмнө нь хил гааль хэвийн байхад задгай тээврээр нэг ачааны машинд хоёр чингэлэг ачаа тээвэрлэдэг байлаа. Нийт өртөг нь 25 сая төгрөгт багтаад манайх руу ороод ирчихдэг байсан. Гэтэл чингэлэг тээвэрт шилжсэнээс хойш энэ өртөг огцом нэмэгдсэн. Нэг машинд хоёр чингэлэг биш, нэг чингэлэг л ачна. Ачигдсан нэг чингэлгийн өртөг 45 сая төгрөг болчихсон шүү дээ. Өмнө нь 25 сая төгрөгөөр ирдэг байсан ачаа 90 сая төгрөг болсон гэсэн уг. Үүнээс ч нэмэгдсэн. Өдөрт хэдэн чингэлэг оруулж ирэх вэ, сард хэд болох вэ гээд бодоод үзэхэд багагүй moo гарна.

Үүнээс л авлига, мафижсан сүлжээ эхтэй.

- Хятадын талын хүмүүс энэ дундаас мөнгө авдаг гэсэн үг үү. БНХАУ бол хатуу хууль журамтай улс. Тийм байхад ийм хэрэгт холбогдоно гэдэг...?

- Хэдийгээр БНХАУ босоо удирдлагатай хэдий ч цар тахлын үеэр тухайн орон нутаг, хилийн бүсэд, манайхаар бол аймаг. сумдын удирдлагууд өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй болсон. Үүнийг л Эрээн боомтын удирдлагууд ашигласан гэж ойлгож байгаа.

Нэг чингэлгийн өртөг 45 сая төгрөгөөс 40 саяыг нь хятад талын хүмүүс нь авдаг гэсэн мэдээлэл байгаа. Чингэлгийн үнэ, ачилтын үнэ гээд баахан нэмүү өртөг оруулсан гэж манай талын худалдаачдад мэдэгддэг. Манай худалдаачид хэлсэн үнээр нь авахаас аргагүй.

Ингэж явсаар авлигын, мөнгө угаах сүлжээ нь томорсон.

- Манай талд бол одоогоор нам жим байна уу даа?

- Энэ хэрэгтэй манай хил гаалийнхан, дээшлээд эрх мэдэлтэй хүмүүс бүгд л холбоотой. Ийм бизнес хийх гэж л зориудаар хил гаалийн гацаа, халдвар ярьж, тээвэрчдийг шүүмжилсээр чингэлэг тээвэрт шилжүүлсэн шүү дээ. Үнэндээ хил гаалийн гацаа БНХАУ-ын талаас, цар тахлаас үүдэлтэй бий болчхоод байгаа юм биш.

Манайхны ашиг хонжоо хайсан хүмүүсийн хийсэн үйл ажиллагаа л өнөөдрийн хэмжээнд хүргэчхээд байгаа юм. Гэвч үүн дээр хариуцлага ярьж. дорвитой шийдвэрлэж байгаа явдал алга. БНХАУ-ын талд ийм мафи үүссэн гэдгийг манайхан хүлээн зөвшөөрч байгаа. Томоохон сайд дарга нар нь өөрсдөө ч “БНХАУ-ын энэ мафи, авлигын сүлжээг дийлэхгүй байна” гэж ярьсан байдаг гэв.

Чингэлэг тээвэртэй холбоотой БНХАУ-д үүссэн энэ хэрэгт манай талынхан ч холбоотой гэдгийг ярих хүмүүс олон байгаа юм. Хил гаалийн гацааг цар тахалтай холбон тайлбарладаг. БНХАУ-ын тал ийм тийм шаардлага тавьж байна. манайх шаардлагыг нь хангахгүй байгаа учраас хилээ нээхгүй байна гэх зүйлийг өнгөрсөн хугацаанд дээр доргүй ярьж ирсэн. Эцсийн дүнд Монгол Улсын бараа таваарын ихэнх нь орж ирдэг цор ганц том боомт дээр авлигын хэрэг дэлгэрч байсан хэрэг болж таарч байна.

Өнгөрсөн оноос бэлтгэл ажил гэж эхлүүлсэн чингэлэг тээврийг нэвтрүүлэхэд улсын төсвөөс хэдэн тэрбумаар хэмжигдэх зардал гаргаад байгаа. Өчигдрөөс "Эрээн хотын шуурхай штабаас тавдугаар сарын 18-нд гаргасан 103 тоот мэдэгдлээр тус өдрөөс эхлэн хөргүүргүй чингэлэгт тээвэрлэх боломжтой ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан гулдмай болон уул уурхайн бүтээгдэхүүний импортыг сэргээхээр болсон байна.

Мөн тавдугаар сарын 20-ны 104, 105 тоот мэдэгдлээр тус өдрөөс эхлэн Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савлагаатай үр тарианы импортыг сэргээх зөвшөөрөл гаргаж, холбогдох байгууллагуудад хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлтийг журмын дагуу хийх чиглэл өгсөн" гэх мэдээлэл цахим сайтуудаар цацагдаж эхэлж байна. Үүнээс харахад олон тэрбумаар эхлүүлсэн чингэлэг тээвэр ямар ч үр дүнгүй, хий хоосон төсвийн мөнгийг үрсэн, авлигын сүлжээг бий болгосон хэрэгсэл байв уу гэсэн хардлага үүсэж байгаа юм.