УИХ дахь АН-ын бүлгээс “Хүний эрхийг хумих хуулийн хулгайг таслан зогсооё” сэдэвт иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтөөр хүний эрхийг дордуулахуйц хэд хэдэн заалт орсон байна.

Энэ тухай АН- ын бүлгийн дарга хэлэхдээ “Хуулийн ганц, хоёрхон заалтад “мөрдөгч” гэдэг үг нэмсэн, багахан өөрчлөлт юм шиг хэрнээ Засгийн газраас өргөн бариад байгаа хуулийн төсөл хүний эрхийг дордуулахуйц болжээ. Одоогийн хуульд хүнийг заавал хорихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах, сургалтад хамруулах зэрэг заалт байдаг. Гэтэл зөвлөлт маягийн шоронжсон хууль руугаа буцах гэж байна. Уг хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн таныг, намайг ч дуртай үедээ баривчилж хорьдог болох нь. Гэвч цагдаа, хүчний байгууллагын албан тушаалтны дур зоргоор авирлахыг өөгшүүлсэн, салбарын лоббид автсан, дутуу дулимаг боловсруулсан хууль тогтоомжоос болж нэг ч гэсэн монгол хүний эрх зөрчигдөх ёсгүй. Үүний төлөө Ардчилсан нам, АН-ын бүлэг тууштай ажиллана” гэв.

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөл Г.Амарзаяа болон Монголын хүний эрхийн ТББ- уудын форумын төлөөлөл оролцож УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэв. Түүнчлэн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, МУИС- ийн докторант Д.Оросоо “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй хуулийн практик” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэт нэг талыг барьсан. Хэргийн зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр зөвхөн гомдол, өргөдөл гаргагчийн мэдээллээр ялладаг байдал хавтгайрсан. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд тараасан алдаатай мэдээллийг “худал мэдээлэл тараах” гэдэг зүйлчлэлээр шалгаж, шийтгэдэг гажуудал үүссэн” гэв.

Жилд 200 орчим хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгадаг ч ердөө арваад хүн шүүхээр хэргээ шийдвэрлүүлдэг байна. Үүний цаана хүний эрхийн маш том зөрчил байгаа талаар, Ерөнхий прокурор болон түүний орлогчийг томилох тухай хуулийн заалтад “прокурор” хүнийг томилно гэдэг үгийг өөрчилж Монгол Улсын иргэнийг томилно гэж өөрчлөн оруулж ирж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй ярилцав.

Тэд хуулийн хулгайг ил гаргаж ирж байгаад талархал илэрхийлж байлаа. Хэрэв мөрдөгч иргэдийг дураар дууддаг болчих юм бол монголчууд бүгд цахим гавтай болж, Монгол сүүлийн 30 жил байгаагүй шоронжсон улс болно гэв. Хүний эрхийг аажим аажмаар хумих ямар ч үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүйд санал нэгдэж, хуулийн төслөө буцааж авахыг шаардсан юм.

Энэ үеэр УИХ- ын дэд дарга С.Одонтуяа сүүлийн үед хүний эрүүл хоол хүнс хэрэглэх, амьд явах эрх зөрчигдөх болсонтой холбоотой хуулийн төсөл санаачилж өргөн барихаа илэрхийллээ.

 

 

Эх сурвалж: DNN.MN