Халамж хүсэгчдээр хүнсийг нь бэлтгүүлээч

Засгийн газраас ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулах шийдвэр гаргасан. Тодруулбал, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авна.
 
Дөнгөж өчигдөр л гэхэд мөн л ирэх долоо хоногт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Боловсролын яам хамтран энэ жилийн ургац хураалтын шинэчилсэн журмыг танилцуулах гэнэ.
 
Мэдээж сайн дурын үндсэн дээр ургац хураалтад оролцоно гэж байгаа ч оюутнуудын хувьд кредит оноотой нь дүйцүүлэх тухай ч яригдсан.
 
Энэ тухайд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Тодруулбал, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд бүгд хувийн хэвшлийнх байхад яагаад татвар төлөгчдийн мөнгөөр “тэжээгддэг” цэрэг, армийг оролцуулах гэж, хувийн мөнгөө төлж сурч байгаа оюутнуудыг ургац хураалтад ашиглаж, кредит цаг нөхүүлэх нь зохисгүй гэхчлэн бухимдаж байна. Мэдээж Засгийн газрын зүгээс энэ үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр зохион байгуулна гэж байгаа. Гэхдээ асуудлыг зохицуулах боломж манай улсад хангалттай бий.
 
Ердөө ганцхан жилийн өмнө буюу 2021 оны долоодугаар сард амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрхөд хүнс тэжээлийн нэмэгдлийг олгодог байтал хувийн сууцтай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-гаас дээш малтай иргэд хүнсний талон авч байсан нь ил болсон. Ингэснээр тухайн үед 900 гаруй архийн 5525 иргэн хүнсний талоноос хасагдаж байв. Бүр зарим сум гэнэтхэн хүнсний талонд хамрагдсан өрхгүй боллoо хэмээн зарлан тунхаглаж байсан. Халамжийн тогтолцоог хавтгайрууллаа гэх шүүмжлэлийн үр дүнд Хүнс тэжээлийн нэмэгдэл олгох журмыг тодорхой хэмжээгээр өөрчилсөн.
 
Тухайлбал, хоёр жилийн хугацаанд хүнс тэжээлийн дэмжлэг олгоно. Талонд хамрагдсан өрхөөс хөдөлмөр эрхоэх боломжтой хөдөлмөрийн насны хүмүүсийг хөдөлмөрт сургана. Амьжиргааг нь дээшлүүлэхийн тулд эхлээд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр мэргэшүүлж сургах, хүнсний дэмжлэг авч буй иргэн жилд хоёр удаа олон нийтийн ажилд оролцох ёстой зэргийг ч тусгана хэмээн салбарын сайд нь хэлж байсан. Тэгэхээр монголчууд бидэнд ажиллах хүч олдохгүйдээ бус арга эвээ олохгүй попроод байгаа юм биш үү гэх тодорхойлолт илүү ойртоод байна. Товчхондоо, төрөөс халамж хүртэж байгаа бол тодорхой хэмжээгээр олон нийтийн ажилд оролцох, нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх зэргийг үүрэг болгож өгөх ёстой баймаар байна. Тэгж байж халамжаа хүрт. Угаас монголчууд гар хөдөлбөл ам тосдоно гэдэг.
 
Аймаг, сум, дүүрэг, баг хороодод бүртгэлтэй ажилгүй иргэд хийгээд халамж авагчдын бүртгэлээ сэргээн харж хөдөлмөрийн насныхныг нь хүнсний ногоогоо хураах их ажилд ч болов “заран дуудах” ёстой юм биш үү.
 

ErenNews.mn

Б.Төгөлдөр