Найр наадам хэсэж яваа монголчууд ирэх өвлийг өнтэй давж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эдийн засаг, дэд бүтцийн асуудлуудаас болоод монголчууд нийтээр онд орж чадахгүй байж ч мэдэх нь. Учир нь эдийн засагчид оны эцсээр иргэд өлсгөлөнөд нэрвэгдэж, он гармагц ядуурал улам бүр нэмэгдэнэ  гэх тайлбарыг өгчээ.
 
Тухайлбал, эдийн засагч Д.Ангар “Энэ оны эцсээр иргэдийн хувьд өлсгөлөн бий болох эрсдэлтэй хэмээн харж байгаа. Манай улсад өлсгөлөн ер байгаагүй. Социалист болон ардчиллын цаг хугацаанд ч өлсгөлөн байгаагүй. Харин ядуурал байсан. Гэсэн ч энэ жилийн хувьд өлсгөлөн бий болох аюул нүүрлээд байгаа юм.
 
Шалтгаан нь инфляцтай холбоотой. Статистик мэдээллээр инфляцийг 15 хувь хэмээн мэдээлж байгаа. Гэтэл бодит инфляц 30-35 хувь байгаа болов уу гэсэн төсөөлөл байна. Иргэдийн орлогын эх үүсвэр хэвээр байгаа. Ялангуяа тэтгэвэр, нийгмийн халамж, бага цалинтай амьдарч буй хүмүүсийн цалин орлого хэвээрээ байгаа атал хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний үнэ 30-40 хувиар өсөхөөр хүнсний суурь хэрэгцээгээ санхүүжүүлж чадахаа больж байгаа юм. Тиймээс миний зүгээс энэ оны эцсээр Монгол Улсад өлсгөлөн бий болно хэмээн харж байна.
 
Хоёрдугаарт, ирэх он буюу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Өмнө нь ипотекийн зээлээ төлнө гэдэг нь иргэдийн амьдралын дадал, зуршил болсн үйлдэл байлаа. Цалингийнхаа тодорхой хэсгийг зээлдээ өгч, үлдсэн мөнгөө амьдралд шаардлагатай зүйлсэд зарцуулдаг байсан. Харин одоо бол ипотекийн зээлийн төлөлтөд өгч байсан мөнгө үнийн өсөлтөд зарцуулагддаг болоод байгаа юм. Тэгэхээр ирэх жилээс банкууд иргэдийг ипотекийн зээлээ төлөхийг шаардана. Энэ нь банкны системд ихээхэн чичиргээ үүсгэнэ хэмээн таамаглаж байна.” гэжээ.
 
Бүр цаашлаад тэр “Миний харж байгаагаар хоёр хүн тутмын нэг нь ядуу болно хэмээн таамаглаж байгаа. Ядуу хэсгийн зарим нь өлсгөлөнд нэрвэгдэнэ л гэж үзэж байна. Эдийн засаг руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол нийгмийн хүн амын 50-иас дээш хувь нь ядууралд өртөх юм” гэсэн байна.
 
Гол шалтгаан нь нүүрсний экспорттой холбоотой. Гаднын улс, орнуудын хувьд ганц уул уурхай бус хөдөө аж ахуйдаа, боловсрол, шинжлэх ухааны салбар гээд бүгдийг зэрэг хөгжүүлж, эдийн засгаа авч явдаг.
 
Харин манайх эсрэгээрээ дан ганц нүүрсний экспорт. Тэгээд мөн л ганц худалдан авагчтай. Тэр нь урд хөрш. БНХАУ хилээ хаалаа бол монголчууд сандардаг зарчимтай болчихсон.
 
Дахиад дээрээс нь Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженернь “иргэдийг айлгаагүй лаа, газан плитка бэлдэцгээ” гээд хэлчихсэн. Товчхондоо өвөл дулаан болон цахигаангүй болно гэчихсэн.
 
Тэгэхээр эрчим хүчний хэрэглээгээ хоёр хөршөөсөө авч бүрэн хангадаг манайхны хувьд яалт ч үгүй өвлийг өнтэй давна гэдэг ойлголт үгүй болчих гээд байна. Харамсалтай нь энэ цаг үед эрхэм Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газар яг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ ч тодорхойлоогүй аймаг, бүсийн наадам хэсэж яваа нь иргэдээ гэх сэтгэлгүйг нь бататгаад байна.

ErenNews.mn
Б.Төгөлдөр