ЭМЯ: Монгол Улсын хэмжээнд эхоны 1000 аппарат байдаг, бүгд л хавдар илрүүлдэг
2022/07/05
Өчигдөр /2022.07.04/ хошин урлагийн жүжигчид Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д хавдар эрт илрүүлэх ажилд дэм болох зорилгоор эхо аппарат хандивласан. Тэд аппарат авсан мөнгийг жүжигчин Ц.Ганбаярын элэгний хорт хавдрыг эмчлүүлэх зорилгоор цуглуулсан ч бид хавдарт ялагдаж, найзыгаа хүнд өвчнөөр алдлаа хэмээн арга хэмжээний үеэр мэдээлсэн.
Талийгаачийн хувьд оройтож оношлогдсон учир гадаадад ч эмчлэгдэх боломжгүй болсныг тэд мэдээлж, эрт илрүүлэг хамгийн чухал зүйл болохыг тайлбарлаж байлаа. Мөн энэ үеэр тухайн аппарат нь монголд ганцхан байдаг, жүжигчид бэлэглэснээр хоёр ширхэг боллоо. ХСҮТ хүлээж авсан даруйдаа эхний өвчтөний хавдрыг эрт үед нь оношилж, хавдрыг авлаа гэх мэдээлэл түгж, олонд хүрсэн.
Уг мэдээллийн хүрээнд олон шүүмжлэл өрнөж, Архангай аймгийн засаг дарга албаны том оврын машинаа зарж, энэ төрлийн аппарат авахаа мэдэгдээд байгаа.
Бид энэ төрлийн аппарат Монгол улсын хэмжээнд хоёрхон байдаг эсэхийг ЭМЯ-наас тодруулахад “200 сая төгрөгийн үнэ бүхий уг аппарат хүчин чадал, үзүүлэлт нь сүүлийн үеийнх гэдэг утгаараа тэгж ойлгогдоод байх шиг байна. Түүнээс биш бүх л эхоны аппарат хавдрыг аль нэг шатанд нь илрүүлдэг. Улсын хэмжээнд 1000 эхоны аппарат байдаг гэсэн судалгаа бий. Энэ талаар яамнаар удахгүй мэдээлэл өгнө” гэлээ.