АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал хойшлогдлоо
2022/08/01
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн үзсэн тул Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тус хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч шүүх хуралд оролцогчид хүсэлт гаргасны улмаас хойшилжээ.
Тодруулбал, хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “...Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг мөн улсын яллагчаас “...Шүүх хуралдаанд хохирогч Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах...” тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.