Б.Чинбат: Наадмын нээлтээр Монгол эх орныхоо сайхан бүхнийг магтан дуулахаар ажиллаж байна
2022/07/07
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын Хуввсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлууд хийгдсээр байна. Бэлтгэл ажлын үеэр Үндэсний их баяр наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж буй МУУГЗ Б.Чинбаттай ярилцлаа.
- Сайхан зусаж байна уу? Таны хувьд гурав дахь жилдээ баяр наадмын хөгжмийн ерөнхий зохиолчоор ажиллаж байна. Өмнөх жилүүдийн баяр наадмын хөгжмөөс энэ жил юугаараа онцлогтой вэ?
-Сайхан зусаж байна. Та бүхэн сайхан зусаж байна уу, тиймээ энэ жил гурав дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн 2017 оны наадмаар найруулагч Н.Наранбаатартай хамтарч байсан, үнэхээр сайхан нээлт, хаалт болсон. Өнгөрсөн хоёр жилд цахимаар наадам зохион байгуулсан болохоор үзэгч түмэн маань их хүлээлттэй байгаа байх. Энэ жилийн тухайд эв нэгдэл, өв соёл, ёс заншил, монгол бахархлыг илүүтэй онцолж байгаа. Миний хувьд ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж байна. Туслах продюсероор “Minty” гэдэг залуу маань ажиллаж байгаа.
Найруулагч Н.Наранбаатарынхаа оюун санаа, авьяас билэг, бодсон төлөвлөснийг хөгжмөөрөө, дуугаараа илэрхийлэх гэж чармайж, мэрийж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бичих ажил дууссан, хөгжмийн тохиргоо нь дээрээ сууж байна.
-Хяналтын тоглолтын үеэр маш сайхан сонсголонтой дуу эгшиглэлээ. Энэ ямар нэртэй дуу вэ?
- Маш их баярлалаа. Яруу найрагч Д.Нямсүрэн гуайн хоёр шүлгийг найруулагч Н.Наранбаатар над руу өгсөн. Шүлгийг уншсан чинь ямар хөгжим бичих ёстой вэ гэдэг нь шууд толгойд буусан. Тодруулбал сайхан бүхнийг өгүүлсэн “Дөрвөн цаг” гэдэг шүлэг л дээ. Маш уран тансаг, яруу сайхнаар бичсэн байсан. Дахилтын хэсгийн шүлгийн ая хамгийн түрүүнд орж ирсэн.
“...Алаг нүдний нулимсны дусалд багтсан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан, мэлтэлзүүлэн байна уу даа
Аяа, амьдрах сайхан...” гэдэг хэсэг дээр шууд дахилт нь асгараад ороод ирсэн. Нэг ёсондоо дахилт нь түрүүлж бүтсэн. Энэ дууг энэ жилийн наадмын гол дуу гэхэд болно. Энэ дууг МУАЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Х.Лхагвасүрэн, дуучин И.Ч.Мишээл нар хамтарч дуулж байна.
Хөгжмийг Үндэсний найрал хөгжим, Улсын Филармонийн уран бүтээлчид хамтран тоглосон нилээдгүй олон хүний хөлс хөдөлмөр шингэсэн, том бүрэлдэхүүн ажиллаа. Ер нь бол сэтгэл бол сайхан байна.
Жүжигчдийнхээ дунд ороод явахад, наадмын нээлт хаалтад оролцож буй бүх хүмүүс бүгд амандаа аялаад явж байна. Тэгэхээр нь дуу маань хүнд хүрч эхэлж байна гэж бодогдсондоо. Одоо ард түмэндээ тайлагнаж шалгуулна даа /инээв/.
-Энэ дуу клип хийгдсэн үү?
-Клипны асуудал яригдсан. Найруулагч нар маань түрүүлээд лайваар олны сонорт хүргэе гэх санааг дэвшүүлсэн.
-Тулганы гал бадраах ёслолын үеийн хөгжмийг анх удаа бичжээ. Тэр хөгжим ард иргэдэд баяр, бахдал сайхан сэтгэгдэл төрүүлэх байх?
-Тиймээ. Хамгийн их толгой ажиллаж, сэтгэл зүрхээ гаргаж бичсэн хөгжим бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тулганы гал бадраах ёслолын хэсэг дээрх хөгжим байлаа. Энэ хөгжим эгшиглэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч маань түмэн олныхоо галыг бадраах нь ээ.
Би үүнд маш их баяртай байгаа. Тус хөгжмийг Улсын филармонийн хамт олон тоглосон. Тэр богино хөгжим дотор л Монгол төр, төрт ёс, Монгол орон гэдгийг тэр богино хугацааны хэдхэн нот дотор илэрхийлэх маш хэцүү байсан. Үүнийг хийхээс өөр аргагүй, хийсэн. Одоо бүгдээрээ тулганы галыг бадраах ёслолын үеэр тэр хөгжмийг анх удаагаа сонсох болно. Мэдээж цаашдаа олон арван жил эгшиглэх нь дамжиггүй юм. Тэр сэтгэл догдлуулсан гоё мөч байх болно гэж итгэж, найдаж байна.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Зочин · 2022/07/08
Зөв сайн байна.
Зочин · 2022/07/07
Мишээл гэдэг шавийгаа гавъяатуудын дунд шургуулж чадсан байх нь