Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болно. Наадмын хөтөлбөрийг хүргэж байна. 

 

Даншиг наадмыг 1639 оноос Монголд хийж эхэлсэн байдаг. Цамын тухайд 1811 оны төмөр хонин жил дөрөвдүгээр Далай ламын үеэс Даншиг наадамтай хамтатган тэмдэглэж ирсэн. Түүнээс хойш Агваанхайдав ламтны зохиосон цамын дэг, хувцас тодорхой болсон юм. Бусад цам дэлгэрсэн улсуудаас Монголын хүрээ цам юугаараа ялгаатай вэ гэхээр Дамдинчойжил бурханыг сахиусыг голлосон онцлогтой. Цам цамлаачид нь Ямандарын бясалгал, бүтээлийг хийсэн хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс нь бурханы шашны бага таван ухааны нэг болох бүжиглэхүйн ухааныг эзэмшсэн хүмүүс юм. Цам нь гадаад дотоодын түйтгэрийг дарах, хар зүгийн лус савдаг тэргүүтнийг амирлуулах, хүмүүн бусын хорлолоос хол байлгах, дотоод түйтгэр болох хорт муу сэтгэл, нисванисыг дарах ач тустай.